Монголын улс төрийн намуудын түүхэнд анх удаа АН даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулж, сонголоо. АН-ын 85 мянган гишүүн энэхүү сонгуульд оролцож, олонхи нь С.Эрдэнийн төлөө саналаа өгснөөр шинэ дарга тодорлоо. Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Д.Эрдэнэбат үзүүлэх болов уу гэж олон хүн харж байсан ч тийм зүйл болсонгүй.
Санал авсан үзүүлэлтээрээ Н.Алтанхуяг хоёр, Л.Гантөмөр гурав, Ж.Батзандан дөрөвдүгээрт жагссан юм. Мэдээж сонгууль болгоны дараа янз бүрийн л асуудал үүсч, хэл ам дагуулдаг. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх, янз бүрийн бичиг сачиг шидэлцэх нь гэм биш зан. Түүнийг нь АН-ын даргын сонгууль тойрсонгүй. Сонгуулийн дүн нэгэнт тодорхой болж, С.Эрдэнэ ялсны дараа зарим нэр дэвшигчид эсэргүүцнэ энэ тэр гээд л гүйлдсэн. Тэр нь сүүлдээ тохироо хийснээр өндөрлөв бололтой, өчигдөр тэр талаар л баахан таамаг явлаа. За тэр ч яахав, нэгэнт асуудал шийдэгдсэн. С.Эрдэнэ намын дарга боллоо. Одоо АН яах вэ гэдэг л байна.
АН-ыг зангидаж чадах жинхэнэ менежер
Мэдээж аливаа зүйлд хоёр тал бий. Хүнд ч гэсэн сайн, муу хоёр тал бий шүү дээ. Тэгвэл сайнаас нь эхэлье. С.Эрдэнэ гишүүн бол сайн менежер юм гэдэг нь сүүлийн хэдэн жил Баянголоос дараалан сонгогдож байгаагаас харагдана. Дээрээс нь Баянгол дахь нөлөөллөө нэмэгдүүлж чадсан, тэнд байр сууриа нэгэнт олсон хүн. Хүмүүс Баянгол дүүрэг С.Эрдэнийнх боллоо, Эрдэнэ Вантан энэ тэр гээд л муугаар хэлээд байдаг.
Гэтэл түүн шиг тойргоо тойглож, сонгогчдынхоо итгэлийг олж авсан хүн АН-д байгаа бил үү. Сая 2016 оны сонгуулиар найдвартай гарна, дархлагдсан гэж байсан хүмүүс унасан. Хөдөөгийн тойргуудад АН-аас найдвартай сонгогдох хүн цөөнгүй байгаа гэгдэж байсан. Гэтэл яав, өвдөг шороодоо биз дээ. Улаанбаатар хотод ч гэсэн тэр дүүргээс энэ хүн гарна гэж байсан ч чадаагүй. Харин С.Эрдэнэ гишүүн Баянголоос найдвартай гарсан. Тэр ч битгий хэл орон нутгийн сонгуулиар Баянголд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Хэрвээ Баянголд АН ялбал УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг дүүргийн Засаг даргаар томилно гэсэн шийдвэр гаргасан менежент нь сонгуульд ялахад багагүй хөшүүрэг болсон ч гэж дүгнэж болохоор. Ийм менежменттэй хүн АН-д түүнийгээ хэрэглээд, зохицуулаад, өөд нь татах боломж байгаа.
Тэгээд ч С.Эрдэнэ бол шат шатанд ажиллаж, хэдэнтэй гишүүнээр сонгогдож, салбарын сайд хийж явсан хүн. Намба, зангараг, чадвар, менежмент гээд бүхий л чадвар энэ хүнд байна. Фракцийн хагарлаасаа болоод замаа алдчихсан, сөнөх дээрээ тулчихаад байгаа АН-ыг аврах арга тэр хүний толгойд байгаа нь тодорхой. Нөгөө талаар С.Эрдэнийг АН-ынхны ихэнх нь дэмжиж байгаа юм билээ. Тийм болохоор урагшаа ахих боломж байгаа. Энэ онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр сонгуулиас эхлээд л С.Эрдэнэ даргын ямархуу менежменттэй, зөв пиартай оролцож чадах нь харагдах учиртай.
Нөгөө талаар АН нэгэнт намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгохоор болоод, шийдээд, тэр ажлынхаа ард гарчихлаа. Таван хүн өрсөлдсөний нэг нь сонгогдлоо. Одоо олон таван үг яриад, элдэв хоёр болоод байх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй Монголын улс төрд байгаа хоёр том хүчний нэг нь. Энэ нам ямархуу хэмжээнд ажиллаж, бодлого зорилгоо тодорхойлж, зөв замаар явж гэмээнэ Монгол Улсад л хэрэгтэй.
Тийм болохоор ялсан, ялагдсан гээд ялархаад, гомдоод суулгүй нэгдэж ажиллах цаг болсон. Хэрэв тэгж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуулиар АН хөөрхий болно. Гишүүд нь дахиад дөрвөн жил “лааз өшиглөх” болох байх. Ингээд л улс төрийн тоглоомноос хэсэгтээ арчигдах гээд байна. Тийм болохоор нэгэнт сонгогдсон даргынхаа мэдлэг, чадвар, менежментэд найдаад, хамтраад, нэг зүг хараад зүтгэх хэрэгтэй. С.Эрдэнэ гишүүн Баянголын АН-ыг зангидаж чадсан хүн тэр зарчмаараа нийт намаа нэгтгэж, өөд нь татаж чадах нь гарцаагүй.
АН хагарч, бутрахад амархан байна
Одоо нөгөө талаас нь хараад үзье. С.Эрдэнэ гишүүнд нэг сул тал бий. Тэр нь намын жирийн гишүүд дэмжигчдийн дунд жаахан нэр хүнд муутай гэгддэг. Дээрээс нь түүнтэй холбоотой элдэв шалдав яриа, хар пиар дагуулдаг хэл амыг ярьвал бөөн л юм бий. Ер нь бол сая мань хүн мөнгө тараасан, өөрсдийнхөө дэмжигчдийг намын шинэчилсэн бүртгэлд илүүтэй бүртгүүлсэн гэх мэт хэл аманд ч орооцолдоод байгаа юм. Яахав, өөрөө бол тэр болгоныг үгүйсгэсэн.
Түүний эсрэг зохион байгуулалттай явуулга ч гэж хэлнэ билээ. Магадгүй тийм ч байх, үгүй ч биз. Дээрээс нь түүнийг намын даргын сонгуульд ялалт байгууллаа гэдэг нь тодорхой болоход өмнөх дарга З.Энхболд цэцэг барьж гүйж очсон. Өчигдөр МАН-ын дарга М.Энхболд хадаг, мөнгөн аягатай барьж, сүрхий хүндлэл үзүүлсэн нь ч гэсэн элдэв яриан дээр тос асгачихаад байна. Тийм болохоор АН эвлэрэх биш харин ч бутарч магадгүй байдал руу оруулж байгаа юм.
Ер нь бол АН 4-5 цуурсан “шаазан” байсан шүү дээ. Тэгвэл одоо тэр олон цууралтын нэг хэсгээр нь хагарчихаж магадгүй юм. Зарим хүмүүс АН-ын зарим гишүүд намаасаа гарч, шинэ нам байгуулж магадгүй нь. Эсвэл өөр намд ч орж болох. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулиар хэд хэдэн хүн үзэх магадлал өндөр болчихлоо гэж дүгнээд байна. Нэг талдаа үүнийг үгүйсгэх арга байхгүй. Цаагуураа С.Эрдэнэ намын дарга болохыг хүлээн зөвшөөрч, сэм тохирч, нам хуйвалдсан байж болно.
Гэтэл наагуур нь бас намаасаа гараад явчих, уур ундуйцал нь хүрчихсэн хүмүүс байгаа. Ер нь л бутарчихаж магадгүй шүү дээ. Тийм болохоор цуурчихсан намаа жаахан болгоомжтой авч явж, алдаад хагалчихгүйн төлөө л ажиллах шаардлага шинэ даргад тулгараад байна. Ер нь жаахан бөөцийлөл, зөв менежмент л хэрэгтэй байна даа. Ямар ч байсан эхний ээлжинд Ж.Батзандан гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар тавихаар тохирсон гэсэн явган яриа гарч эхэллээ.
Яахав дээ, тавьж л байг. Одоо Л.Гантөмөрийг генсекээр тавиад, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлчих хэрэгтэй байгаа юм. Д.Эрдэнэбат гишүүн яах вэ, тэртээ тэргүй хоёрын хооронд юм яриад, гон гон хийгээд явахгүй хүн. Гэхдээ тэр хүний нэр хүнд, ноён нурууг бас ашиглах л хэрэгтэй. Ер нь АН-д хэрэггүй хүн байхгүй, бүгд л эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж, нийтээрээ л урагшлах ёстой. Тэр замыг нь дарга нь засч, чиглүүлэх л хэрэгтэй байна. Тэгэхгүй бол АН гэдэг “шаазан” бут үсэрчих вий дээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.