Ч.Содномцэрэн: Гурван нэр дэвшигчийг жагсаалтаас хасах хүсэлт ирсэн

Ч.Содномцэрэн: Гурван нэр дэвшигчийг жагсаалтаас хасах хүсэлт ирсэн

Монгол Улсын их хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц болон явц 17:00 цагийн байдлаар  ямар байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зарим санал хураах байруудад саналын хуудас дутсан талаар мэдээлэл байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Ийм мэдээллийг бид зарим аймгуудаас хүлээн авсан. Улмаар Сонгуулийн Ерөнхий хороо яаралтай хуралдаж, аймаг сумдын сонгуулийн хороодод тогтоол гарган хүргүүлсэн. Улсын бүртгэл стратегийн ерөнхий газраас СЕХ-нд 1 912 901 сонгогч  байна гэсэн мэдээллийг ирүүлсэн. 1 912 901 сонгогчийн саналын хуудсыг хэвлэж, тойргуудад хүргүүлсэн. Гэтэл Улсын бүртгэл статистикийн газраас 84 мянган сонгогчид “түр хасав” тэмдэглэгээ хийсэн байна. Мөн 18 мянган сонгогч шилжилт хийлгэсэн. Ингээд нийтдээ 100 гаруй мянган сонгогчийн асуудал байна. Тэд манай саналын хуудасны тоонд ороогүй. Улмаар хэд хэдэн аймгаас саналын хуудас дутаж магадгүй байна гэсэн хүсэлт манай хороонд ирсэн. Зарим хэсэгт 10, заримд нь 25, 30 гэсэн тоо ирсэн. Энэ асуудалд СЕХ яаралтай арга хэмжээ авч, саналын хуудсыг хэвлэж, дутагдсан газарт нь хүргэх ажлыг аймаг сумдын сонгуулийн хороод зохион байгуулж байна. Дөнгөж сая авсан мэдээллээр сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байна гэх мэдээллийг ирүүлсэн байгаа.

-Саяхан АН-ын генсек хэвлэлийн хурал хийж, МАН-ын нэр бүхий нэр дэвшигчдийн нэрийг хасах асуудал яригдсан. Энэ асуудлаар танай хороонд хүсэлт ирсэн үү?

-Нэр бүхий гурван нэр дэвшигчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хүсэлт, гомдол  Сонгуулийн Ерөнхий хороонд ирсэн. Гурвууланг нь өнөөдрийн хурлаар авч хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Нэгдүгээрт, 28 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч М.Оюунсайхан сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ сонгуулийн хуулийг зөрчсөн гэж шүүхээс тогтоосон. Өөрөө давж заалдахгүй гэдгээ илэрхийлж, торгуулийн мөнгөө төлсөн гэдгээ мэдэгдсэн байгаа. Тиймээс СЕХ М.Оюунсайханыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, МАН-аас 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Болорчулууны талаар сурталчилгааны үеэр самбар байрлуулахгүй газарт самбар байрлуулсан гэсэн  гомдол ирсэн. Улмаар Дорнод аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн зургадугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон байсан. Шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд хүчин төгөлдөр болоогүй тул нэр дэвшигчийн зүгээс давж заалдана гэдгээ илэрхийлсэн. Тиймээс энэ асуудлыг хойшлуулсан байгаа. Гуравдугаарт, 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын туслах Н.Энхзаяа нь сонгуулийн тухай хуулийн 70 дахь заалтыг зөрчиж мөнгө тараахын хориглох заалтыг зөрчсөн. Энэ нь Баянзүрх дүүргийн шүүхийн зургадугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр тогтоогдсон. Оюунхоролын туслах Н.Энхзаяагаас СЕХ-нд хүсэлт ирүүлсэн байгаа. Шүүхийн шийдвэрээ гар дээрээ аваагүй, давж заалдана гэсэн гомдол ирүүлсэн. Тиймээс энэ асуудлыг хойшлуулсан.

-Сонгогчид саналаа өгч байгаа. Тэгэхээр эдгээр нэр дэвшигчдийн нэр саналын хуудаст бичээстэй, сонгогчид саналаа өгсөөр байгаа гэж ойлгож болох уу?

-Одоогоор саналын хуудаст нэр нь бичигдсэн, нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдаагүй байгаа тул иргэд саналаа өгдөгөөрөө өгч, тоологдоно.

-Сонгогдсон тохиолдолд яах вэ?

-Сонгогдсон тохиолдолд нэр дэвшигчийг хасах үндэслэл байгаа.

-Өмнөх сонгуультай харьцуулахад энэ үеийн сонгуулийн ирц ямар байна?

-Өмнөх сонгуультай харьцуулахад энэ цаг мөчийн сонгуулийн ирц сайн байна.

-Бөглөсөн саналын хуудас уншуулж байна гэсэн мэдээлэл байсан. Ийм боломж байгаа юм уу?

-Ямар ч боломжгүй. Саналын хуудас тус бүр өөрийн гэсэн бар кодтой. Зэргэлдээ сумын саналын хуудсыг нөгөө сумын машин уншихгүй. Зэргэлдээ хэсгийн саналын хуудсыг нөгөө хэсэг нь уншихгүй. Тэр байтугай мм-ээс дотогш хэмжээний зөрүүтэй, бүртгэлгүй саналын хуудсыг ч уншихгүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.