УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа эд өрнөж байгаа энэ үед МАН болон АН-ын Сонгуулийн штабаас ээлж дараалан мэдээлэл хийсээр байна. Дөнгөж сая МАН-ын Сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Су.Батболд тэргүүтэй албан хүмүүс дахин мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид хувьчилсан шийдвэрийг “Монголын ард түмэнд өмчийг нь буцааж өглөө. Энэ нь зөв зүйтэй шийдвэр болсон гэх мэдээллийг олон удаа давтан гаргаж байна. Тийм учраас энэ асуудал дээр МАН-аас дахин байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй боллоо.
МАН монголчуудын өмч болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч байх ёстой гэсэн хатуу байр суурийг баримталж байна. Монголын ард түмний өмчийг хоёрхон жилийн өмнө байгуулагдсан, хэн ч мэдэхгүй, 28-хан настай залуу удирдаж байгаа “Монголын зэс” хэмээх компанид хувьчилсныг бид эсэргүүцэж байгаа. Энэ 49 хувийг Монголын ард түмэн эзэмшиж, жинхэнэ эзэн нь болох ёстой. Ямар ч утгаар үүнийг зөвтгөх бололцоо байхгүй.
Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар УИХ-д мэдэгдэж, Их хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргах ёстой байсан. Гэвч АН-ын дарга нь сонгуулийн санал хураах явцад энэ асуудлыг өөхшүүлсэн мэдэгдэл хийлээ. Монголын ард түмэнд өмч нь ирлээ гэсэн маягаар тархи угаалт хийж байгаа учраас МАН-аас хүчтэй эсэргүүцэж байна гэдгийг хэлмээр байна.
АН залуучуудыг хууль бус үйлдэлдээ татан оролцуулж, олон “Дэнзэн”-гүүдийг төрүүлж байгааг МАН эсэргүүцэж байна. “Эрдэнэт” үйлдвэр Монголын ард түмний өмч байх ёстой. Засгийн газар бэлнээр тарааж байгаа мөнгөөрөө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авч, ард түмний өмч болгох ёстой байсан. Харамсалтай нь ийм алхам хийсэнгүй гэдэг дээр олон нийт ихэд бухимдаж байгааг энд хэлмээр байна.
МАН “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан булхайтай явдалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хандана. Энэ шийдвэрийг зөв талд нь гаргахын төлөө шийдвэртэй алхам хийнэ.
Хоёрдугаарт, өнөөдөр Монголын ард түмэн дөрвөн жилд нэг удаа эрх барих эрхээ эдэлж байгаа ийм өдөр. Харамсалтай нь СЕХ-ны хариуцлагагүй байдлаас болж сонгогчид саналаа өгч чадахгүй байдалд хүрээд байна. Тухайлбал, Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн сонгогчид санал хураах байранд очоод, 1-2 цаг хүлээж байгаа. Цаашлаад санал өгөх хуудас дууссан гэх шалтгаанаар саналыг нь өгүүлэхгүй байгаа талаар гомдол ирж байна. Энэ бол сонгогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж МАН-ын зүгээс үзэж байгаагаа илэрхийлье. СЕХ өөрийнхөө үүргийг хангалттай биелүүлээгүй. Аймаг, орон нутагт саналын хуудсыг хангалттай хүргүүлээгүйгээс бий болсон ноцтой нөхцөл байдал. Энэ байдал магадгүй сонгуулийг хүчин төгөлдөр бус болгох нөхцөлд хүрч болзошгүй.
Сонгуулийн хуулийн 84 дүгээр зүйлийн 10 дахь заалтад “Сонгуулийн хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд. Аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна. 84.11-т тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага батлан хэвлүүлнэ. 84.14-т “Баталсан загвараас өөр шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал өгөхийг хориглоно” гэж заасан байгаа. Гэтэл дөнгөж түрүүхэн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийхдээ дутсан саналын хуудсыг хувилж санал өгүүлэх, явуулын хайрцгаар санал авах журам баталлаа гэсэн. Энэ бол сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа зүйл. Үүнээс үүдэн бий болсон үр дагаварыг СЕХ хүлээнэ гэдгийг МАН-ын сонгуулийн штабаас хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн ярилаа.