“Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдэд хямд нүүрс зарсан. Амьдрал ахуйгаа өөд нь татах гэж зүтгэж байгаа энгийн иргэдийн хувьд шуудай нүүрсний үнэ ганц, хоёр зуун төгрөгөөр буурах том нэмэр байлгүй яахав. Уг нь иргэдэд хэрэгтэй л хөтөлбөр байсан. Гэтэл тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гоочилж эхэлсэн эрх мэдэлтнүүд хоморгонд нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг барьж, яллаж, хорьсон. “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх хэрэг тулгаад л, 3.6 жилийн ял оноочихож байгаа юм. Хөөрхий, нүүрс хямдруулсныхаа төлөө хоригдсон түүхэн дэх эхний бөгөөд сүүлчийн хүн байх.
За тэр яахав, нэгэнт ял авсан л биз. Харин түүнийг магадлангаар суллах хугацаа хэтэрчихээд байхад үргэлжлүүлэн хорьсоор байгаа юм. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлсэн. Ер нь хуулийнхаа дагуу хүндэвтэр ялтай хүмүүс хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргалгүй, учруулсан хохирлоо барагдуулж, оноосон ялын хоёрны нэгийг биечлэн эдэлсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө суллагдах эрхтэй юм билээ. Л.Гансүхийн хувьд хохирлоо барагдуулж, оноосон ялын хоёрны нэгийг биечлэн эдэлсэн гээд бүхий л хуулийн шаардлагыг биелүүлсэн юм билээ. Гэтэл одоо болтол суллахгүй “мартаад” байгаа аж.
Хамгийн ноцтой нь прокуророос ялтны материалыг хорих анги руу буцаагаад байгаа юм билээ. Хуулийнхаа дагуу бол прокурорт тийм эрх байхгүй, цааш нь шүүх рүү дамжуулах ёстой гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлсэн. Мөн Л.Гансүхтэй хамт хоригдсон олон хүн магадлангаар суллагдсан гээд байгаа. Гэтэл түүнийг л суллахгүй гүрийлгээд байгаа аж. Яахав, хуулийнхан ямар нэг тайлбар хэлээд л өнгөрөх байх. Тэдэнд барих нэг “үзүүр” байгаа болохоор магадлангаар суллахгүй суулгаад байж болох юм.
Нөгөө талаар улс төр бас ороод байгаа юм биш биз дээ. Угаасаа энэ хэрэгт эхнээсээ л улс төр шингэсэн. Н.Алтанхуягийг намнах зорилготой байсан хэмээн олон хүн харддаг. Шүүх хурал нээлттэй болж, телевизээр дамжуулахад “Нүүрс” хөтөлбөрийн нягтлан бодогч гэх эмэгтэй улсын яллагч нарыг яаж шараа болгосон билээ. Сүүлд нь улсыг хүртэл шүүхэд өгөөд, яаж хиймлээр хүнийг буруутгасан бэ гэдгийг хангалттай нотолсон. Тэгвэл тэр улс төр нь одоо болтол үргэлжлээд байгаа ч юм бил үү гэж бодохоор байна. Ер нь бол өмгөөлөгч Ц.Баасандорж асуудал Төв аймгийн прокурорт байна уу, эсвэл өөр хүн нөлөөлөв үү гэдгийг тодруулах талаар бас ярьсан байсан. Энэ хүн ч ямар нэг нөлөөлөл байгаа гэж бодоод байна.
Харин чухам хэн нөлөөлөв. Л.Гансүхийн өөрийнх нь биеийн байдал жаахан муу байгаа юм билээ. Дээрээс нь бас эхнэр нь хорт хавдар туссан гэсэн. Тэрбээр хурдхан гарч, эхнэрээ асрахаар яарч байгаа гэдгээ захидлаараа дамжуулж мэдэгдсэн байсан. Одоо үнэхээр нөлөөлөөд, улстөржөөд байгаа хүн байвал жаахан өрөвдөж, энэрч, хайрламаар юм. Н.Алтанхуяг гэдэг хүн одоо нэг их өндийгөөд, дээшлээд, эрх мэдэлд хүрчихсэн юм алга. АН-ын дарга ч болоогүй, УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй. Одоохондоо жирийн иргэн л байна. Сайндаа л фракцийнх нь хэдэн хүн л түүнийг хүрээлж байгаа байх. Мэдээж улс төрд хутгалдах нь тодорхой. Гэхдээ ойрын хэдэн жилдээ тэгтлээ их орооцолдох юм байхгүй.
Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж дайрч магадгүй, тэгэхээр нь Л.Гансүхийг түүнийг буулгаж авахад ашиглая л гэж санаагүй бол шүү дээ. Өөрөөр одоо Л.Гансүхээр барьцаа хийгээд, амьдрал ахуйгаар нь туг тахих гээд байх шаардлага баймгүй санагдах юм. Тийм болохоор одоо магадланд орсоныг нь, ялын хугацаа нь дуусч байгааг мартаад байлгүй, суллачихмаар юм биш үү дээ, энэ чинь. Харин үнэхээр санаатай “мартаад” байвал одоо яалтай билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.