Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд олон үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, эрүүл мэндийн салбар болон байгаль орчны салбарт олон шийдвэр гарч, хэрэгжиж эхлэв. Мөн Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын аян санаачилж, иргэдээс цугласан хандиваар улсын өрийг төлөх тухай мэдээлэл цацагдав. Үүнээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэргээр Улсын дээд шүүхээс 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа хэтэрсэн талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийсэн юм. Тиймээс энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаараа дээр үйл явдлын хүрээнд хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
А.Цогцэцэг: Улсын эмнэлгүүд хоёр ээлжээр 20:00 цаг хүртэл ажиллана
/Эрүүл мэндийн сайд/
Энэ сарын 01-ээс эмнэлгүүд хоёр ээлжээр ажиллах сайдын тушаал гарсан билээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20:00 цаг хүртэл, зуны улиралд 21:00 цаг хүртэл, Бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлээд байна. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир тус эмнэлэгт энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн ачаалалтай холбогдуулан эмнэлэг хоёр ээлжээр ажиллаж байгаа нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй гэж ойлгож болно. Нэг эмчид ногдох үзлэгийн цаг гэж байдаг. Стандартаар бол нэг хүнийг 20 минутад үзэх ёстой.
Энэ хугацаанд эмч тухайн иргэний өвчтөний түүхийг маш сайн уншиж, өмнөх лабораторийн шинжилгээнүүдийг нь харьцуулах зэргээр анализ хийдэг. Гэтэл өнөөдөр манай эмч нар оочер дугаарлалтад хавчигдаад өвчтөнийг богино хугацаанд хурдан үзэх болчихоод байна. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нөгөөтэйгүүр эрсдлийг бий болгох магадлалтай тул уг шийдвэрийг гаргаж байна. Ингэхээр иргэд энэ сарын 01-ээс эхлэн оройн 20:00 цаг хүртэл дээрх дөрвөн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Харин иргэд цаг авч авсан цагтаа ирж үзүүлэх нь зүйтэй.
Мөн дээрх таван эмнэлэгт 40 их эмч, 203 сувилагч нэмж ажиллуулахаар ЭМС-н А/48 тоот тушаал гарлаа. Сайдын багцаас эмч нарын цалингийн асуудлыг шийдвэрлээд байна. Энэ хэмжээгээр ажлын байр бий болсон гэж ойлгож болно. Лабораториудын тухайд дүрс оношилгоо, рентген, эхо, компьютер, имрай, лабораториуд бүгд ээлжээ дагаад 20:00 цаг хүртэл ажиллана. Энэ бол байнга хэрэгжих шийдвэр. Өвчлөл багасаад үзүүлэх хүний тоо буурсан тохиолдолд шийдвэрийг эргэж харахад болохгүй гэх зүйлгүй. Тухайн үед нь өөрчилж болно” хэмээсэн юм.
Д.Оюунхорол: Байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор бид утаанаасаа салж чадна
/Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/
Иргэд өөрсдийн эзэмшлийн приус машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. “Цэвэр агаар-иргэн миний үүрэг оролцоо” сэдэвт төслийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран хэрэгжүүлж байгаа юм.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “БОАЖЯ-аас “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо” аяныг нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд бид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг дэмжсэн зарим ажлыг хийж байна. Тухайлбал, гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор “Утаа бууруулах техник, технологийн үзэсгэлэн”-г энэ сарын 09-10-нд зохион байгуулсан.
Утаатай тэмцэх дадал хэвшлийг хэвшүүлэх сурталчилгааны ажлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж байна. Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аянд БОАЖЯ-ныхан нэг өдрийн цалингаа хандивлалаа. Цаашдаа нийслэлийн гурван дүүрэгт утааг бууруулах техник технологийн үзэсгэлэнг дахин зохион байгуулна. Төр засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь иргэдэд бий. Тиймээс төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор бид утаанаасаа салж чадна” хэмээв.
Мөн МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ “Агаарын бохирдлыг бууруулахад олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ.Иргэн хүн агаарын бохирдлыг бууруулахад миний хийх үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ухамсарлаж чадсанаар бид хамтдаа утаагаа бууруулж чадна. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажил өөр өөр арга хэлбэрээр явна. Энэ удаагийн хөдөлгөөнт эргүүлийн гол зорилго нь иргэд агаарын бохирдлыг бууруулахад юу хийх вэ, бидний үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ойлгуулах, сурталчлахад голлож ажиллана” гэлээ.
Хөдөлгөөнт эргүүл хийх 64 хүнтэй баг зургаан дүүрэгт, хэсгийн дарга нартай хамтран ажиллах бөгөөд зайлшгүй дэмжлэг үзүүлэх айл өрхүүдийн талаар тандалт хийж боломжит дэмжлэгийг нэгээхэн хэсэгт нь хүргэх, иргэд нэг нэгэндээ хяналт, шаардлага, тавих эрүүл аюулгүй амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо нэмэгдүүлэх, амьдралын дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх, иргэний ухамсарыг сэргээхэд иргэний нийгмийн үүрэг оролцоо нөлөөллийг өргөжүүлэх, олон нийтийг уриалах ажлыг хийх ажээ. Энэ үеэр хөдөлгөөнт эргүүлийн багт ажиллахаар болсон найман идэвхитэн байгаль хамгаалагчид байгаль хамгаалагчийн үнэмлэх гардуулсан юм.
Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй
/Монгол Улсын Ерөнхий сайд/
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын аян санаачилсан билээ. Үүнийг нь Засгийн газрын захиалга, төр иргэдээсээ хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтээр шуугиж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийлж, зарим сайд нарт үүрэг өгчээ. Тэрбээр “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг, түүний үйлдлийг ч цааш түлхэж болохгүй.
Тийм учраас Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээ. Хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байна. Гэхдээ Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг бондын өр төлөлтөд зарцуулахгүй. Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа.
Харин иргэдээс сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна” хэмээгээд эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /1 сарын 31-нд/ хандивын аян санаачлагч Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзахдаа “Таны эх оронч сэтгэлийг хүндэлж байна. Гэхдээ Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэдгээ тодорхой хэлсэн юм.
Л.Гансүх: Эрх чөлөөтэй болох гэж яарсандаа биш хорт хавдартай эхнэрээ эмчлүүлж, асрах гэж хоног тоолон сууна
/Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан/
Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэргээр Улсын дээд шүүхээс 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа хэтэрчээ. Учир нь, хүндэвтэр ялтай хүмүүс хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргалгүй, учруулсан хохирлоо барагдуулж, оноосон ялын хоёрны нэгийг биечлэн эдэлсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө суллагдах эрх хуулиар нээгддэг байна.
Тэгвэл Л.Гансүхийн хувьд 2016 оны арваннэгдүгээр сард магадлангаар суллагдах шаардлагыг хангажээ. Гэвч түүнийг суллах хүсэлтийг хоёр удаа Төв аймгийн Мөнгөнморьт дахь Хорих ангиас прокурор руу илгээсэн боловч авч хэлэлцээгүй байна. Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Төв аймгийн прокурор ямар үндэслэлээр Л.Гансүхийн материалыг шүүх рүү явуулахгүй байгааг гайхаж байна.
Прокурорын байгууллага Л.Гансүхтэй хамт хоригдсон олон хүнийг магадлангаар сулласан. Тэр ч бүү хэл хүн амины хэрэгтэй, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэн хүртэл суллагдсан байгаа. Тэгсэн хэрнээ Л.Гансүхийг ганцааранг нь суллахгүй байгаа юм. Хуулиараа прокуророос ялтны материалыг хорих руу нь буцаах үндэслэл байхгүй. Прокурор дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж, шүүх рүү шилжүүлэх ёстой. Л.Гансүхийн биеийн байдал ч сайнгүй байгаа. Өөрөөс нь илүүтэй эхнэр нь их тааруу байна” гэв. Тэрбээр өчигдөр Төв аймгийн прокурортой уулзаж, учир шалтгааныг тодруулахаар явж байгаа юм байна. Үүний дараа Улсын Ерөнхий прокурорт хандаж, энэ асуудал Төв аймгийн прокурортой холбоотой байна уу эсвэл өөр хүн нөлөөлөөд байна уу гэдгийг тодруулах аж.
Мөн Л.Гансүхийг бусад ялтнуудтай адилхан хуулийн дагуу суллах хүсэлт гаргах юм байна. Түүнчлэн Л.Гансүх хорих ангиас нь суллагдах хүсэлт нь тодорхойгүй болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал илгээжээ. Уг захидалдаа “Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион байгуулан байж надад тохсон ялыг чинь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эдлээд дууссан. Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу Төв аймгийн прокурор руу хорих ангиас 2016 оны арванхоёрдугаар сар, 2017 оны нэгдүгээр сард нийт хоёр удаа материал явуулсан боловч миний материалыг шүүх рүү явуулалгүй үндэслэлгүй хорьж байна.
Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж, асарч сувилах юмсан гэж хоног тоолон суулаа. Таны хугацаа дуусахад хэдхэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, хуулийг гууль болгохоо зогсоож, миний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье. Шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдвал шударга бус зүйлийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье” гэжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.