УИХ-ын ээлжит сонгууль 2016 оны зургадугаар сард болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Бүр 65 суудал авсан. Ард түмэн яагаад ч тийм сонголт хийсэн юм бүү мэд. Бүр оюутны холбооны дарга байсан ч бил үү нэг нөхөр гишүүн болчихсон, хуралдаа суудаггүйгээрээ дуудуулаад л гүйж явна. Гэх мэтээр МАН-аас нэр дэвшсэн хэн ч хамаагүй ялалт байгуулж, саарал ордонд залрах эрхтэй болсон билээ. УИХ-д 65 суудалтай нам гэдэг ямар ч саад тээггүйгээр ажлаа хийж, бодлогоо боловсруулж, хуулиа баталж чадах хүчтэй гэсэн үг.
Тэд хийх ёстой ажлаа, шийдэх хэрэгтэй асуудлаа гэрлийн хурдаар хийгээд, хэний ч оролцоогүй шийдээд явчихаж болно. Хэн ч гүйж явахад нь хөл тавиад унагаж чадахгүй. Өнгөрсөн жилүүдийнх шиг хүчтэй сөрөг хүчин, барьцаалах гуравдагч нам гэж байхгүй. Гэтэл МАН Засгийн газраа бүрдүүлж, ажлаа эхэлснээс хойш нэг л удаашралтай урагшилж байна.
Удаашралтай гэдэг тодорхойлолт ч дэндүү гоёдож магадгүй. Яст мэлхийн хурдаар ажиллаж байгаа гэхэд болно. Тэрийг ч бид шийднэ, энийг ч явуулна гээд яриад байгаа мөртлөө үнэн хэрэг дээрээ ажлаа хийхгүй байгаа. Хэнээс айгаад байгаа юм, бүү мэд. Зоригтойхон хөдлөөд, шийдчих чадвар үнэхээр алга гэж үү. Уг нь байх ёстой. Байгаа ч байх.
Гэхдээ МАН-ынхан арай л арчаагүй байна. Тэр дундаа МАН-ын болоод УИХ-ын дарга М.Энхболд үнэхээр унтаа байгаа. Ядаж байхад УИХ-ын чуулганых нь ирц хүрэхгүй, гишүүд нь бусдын кнопыг дарж гүйгээд байна. МАН УИХ-д 65 суудал авсан нам шүү дээ. Гэтэл чуулганы үеэр ирц хүрэхгүй, бусдын кнопыг дарна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Ийм байж таарах уу даа. Намынхаа 40 гаруй гишүүнийг цуглуулаад, чуулганд суулгачихад л ирц хүрэхгүй энэ тэр гэсэн асуудал байхгүй биз дээ.
Гэтэл гишүүдээ олигтойхон зангидаад, шавдуулаад, базаад чуулганд суулгачихаж чадахгүй л байна, дарга нь. Түрүүчийн дөрвөн жилд гурван намын төлөөллөөс парламент бүрдэж байхад УИХ-ын дарга нь яаж ийж ирцээ хүргэж байгаад асуудлаа шийдээд, ажиллаад л байсан. Яах вэ, бусдын кнопыг дардаг тохиолдол байсан, үгүйсгэхгүй. Гэхдээ эрх баригч нам нь 40 хүрэхгүй гишүүнтэй, сөрөг хүчин нь 30-аад хүнтэй. Гуравдагч хүчний 10 гаруй гишүүн байсан. Нэг талаараа үнэхээр зовлонтой парламент л даа. Сөрөг хүчнийх нь гөжүүдлээд суучихвал үлдсэн хэдийнхээ ирцийг яаж ийж хүргэж байж асуудлаа шийдэх болно.
Тийм болохоор гадагшаа, дотогшоо томилолтод явсан, эсвэл хуралдаа суудаггүй мэр сэр нөхдүүдийн кнопыг дарахгүй бол болохгүй байсан байх. Тэгж байж л улсын ажил урагшаа явна шүү дээ. Ингэж нэг өмөөрч болмоор. Харин одоо бол байдал огт өөр. Дахиад сануулъя, МАН УИХ-д 65 суудалтай шүү дээ. АН-ын ес, МАХН-ын нэг, бие даагч С.Жавхлан саарал ордонд, чуулганы танхимд байх байхгүй нь тэдэнд ёстой пад ч байхгүй. Хуралдаа суугаад, зөв, буруу яриад, ард түмэндээ харагдаад байж байвал тэр л биз. Үгүй бол өрөөндөө суугаад, зурагтаар чуулган үзнэ үү. Эсвэл хаа нэг төрийн ордонд ирчихээд, гэртээ хэвтэж байна уу, МАН-ын 65-д хамаа ч байхгүй.
МАН 20 гишүүнээ ийш тийш нь тараагаад тавьчихсан байсан ч үлдсэн хэдээрээ хууль батлаад, цуцлаад, ер нь яаж ч “тоглосон” болно. Бүр хуваарь гаргаад гишүүдээ 20, 20-иор нь ээлжлүүлээд амраасан ч болно. Тэдэнд хүн дутаад, сөрөг хүчний хавчлаганд ороод, ирц хүрэхгүй балраад байх шалтгаан байхгүй. Хууль санаачлаад, олигтой ажиллах чадвартай гишүүн цөөхөн байж болно, МАН-д. Шинэ гишүүд болохоор одоохондоо сураагүй ч байж болох.
Гэхдээ кноп дарчих чадвар бол бүгдэд нь байгаа. Гэтэл тэд яаж байна, хуралдаа суугаад, өөрийнхөө мэдлийн кнопыг дарчихаж ч чадахгүй байна шүү дээ. Пүрэв, баасан гарагт чуулган хуралдахад хурлын дарга нь “Гишүүд ээ, одоо санал хураах гэж байгаа тул орж ирээрэй” гээд сууж байх жишээтэй. Тэгээд аргаа барахаараа 20 гаруйхан хүн суучихаад, ирц нь 40 гарсан тоотой харагдаад, хууль батлаад байгаа юм. Бусдын кнопыг дараад, дараад л явчихна. Жаахан хурдан хөдөлгөөнтэй, хэдэн залуу гишүүнээ суулгачихвал бүр хурдан дараад байх шиг байгаа юм.
Уг нь бид чинь нэг хүнийг сонгоод, биднийг төлөөлөөд УИХ-д суугаад, бодлого шийдвэр гаргахад тусал гэж илгээдэг биз дээ. Гэтэл бидний төлөөлөл болсон хүний өмнөөс нэг нөхөр шийдвэр гаргаад, кноп дараад л яваад байна. УИХ-ын зарим гишүүд бусдын кнопыг дарж байгаагаа бараг л тусалсан мэтээр ярьж байна билээ. “Цайгаа уух гээд явах, эсвэл бие засах шаардлага гардаг.
Тэр хооронд санал хураах тохиолдол байна. Тэгээд гарахдаа захиад явдаг. Би энэ асуудал дээр дэмжсэн байр суурьтай байгаа шүү. Хэрвээ намайг ирэхээс өмнө санал хураавал дэмжээд дарчихаарай гэдэг. Тэр тохиолдолд л дардаг” гэх мэтээр хоёр, гурван гишүүн ярьсан байсан. Хууль батлах, шийдвэр гаргах гээд хүний амьдрал ахуйг шийдсэн чухал асуудлуудыг хүнд захиад л шийдчихдэг болж байна. Зарим гишүүн болохоор олон хүн үг хэлэхээр залхаад гараад явчихдаг маягийн юм ярьсан.
Тэгэхдээ бас ширээнийхээ “найз”-д кнопоо захиад үлдээчихдэг бололтой юм. Гишүүд ч гэсэн хүн, тэдэнд бие засах, хоол идэх, цай уух хэрэгцээ гарна л даа. Гэхдээ чуулган үдээс өмнө хуралдаад, 2-3 цаг завсарладаг. Хоол, цай уух нь битгий хэл ямар ч ажил амжуулаад ирэхэд хүрэлцэхүйц хугацаа. Гэтэл “Цай унд уух гээд гарахдаа захихаар нь кнопыг нь дардаг. Түүнээс биш бусдын кнопыг дарж болохгүй л дээ” гэж яриад байж таарахгүй биз дээ.
Цайны цагаараа өөр юм хийж явж байгаад, яг ажил эхлэхээр бөөн бөөнөөрөө хоол, унд эргүүлээд яваад байдаггүй л юм бол. Уг нь ард түмэн нэг намд итгэл үзүүлж, 65 суудал “бэлэглэсэн”. Сөрөг хүчний элдэв саадгүй, хурдтай ажиллах боломж бүрдлээ гэж нэг талаасаа баярлаж байсан хүн олон. Гэтэл өнөөх 65 нь хоол, цай, 00-ын өрөө яриад, чуулганы хуралдаа суухгүй байдаг. Тэднийг хоол эргүүлээд явж байхад нь танхимд байгаа 10, 20-хон гишүүн нь кнопыг нь хувааж аваад л дарж гүйлдээд байх ч гэж дээ.
Ийм арчаагүй байвал нэг намын 76 гишүүн сонгоод ч хэрэг алга. МАН-ынхан, УИХ-ын дарга нь арай арчаагүй, сулбагар байна. Ард түмний хувь заяаг ердөө л 10, 20-хон хүн шийдээд байж болохгүй биз дээ. Тийм болохоор цаашид хурууны хээ мэдэрдэг товчлууртай болох нь зөв. Тэгээд хуралдаа суудаггүй, өглөө нойроо дийлдэггүй, хувийн ажлаа улсынхаас өндөрт тавиад алга болчихдог гишүүддээ хариуцлага тооцмоор юм, МАН. Өөрсдөө чадахгүй бол УИХ-ын гишүүнд хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг хууль батлаад аль. Нойроо дийлэхгүй, хоол ундаа зохицуулж чадахгүй, байнга гэдэс нь өвдөж 00-ын өрөө рүү гүйж байгаа гишүүдийг чинь ард түмэн эргүүлээд татаад өгье.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.