УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг Цагдаагийн байгууллагын харьяанд байх эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэхээр заасан юм. УИХ-аас 2013 онд баталсан хуулиар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт эрүүлжүүлдэг нь өвчтөнүүдэд хүндрэл учруулж байгаа юм. Иймээс дээрх хуулиар харьяаллыг нь өөрчлөх, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд эмч хяналт тавин, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхээр болж буй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарласнаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн өлгийдөх юм байна. Энэ нь хүнлэг арга гэнэ. Бүр болохгүй бол гав бороохойдоо тулахаас аргагүйд тулах аж. Гэхдээ цагдаагийнхан номхотгох цамц өмсгөхөд илүү үр дүнд хүрэх байх гэж найдаж буй юм байна.
Наадмаар байр эзэлсэн харваачдад зургаан төрлийн цол олгоно
Үүний дараа Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжив. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач цол олгохоор тусгасан байна. Мөн нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор тусгасан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний сур харвааг сонирхогч, түгээн дэлгэрүүлэгч нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Манай уяачдын холбоо цол хэргэмийг Ерөнхийлөгчийн зарлигаар авах шаардлага байгаа юм уу. Сурын спортоос дархан аварга төрөхгүй байгаа учраас цол хэргэмийг нь бууруулж байж төрүүлье гэж байна. Хоёрдугаарт, нөхөн олгох тухай заасан байна. Тэгэхээр үндэсний баяр наадамд өмнө нь төрүүлсэн ахмадуудад нөхөн олгох зүйл гарч ирнэ. Үүнийг яаж, ямар журмаар нөхөн олгох вэ. Сумын орон нутаг дахь сурын харвааны тэмцээний цол зэрэг олгодог зүйлийг яах вэ” гэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “1206 онд Их монгол улс тунхагласнаас хойш үндэсний баяр наадам ёс журмынхаа дагуу явж байгаа. 2003 онд Үндэсний баяр наадмын тухай хууль батлагдсанаар морин уралдаан, бөх барилдаан маш их хөгжиж байна. Нөхөн олгох асуудлын хувьд өмнөх хууль дээр ч гэсэн цол хэргэмийг нь нөхөн олгож байсан. Үндэсний бөхөөс нэг тохиолдол байдаг. Ер нь гоц харваач, гарамгай харваач гэдэг цол хэргэмд байх юм бол аймагт өөр үйлчлэх байх. Оносон л бол шууд түрүүлнэ. Ямар ч булхиагүй спорт. Энэ хуулийг баталснаар аялал, жуулчлалыг ч татах болно” хэмээн тайлбарлав.
Б.Чойжилсүрэн: Монголбанкны бүрэн эрхийг тодорхойлно
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 79.6 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжлүүллээ. Монгол Улсад төлбөр тооцоог сүүлийн үеийн технологи ашиглан хийх болсон ч бэлэн бус цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын төвшин харилцан адилгүй байна. Тухайлбал, дебит болон кредит шилжүүлэг, төлбөрийн карт зэрэг төлбөрийн цахим хэрэгслүүд, урьдчилсан төлбөрт картаар хийж буй төлбөр тооцоог бэлэн төлбөрийн хэрэгсэлтэй харьцуулахад харьцангуй сул хамгаалалттай байгаа гэнэ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төлбөрийн үйлчилгээний болон хэрэгслийн харилцааны оролцогч болох банк, түүний нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж буй гэрээт төлөөлөгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг одоо болтол тодорхойгүй. Мөн төлбөрийн систем, үйлчилгээ үзүүлэгчид хяналт тавих Монголбанкны бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх механизмыг Банкны салбарын хууль тогтоомжид тусгаагүй байна. Дээр дурдсан шаардлагыг үндэслэж Үндэсний төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжих, систем хоорондын харилцан зохицолдоог хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг 11 бүлэг, 49 зүйлтэй боловсруулсан” гэв.
“Зургаан аймаг нийслэлтэй авто замаар холбогдоогүй байна”
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Чинзориг “Бондын мөнгөөр хэдэн км зам тавьсан бэ, өртөг нь хэд байсан бэ. Замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр барина гэж ойлгож болох уу. Энэ онд хэдэн км зам барих вэ” хэмээн асуулаа. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Авто замын насжилт чухал байгаа. Насжилт дээр стандарт болон чанар холбогдож байгаа. Баталгаат хугацааг нэг жил гэж заасныг гурав болгон нэмэгдүүлэх санал гарсан. Хэрвээ замын стандарт чанарыг сайжруулаад барих юм бол засвар үйлчилгээний зардал хэмнэгдэнэ. Өнөөдрийн практикаар замын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор зам засварын арчлалт чухал, өнөөдөр учир дутагдалтай байгаа. Орон нутагт баригдаж байгаа гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн зам нэг км нь 700-800 сая төгрөгийн өртөгтэй баригддаг. Харин хүнд даацынх хоёр сая хүртэл ам.доллараар баригддаг. Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны замын өртөг нэг км нь нь хоёр сая гаруй ам.доллар. Өмнөх Засгийн газар бондын хөрөнгийн 570 тэрбум төгрөгөөр авто зам барьсан. Авто замын өртөг харилцан адилгүй байгаа. Дундаж нормын төвшингээс хэд дахин өндөр өртгөөр зам барьсан, хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх. Зам барих бодлого тодорхой байгаа, богино хугацаатай өндөр хүүтэй зээлээр зам барих боломжгүй. Тийм учраас барих ашиглах, шилжүүлэх байдлаар авто зам барина. 2020 онд багтаан 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийтдээ зургаан аймаг өнөөдрийн байдлаар нийслэлтэй авто замаар холбогдоогүй байгаа. Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 66 хувийн саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Нийслэлийн 1800 орчим айл цахилгаангүй байгаа гэв
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Засгийн газрын цагаар үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эрчим хүчний салбартай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байна. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд П.Ганхүү өглөө. Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгаан тарифыг хөнгөлсөн. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1800 орчим айл цахилгаангүй байгаа. Ихэнх нь нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдарч буй аж. УИХ-аас энэ оны төсөвт долоон тэрбум төгрөгийг шийдэж өгсөн байна. Үндэсний их баяр наадмаас урьтаж, дээрх 1800 айлыг эрчим хүчинд холбох гэнэ. Өнгөрсөн онд 1700 орчим айл өрхийг эрчим хүчинд холбож, цахилгааны асуудлыг нь шийдэж өгчээ.
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав
Мөн зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сумьяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөв. Ингээд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Сумьяабазар, Г.Тэмүүлэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Тогтохсүрэн нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус, тус баталлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.