МАН үнэмлэхүй ялалт байгууллаа

МАН үнэмлэхүй ялалт байгууллаа
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өчигдөр өглөө 07:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 498, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд 1 912 901 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Сонгогчид сонголтоо хэрхэн хийж байгаа талаар СЕХ-оос цаг үеийн мэдээллийг 13:00, 18:00, 23:00 цагт  ирцийн мэдээллийг өгч байлаа. Ингээд сонгуулийн өдөр ямар үйл явдал болж өрнөсөн талаар цаг, минуттай нь хүргэж байна. 
 
11:30 цаг
  • Монгол Улсын иргэн бүр төрийн эрх барих 3 минутын эрхээ эдлэх учиртай. Төрийн өндөрлөгүүд ч мөн харьяа хороондоо очиж саналаа өгсөн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:30 цагт Орос III сургуульд байрлах 59 дүгээр тойргийн зургадугаар хэсгийн хорооны санал авах хэсгийн хороонд гэргийтэйгээ очиж саналаа өглөө. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12:30 цагт Удирдлагын академийн Б корпуст байрлах УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн хороонд саналаа өгсөн бол УИХ-ын дарга З.Энхболд  УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн VII хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар сургуулийн санал авах байранд очиж саналаа өгөв. Түүнчлэн 12:00 цагт нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 45 дугаар сургууль дээр, НИТХ-ын дарга Д.Баттулга сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн санал авах байранд очиж тус тус саналаа өглөө.
13:00 цаг
  • Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц, явцын талаар эхний мэдээллээ 13:00 цагт мэдээлэл өглөө. 12:00 цагийн байдлаар нийслэлийн 164449 сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгөөд байв. Нийслэлийн есөн дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулсан юм. Нийт санал авах байруудын дотор болон гадна санал хураалтын үйл ажиллагааг хянах камеруудыг байрлуулсан бөгөөд нийт санал авах байрны 30 хувьд нь цахилгааны эх үүсвэрээр хангасан. Өнгөрсөн мягмар гарагт орсон хүчтэй борооны улмаас Багануур дүүрэгт нэг санал авах байр усанд автсан бөгөөд санал авах байрыг ойролцоох байранд шилжүүлж ажиллав. Энэ сарын 28-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд нийт 4691 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахаас 4412  сонгогчийн саналыг авсан талаар мэдээлсэн юм. 
13:30 цаг
  • Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн явцын мэдээллээ 13:30 цагт хийлээ. СЕХ-ны дарга хөдөө, орон нутагт сонгогчдын ирц зарим аймагт 20 гаруй, зарим аймаг 30 гаруй хувьтай байгааг дуулгасан юм. Улсын хэмжээнд хамгийн өндөр хувьтай буюу 40 гаруй хувиараа Сэлэнгэ аймаг тодорсон юм. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хар машинтай холбоотой гомдол хэд хэдэн удаа ирсэн. Нэгдүгээрт, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд цахилгаан тасарснаас болж машин гацсан тохиолдол гарсан. Бид холбогдох байгууллагууд руу ярьж, цахилгааныг залгуулсан байгаа. Үүнээс гадна цахилгааны хэлбэлзлээс үүдэн Хан-Уул дүүрэг, Увс аймагт автомат машинууд гацсан тохиолдол гарсан. Үүнийг таслахгүй байх асуудлаар холбогдох байгууллагад анхааруулсан. Түүнчлэн, хар машинтай холбоотой хоёр ноцтой гомдол ирсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрог дээр нэг сонгогч саналын хайрцгийн лацыг хуулж, саналын хуудсыг машинд уншуулахгүйгээр шууд хайрцаг руу нь хийсэн тохиолдол гарсан. Энэ хэргийг тагнуул, цагдаагийн байгууллага шуурхай ажиллан зогсоосон. Гэхдээ саналын хуудас нь хайрцаг руугаа орчихсон. Зогсоохын завдалгүй саналын хуудсаа хийсэн байсан. Яг ийм үйлдэл Баянгол дүүргийн 67 дугаар тойргийн 14 дүгээр санал авах байранд мөн гарсан. Хоёр өөр хүн уг хэргийг үйлдсэн. Санал хураах ажиллагааг зориуд будлиулах зохион байгуулалттай оролдлого байж магадгүй гэж бид үзэж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэг дээр ажиллаж байна” хэмээсэн. 
14:30 цаг
  • Ардчилсан намын Ерөн­хий нарийн бичгийн дар­гын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэм­баяр 14:30 цагт эхний мэдээл­лээ хийлээ. Тэрбээр мэдээл­лийн­хээ үеэр олон хүн мөн­гө тарааж, сонгогчдыг авто­бусаар зөөж байгаа талаар ярьсан бөгөөд МАН-аас нэр дэв­шигч  Д.Оюунхоролыг нэр дэв­шигч­дийн жагсаалтаас хасах шүүхийн шийдвэр гарсан талаар хэллээ. Л.Эрхэмбаяр “Өчигдөр, өнөөдөр МАН-ын нэр дэвшигчид хууль бус үйлдлүүд маш ихээр гаргаж байгаа талаар манай сонгуулийн штабт мэдээлэл ирж байна. Тухайлбал, МАН-аас УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын штабаас машинтай явж, их хэмжээний мөнгө тараах гэж байгаад баригдаж, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдээлэл ирсэн. Мөн Дорнод аймгийн 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулууны штабаас сонгогчдыг зохион бай­гуулалтайгаар зөөж, Сонгуулийн хууль зөрчиж байгаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнээс гадна, Архангай аймгийн гуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбатын сонгуулийн сурталчилгааны хаалт дээр УИХ-ын дарга асан Х.Төмөр-Очир очиж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, АН-аас нэр дэвшигч Р.Гончигдоржийн туслахыг хүн зодсон мэтээр илтэд гүтгэж гүжирдсэн, өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаж, хууль зөрчсөн үйлдлийг хаалтын үйл ажиллагаан дээр ярьсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн Оросын талын эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын ХХБ худалдан авч байгаа сайн мэдээг илтэд гуйвуулж эхэллээ. Нийт 1998 санал авах байрны үүдэнд очиж, хар муу талаас нь гуйвуулсан мэдээлэл өгч байгаа талаар олон гомдол манай намын Сонгуулийн төв штабт ирж байгаа. Сурталчилгааны хугацаа дууссаны дараа МАН, МАХН-ынхан “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гүжир гүтгэлгийн шинжтэй сурталчилгаа явуулж, Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа учраас АН хууль, хяналтын байгууллагад хандах болно” хэмээлээ.
15:00 цаг
  • Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15:00 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн нийт сонгогчдын 311 283 буюу 36.9 хувь нь саналаа өгчээ. Нийслэлийн Сонгуулийн хороо дараагийн мэдээллээ 18:00 цагт өгнө гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. 
15:30 цаг
  • Улс төрийн намуудын удирдлагууд өчигдөр СЕХ-д сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар  харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон  сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж заасан байдаг. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны “Техникийн тооллого хийх журам”-ын нэгдүгээр зүйлийн 1.2-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн санал авах байруудаас санамсаргүй сонгох аргаар 50 хүртэл хувийг сонгож, техникийн тооллого хийх тухай” тусгасан байдаг юм. Тэгвэл 50 хүртэл хувь гэдэг нь 10, 20, 30 гээд хэдэн ч хувийн тооллого хийж болно гэдгийг шаардлага хүргүүлсэн МАН, МАХН, БНН, МКН, ЭЧХН, МСДН, ИХН, ИЗНН, ТТЭНЭ гэх намын дарга нар ойлгоогүй байсан бололтой. Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудаас 10-20 хувьд нь хийх чиглэлийг өгсөн гэх мэдээлэл гарсан байна. Тиймээс сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөөлөл дээрх үүрэг чиглэлийг сонгууль будилаантуулах, үнэнээс зугтаах арга хэмээн үзэж байгаа аж. 
15:40 цаг
  • МАН-ын сонгуулийн штабаас АН-ын мэдэгдлийн хариу мэдэгдлийг 15:40 цагт хийлээ. УИХ-ын гишүүн Су.Батболд батлагдаж нотлогдоогүй асуудлаар Ардчилсан нам мэдээлэл хийж, зарим нэр дэвшигчийн эрхэнд халдлаа. Иймээс үнэн зөв бодитой мэдэгдлийг хийхээс аргагүй боллоо гэдгээ хэллээ. Тэрбээр “Архангай аймгийн Их тамир сумын сонгогчдод архи тараах гэж байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирж, очиж шалгахад “УБМ” дугаар­тай автомашинд нэр дэвшигч Д.Ганхуягийн сонгуулийн сур­тал­чилгаа, архи ачсан бай­сан. Энэ хэргийг аймгийн Цаг­даагийн байгууллагад шалгаж байна. Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга асан Төмөр-Очир оролцохдоо “Р.Гончигдоржийн сонгуулийн штабынхан Ж.Мөнхбатын штабынханд халдсан” гэдэг зүйл ярьж хууль зөрчсөн гэсэн. Энэ асуудлыг бид утсаар ярьж тодруулахад “Ийм зүйл яриагүй” гэдэг тайлбар хийлээ. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сонгуулийн сурталчилгаа явж байгаа энэ үед нэр дэвшигч Д.Оюунхоролын бүрэн эрхэд, нэр хүндэд халдсан ноцтой мэдэгдлийг хийлээ. Нэрийг нь татах хэмжээний ноцтой зөрчил гаргалаа гэсэн. Гэтэл Д.Оюунхорол нэр дэвшигчийн нэр дээр шүүхийн шийдвэр ирээгүй байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос “Нэр дэвшигч Д.Оюунхоролыг  нэр дэвшигчээс хасах шийдвэр гаргаагүй” гэдэг тайлбарыг ирүүлсэн” гэж хэллээ. Мөн Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын авто машин руу цагдаагийн байгууллага хууль бусаар нэвтэрч нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх үед нь хувийн хэрэгцээний 200 мянган төгрөг байсан. Үүнийг нь биедээ их хэмжээний мөнгө авч явсан, түүнийгээ сонгогчдод тараах гэж байсан гэж сошиалаар хуурамч мэдээлэл тарааж ташаа ойлголт төрүүлж байгаад харамсч байна” гэдэг мэдээллийг хийлээ.
15:50 цаг
  • МАН-ынхан хэвлэлийн хурал хийсний дараа МАХН-ын зүгээс мөн хэвлэлийн хурал хийж хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл өгсөн юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга, Багануур дүүргийн МАХН-ын дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт МАН-ынхан бөглөсөн саналын хуудас тарааж байгаад баригдсан зөрчил илэрсэн тухай мэдээлэл тус намд иржээ. Үүнээс гадна Эрдэнэт хотод АН-аас нэр дэвшч буй Д.Одхүү, Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Х.Золжаргал, МАН-ын нэр дэвшигч Д.Атармаа нарын аль нэг нь биднийг дэмжээрэй хэмээн 20 мянган төгрөг тарааж байна гэсэн мэдээллийг МАХН-ын Сонгуулийн штаб хүлээн авч, эдгээр нэр дэвшигчдийн хэн нь болохыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгчээ. Мөн МАХН-аас НИТХ-д нэр дэвшигч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 200 гаруй суудлын тэрэг гудамжийг бүсэлчихсэн байна. Тэд иргэдээс нэг биллийг нь 20 мянган төгрөгөөр худалдаж авч, мөн архи тарааж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хянаж шалгаж буруутай этгээдийг олох ёстой. Зарим цагдаа нар намын эрх баригчдад үйлчилж байна гэсэн мэдээлэл өглөө. 
17:00 цаг
  • Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 17:00 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн  есөн дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 17:00 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 48.0 хувь нь саналаа өгчээ.
18:00 цаг
  • Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн явцын талаар 18:00 явцыг мэдээллийг өглөө. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Аймгийн хэмжээнд 61.5, нийслэлийн хэмжээнд 47.0 хувьтай байна. Харин 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 2016 оны сонгуулийн санал хураалт 55.0 хувьтай явагдаж байна” хэмээсэн юм. Энэ үеэр зарим санал хураах байруудад саналын хуудас дутсан талаар мэдээлэл авсан. Улмаар СЕХ яаралтай хуралдаж, аймаг сумдын сонгуулийн хороодод тогтоол гарган хүргүүлсэн гэдгийг дуулгасан юм. Түүнчлэн “Нэр бүхий гурван нэр дэвшигчийг жагсаалтаас хасах хүсэлт, гомдол  Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн. Гурвууланг нь өнөөдрийн хурлаар авч хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Нэгдүгээрт, 28 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч М.Оюунсайхан сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ сонгуулийн хуулийг зөрчсөн гэж шүүхээс тогтоосон. Өөрөө давж заалдахгүй гэдгээ илэрхийлж, торгуулийн мөнгөө төлсөн гэдгээ мэдэгдсэн байгаа. Тиймээс СЕХ М.Оюунсайханыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, МАН-аас 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Болорчулууны талаар сурталчилгааны үеэр самбар байрлуулах ёсгүй газарт самбар байрлуулсан гэсэн  гомдол ирсэн. Улмаар Дорнод аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн зургадугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон байсан. Шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд хүчин төгөлдөр болоогүй тул нэр дэвшигчийн зүгээс давж заалдана гэдгээ илэрхийлсэн. Тиймээс энэ асуудлыг хойшлуулсан байгаа. Гуравдугаарт, 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын туслах Н.Энхзаяа нь сонгуулийн тухай хуулийн 70 дахь заалтыг зөрчиж мөнгө тараахыг хориглох заалтыг зөрчсөн.  Энэ нь Баянзүрх дүүргийн шүүхийн зургадугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр тогтоогдсон. Д.Оюунхоролын туслах Н.Энхзаяагаас СЕХ-нд хүсэлт ирүүлсэн байгаа. Шүүхийн шийдвэрээ гар дээрээ аваагүй, давж заалдана гэсэн гомдол ирүүлсэн. Тиймээс энэ асуудлыг хойшлуулсан” гэлээ.
19:30 цаг
  • Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хоёр дахь удаагийн хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тэрбээр “Ардчилсан намын сонгуулийн штаб УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогтой холбоотой гүтгэлгийн чанартай мэдээлэл хийлээ” гэж МАН-аас үгүйсгэсэн. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооноос “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа нь хууль зөрчсөнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийг дахин давж заалдаж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэллээ. Энэ бол шүүхийн шатандаа давж заалдаад явж байгаа хэрэг гэдэг нь нотлогдлоо. Бид гүтгээгүй нь батлагдлаа. Орон нутагт элдэв булхай гарсаар байгаа талаархи мэдээллийг Ардчилсан намын сонгуулийн төв штабт ирүүлсээр байна. УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Л.Мөнхбаатарын ухуулагч нар гар утасны нэгж тараасныг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн. Бүх аймгийн төлөөллийг байршуулж, 1898 машинд хяналтын тооллого хийсэн. УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт хариуцлагагүй нэг нөхрөөс болж, будилаан гарсныг эс тооцвол 1897 машин үнэн зөв тоолж байна гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл санал тоолох машин нь Ардчилсан намын талд байгаа гэсэн цуу яриа гаргаж байгааг эрс эсэргүүцэж байна. Нэр дэвшигч Г.Баярсайханыг сүүлийн 14 хоногийн турш нүцгэн шалдан, эвлүүлэг хийж доромжилсон. Өнөөдрөөс эхлэн мөнгө тараасан гэж ор үндэсгүйгээр гүжирдлээ. Төв аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа А.Сүхбат намынхаа мөрийн хөтөлбөрт огт тусгаагүй асуудлаар амлалт өгснийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлэх гэсэн ч одоог болтол шийдэгдээгүй. Сонгинохайрхан дүүрэг, Төв, Хөвсгөл аймгуудад өгсөн гомдолд цагдаагийн байгууллага хөшүүн хойрго хандаж байна. Өрсөлдөгч намын зүгээс санал авах байрны өмнө зохиомол дугаарлал үүсгэх, элдэв явуулга хийж байгаа талаар мэдээлэл ирж байна. Ардчилсан намаас 21.00 цагаас мөнгө тараана гэсэн явган яриаг зориудаар тарааж байна. Ардчилсан нам мөнгө тараахгүй, сонгуульд шударгаар өрсөлдөх болно. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна” гэлээ.
20:00 цаг
  • Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 20:00 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн нийт сонгогчдын  517 149 буюу 61.3 хувь нь саналаа өгчээ. Санал хураалт хэвийн үргэлжилж байгаа талаар дуулгасан. Дараагийн мэдээллийг шөнийн 01:00 цагт хийнэ гэдгээ мэдэгдэв.
20:30 цаг
  • МАН-ын Сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Су.Батболд тэргүүтэй албан хүмүүс дахин мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид хувьчилсан  шийдвэрийг “Монголын ард түмэнд өмчийг нь буцааж өглөө. Энэ нь зөв зүйтэй шийдвэр болсон гэх мэдээллийг олон удаа давтан гаргаж байна. Тийм учраас энэ асуудал дээр МАН-аас дахин байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй боллоо. МАН “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан булхайтай явдалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хандана. Энэ шийдвэрийг зөв талд нь гаргахын төлөө шийдвэртэй алхам хийнэ. Хоёрдугаарт, СЕХ-ны хариуцлагагүй байдлаас болж сонгогчид саналаа өгч чадахгүй байдалд хүрээд байна. Тухайлбал, Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн сонгогчид санал хураах байранд очоод, 1-2 цаг хүлээж байгаа. Цаашлаад санал өгөх хуудас дууссан гэх шалтгаанаар саналыг нь өгүүлэхгүй байгаа талаар гомдол ирж байна. Энэ бол сонгогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж МАН-ын зүгээс үзэж байгаагаа илэрхийлье” гэлээ. Мөн тэрбээр “СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийхдээ дутсан саналын хуудсыг хувилж санал өгүүлэх, явуулын хайрцгаар санал авах журам баталлаа гэсэн. Энэ бол сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа зүйл. Үүнээс үүдэн бий болсон үр дагаварыг СЕХ хүлээнэ гэдгийг МАН-ын сонгуулийн штабаас хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн ярилаа. Энэ үеэр МАН-ын Сонгуулийн штабын хэсгийн дарга Д.Мөрөн “Өнөөдөр мөн О.Амгаланбаатарын төлөө саналаа өгөөч гэж 10 мянган төгрөг иргэдэд тараасныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Баянхонгор аймагт нэр дэвшигч Д.Ганбатын туслах Цэндсүрэн мөнгө тараасан үйлдлээрээ хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзсэн учраас шүүхэд шилжүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа дууссан, гэтэл нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, О.Цолмон нар бие даасан нэвтрүүлэгт оролцсон. “Эрдэнэт”-ийн талаар шууд нэвтрүүлэгт орсон. Ийм нэвтрүүлэгт орох нь хууль зөрчсөн үйлдэл. УИХ-ын дарга З.Энхболд саналаа өгөх үеэрээ сурталчилгаа хийлээ. “Эрдэнэт”-ийн асуудлаар.Нэр дэвшигч Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар гүтгэсэн гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан” гэлээ.
21:00 цаг
  • Архангай аймгийн АН-аас мэдэгдэл гаргав. Тодруулбал, Энэ сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө “АН-ынхан Архангай аймагт архи тарааж байгаад баригдлаа” гэсэн нэртэй бичлэг цахим ертөнцөөр цацагдсан. Гэтэл энэхүү бичлэгт ямар ч архи тараасан, сонгуулийн сурталчилгаа хийсэн үйлдэл байхгүй бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 27-ны өдрийн 00:00 цаг гэхэд албан ёсоор сонгуулийн сурталчилгааг зогсоосон аж. Энэ тухай Их Тамир сумын АН-ын сонгуулийн штабын ажилтан Баярсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр зургадугаар сарын 27-ны өдөр “Арав орчим жийп машинд ачсан их хэмжээний мөнгийг МАН-аас тараах гэж байна” гэсэн мэдээлэл авчээ. Энэ мэдээллийн дагуу АН-ын сонгуулийн штабаас эргүүл хийж шалгасан байна. Эргүүлийн явцад 27-ны өдрийн 23 цагийн орчим ямар ч улсын дугааргүй гурван машин Их Тамир сумын Хаан банкны захирлын үүдэнд зогсч байсан.Энэ нь сэжигтэй санагдсан тул АН-ын сонгуулийн штабын ажилчид бичлэг хийн баримтжуулсан байна. Тэдгээр хүмүүсийн дотор нэр дэвшигч Г.Тэмүүлэн байсан аж. Үүний дараа 28-ны орой дахин эргүүл хийсэн байна. АН-ын сонгуулийн штабын эргүүлийн бүрэлдэхүүн суудлын жижиг машинтай байсан учир том машиныг гүйцэхэд хэцүү байжээ. Ингээд Тариат сумаас Архангай аймгийн төв хүртэл өөрийн намын нэг жолоочийг дайчилсан байна. Эргүүл хийх явцад АН-ын сонгуулийн штабын машиныг арав орчим машин бүчиж зогсоогоод дайралт хийсэн байна. Дайралт хийсэн хүмүүсийн дунд согтуу хүмүүс ч олон байжээ. Мөн дайрч давшилсан хүмүүсийн дунд өөрийгөө цагдаа гэж танилцуулсан н.Отгонбаатар гэж хүн байсан байна. Тэрбээр хотод амьдардаг, Их тамир суманд сурталчилгааны ажлаар ажиллаж байгаа нэгэн аж. н.Отгонбаатар нь бүдүүлэг аашилж АН-ын ажилчдаас бичиг баримтыг нь шаардан, машиных нь цонхыг балбаж байжээ. АН-ын сонгуулийн ажилчид машиныхаа хаалгыг онгойлгож өгөөгүй бөгөөд цагдаа дуудан асуудлыг шийджээ. Цагдаа ирэн АН-ын ажилчид руу халдсан машинд нэгжлэг хийхэд хоёр авдар архи гарч ирсэн байна. АН-ын зүгээс архи тараасан явдал огт гараагүй бөгөөд хэрэв ажилтан Баярсайхан архи тараасан нь нотлогдвол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв.
21:40 цаг
  • МАН-ын Сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Су.Батболд гурав дахь удаагаа хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр энэ удаад МАН-ын ажиглагчдыг машинаар мөргөж гэмтээсэн талаар мэдээлсэн юм. Тодруулбал, УИХ-ын 64 дүгээр тойрогт нэр дэвшигч Г.Баярсайханы сонгуулийн штабын ажилтнууд тус тойрогт нэр дэвшигч М.Оюунчимэгийн сонгуулийн штабд ажиллаж байсан ажлын хэсгийн хоёр хүнийг машинаар дайрсан хэрэг гарчээ. Энэ талаар “Иргэд сонгогчид сонгуульдаа идэвхитэй оролцлоо. Бүх тойргийн хэсгийн хороонд ирц өндөр байна. Гэхдээ штабын маань хоёр хүн машинд дайруулан гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнд  сэтгэл дундуур байна” хэмээсэн юм. 
22:00 цаг 
  • УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль хуулийн дагуу 22:00 цагт санал хураалт дууслаа. Яг одоо УИХ-ын сонгуульд урьдчилсан байдлаар сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийг СЕХ-ноос зарлаж байна.
23:40 цаг 
  • УИХ-ын сонгууль болон аймаг, нийслэл ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр болж, амжилттай явагдаж өндөрлөлөө. Сонгуулийн тухай хуульд заасан дагуу санал хураалтын ажиллагаа хэсгийн хороодууд дээр өглөөний 07:00-22:00 цагийн хооронд явагдаж дууссан юм. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийж, урдчилсан байдлаар УИХ-ын 2016 оны сонгуульд 76 тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчдийг танилцууллаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж, сонгогчид АН-д итгэл алдарсан нь харагдлаа. 
00:20 цаг
  • СЕХ мэдээлэл хийж, сонгуулийн урьдчилсан дүнг мэдээллээ. Архангай аймгийн тойрог болон зарим нэг аймгаас бусад хэсгийн хороодын саналын нэгдсэн дүн урьдчилсан байдлаар гараад байгаа юм. Сонгуулийн нэгдсэн дүн удахгүй гарах бөгөөд өнөөдөр 09:00 цагт мэдээлэл хийхээр боллоо.
00:50 цаг 
  • МАН мэдээлэл хийлээ. Тус намын дарга Н.Энхболд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийхдээ “Монголын ард түмэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгснөөр бидэнд их итгэл үзүүллээ. УИХ-ын сонгуульд урьдчилсан байдлаар 63 суудал авлаа гэсэн мэдээллийг ирүүлээ. Мөн нийслэлд олонхи болсон гэх мэдээлэл бидэнд ирээд байна. Та бүхэндээ бидэнд итгэл үзүүлсэнд баярлалаа“ хэмээсэн юм. Ийнхүү сонгуулийн үр дүн төсөөлж байснаас өөрөөр эргэлээ.  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.