2016 оны сонгуулиар МАН “Бид зүтгэнэ. Хамтдаа хөгжинө” хэмээх уриа дэвшүүлж, ялалт байгуулсан. Ер нь л мандуулна гээд л байлаа. Гэвч одоохондоо нэг их мандаад, хөгжөөд байгаа юм алга. Тэд ч нэг их зүтгэсэнгүй. Чуулганы ирц нь хүрэхгүй, бусдын кнопыг дарах гэж гараа хурдан хөдөлгөж байгааг эс тооцвол өөр хурдтай шийдээд, зүтгээд байгаа юм алга. Ер нь бодоод байх нь ээ, тэд мандуулна гээд байснаа өсгөхтэй андуураад байх шиг байна. Сүүлийн үед бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Шалтгааныг нь мэдээж янз бүрээр тайлбарлаж, нялзаах байх. Эдийн засгийн уналт, ам.долларын өсөлт, цаашлаад шатахууны үнэ гээд л. Гэхдээ эдийн засгийг сэргээх, улс орноо хөгжүүлэх, мандуулах, иргэдээ сайн сайхан амьдруулах амлалтыг бидэнд тэд өгсөн. Харамсалтай нь одоогоор сайжирсан юм алга. Тун удахгүй цагаан сар болно. Мэдээж Монгол түмний ганц уламжлалт том баяр учраас хүн бүр л эрвийх дэрвийхээрээ тэмдэглэж өнгөрүүлэх нь тодорхой.
Гэтэл сар шинийн өмнө бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өсчихлөө. Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа гол суурь шалтгаан нь валютын ханш. Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчин байхдаа эрх баригчдыг ам.долларын ханшийг барьж чадаагүй, шатахууны онцгой албан татварыг нэмэлгүй, үнийг нь бууруулах боломжтой байхад хийсэнгүй гээд л яриад байсан. Гэтэл тэд өөрсдөө энэ ажлаа хийж чадсангүй. Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрчихээд байна. Ядаж байхад валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор бүхий л зүйлийн үнэ нэмэгдсэн. Засгийн газар уг нь саяхан шатахууны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч байгаа нь энэ гээд онцгой албан татварыг 3-5 дахин бууруулсан.
Гэвч энэ шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах биш бензин импортлогчдын ашиг орлогыг нэмэх шийдвэр болчихсон. Онцгой албан татвар буурлаа, маргааш нь шатахуун импортлогчид үнээ нэмчихсэн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн, ам.долларын өсөлт зэргээс болоод л өсгөсөн гэсэн тайлбар зүүчихэж байгаа юм. Засгийн газар уг нь шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах зорилготой байсан, энэ шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах үүргийг ч ШӨХТГ гэх мэт байгууллагын дарга нарт өгсөн. Өнөөдүүл нь ганц нэг бичиг сачиг шидэж, хууль бусаар үнээ нэмлээ гэж хурал хийгээд л өнгөрсөн. О
доогоор үр дүнд хүрсэн юм алга. Гэтэл яг нарийн дээрээ шатахуун импортлогчид хямд үнээр авсан барааныхаа үлдэгдлийг үнэтэй зараад, ашиг олоод л сууж байна. Сөрөг хүчин байхдаа сүрхий сүрхий хашгичаад байсан хүмүүс яав. МАН-ын 65 зүтгэхгүй байгаа нь ам.долларын өсөлт, шатахууны үнийн нэмэгдлээс л харагдана. Уг нь шатахуун импортлогчид бүгд МАН-ын угшилтай, тэдний “гал тогоо”-ны хүмүүс.
Гэвч тэд шатахуун импортолж байгаа бизнесмэнүүдийнхээ ашиг орлогыг л дэмжээд, ард түмнээ мартчихсан юм биш үү. Үнэхээр шатахууны үнийг барих чадалтай л юм бол онцгой албан татвараа тэглээд, үнээ нэмэхгүй шүү гэдэг даалгаварыг өгөх л хэрэгтэй. Тэд тэгж чадсангүй. Үүнээс нь болоод өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсч байна. Такси хүртэл үнээ нэмж эхэлсэн. Шалтгаан нь ердөө л шатахууны үнийн өсөлт. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бүх хиамны үйлдвэрүүд үнээ нэмчихлээ. Кг тутамдаа 2-3 мянган төгрөгөөр нэмчихсэн. Махны үнэ ч гэсэн 500-1000, цаашлаад 2000 төгрөгөөр нэмэгдээд байна. Ерөөсөө үнэ нь нэмэгдээгүй бараа бүтээгдэхүүн гэж алга. Манай улсад нэг сонин тогтолцоо бий.
Валютын ханш ганц, хоёр төгрөгөөр нэмэгдэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ 10, 20-иор өсдөг. Яах вэ, гаднаас бүх зүйлээ оруулж ирж, өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй шахам байгаагийн гай л даа. Дээрээс нь шатахууны үнэ 10, 20 төгрөгөөр нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүн 100, 200-гаар нэмэгдэнэ. Мэдээж тээвэрлэлтийн зардал бага сага нэмэгддэг л байх. Гэхдээ шалтаг болгож нэмэх нь их. Цаашлаад баяр дөхөөд ирэхээр бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нэг уламжлал бий. Гадаад орнууд баярын үеэр бараа бүтээгдэхүүнээ тултал нь хямдруулж, иргэддээ бэлэг барьдаг юм гэнэ билээ. Юм үзэж, нүд тайлсан хүмүүсийн яриаг сонсоод байхад. Манайд бол үнээ нэмж бэлэг барина.
Цагаан сараар гайгүйхэн гурилын үнэ кг нь 2500 төгрөг хүрч байсан сайхан түүх ч манай улсад бий. Электрон барааны дэлгүүрүүд нь баяр дөхөхөөр худлаа хямдрал зарлана. Хүнийг хуурч болох бүхнийг хийнэ. Мэдээж бүх зүйлээ гадаадаас авч байгаа болохоор хямдруулаад байж чадахгүй л дээ. Гэхдээ эх орны үйлдвэрлэгчид үнээ жаахан хямдруулж, иргэдээ баярлуулж болно доо, бас.
Тийм ч юм байхгүй. Харин ч Монголд үйлдэрлэсэн нэртэй л тэнгэрт тулсан үнэтэй. Хямдрал энэ тэрийн тухай бол яриад ч хэрэггүй. Хөдөөнийхөн хүртэл цагаан сар дөхөхөөр цагаан идээнийхээ үнийг тэнгэрт тулгачихна. Таван кг аарцаар л тавьсан болов уу гэмээр таваг засах ааруул 140 мянган төгрөг байх жишээтэй. Сайндаа л 30 мянган төгрөгийн түүхий эдээр хийчихээд 200 мянгаар зарахаар чинь яах болж байна аа. Төр засаг нь ч иргэдээ бодохгүй, олигтой ажиллахгүй. Бид өөрсдөө ч бие биеэ бодохгүй байна. Энэ жилийн цагаан сараар иргэд үнийн дарамтад ороод л өнгөрөх нь. Үнэ ч мандаж байна даа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.