Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр сонгуулийн дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ жилийн сонгуулийн санал хуралт техник, технологийн өндөр шийдэлтэйгээр явагдаж, СЕХ-оо шуурхай, шударга ажиллаа хэмээгээд “Энэ жилийн сонгууль цунами мэт үзэгдэл болж өндөрлөлөө. Учир утгагүй хүнийг гүтгэж, сонгуульд ялалт байгуулж болдгийг харлаа. Энэ үзэгдэл нь цунами юм. Энэ жилийн сонгуулийн санал хураалтын үр дүнг янз бүрийн мэргэн цэцэн үгээр тайлбарлах хүмүүст байгаа байх.
Гэхдээ үүнийг хэн ч тайлбарлаж чадахгүй. Би ч чадахгүй. Ийм зүйл боллоо. Ард түмэн бүтээн байгуулалтын ажлаас илүү хар гүтгэлгэд итгэлээ. Улс төрд ийм хандлага тогтчихлоо. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Би нэг гурван зүйлд маш их санаа зовж байна. Нэгдүгээрт, гэр хорооллыг дахин төлөвлөх “Сайн хашаа” хөтөлбөрийн хэрэгжилт зогсох вий гэхээс эмээж байна. Энэ бол маш үр дүнтэй хөтөлбөр.
Хоёрдугаарт, бид төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байгуулсан. Энэ ажил цаашид үргэлжлэх ёстой. Төрийн албаны эрх дархтаны ёс суртахуунгүй байдалд ард иргэд дарлагдахаас хамгаалсан ажил. Гуравдугаарт, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр цаашид хэрэгжихгүй байх вий гэдэгт санаа зовж байна. Энэ хөтөлбөр Монголын соёл, урлагийг дэмжээд зогсохгүй Улаанбаатарыг олон улсад танилцуулсан. Цаашдын удирдлагууд энэ ажлуудыг анхаарч, бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүй байгаасай гэж хүсч байна” гэсэн юм. Мөн тэрбээр “МАН НИТХ болон УИХ хуралд олонхийг авлаа. Энэ ард түмний сонголт байлаа” гэдгийг онцолж, Нийслэлийн АН-ын даргын ажлаа өгөхөө мэдэгдсэн юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.