Л.Ренчинням: Дархад дууг поп опера урсгалд оруулж дуулах нь миний мөрөөдөл

Л.Ренчинням: Дархад дууг поп опера урсгалд оруулж дуулах нь миний мөрөөдөл

Монгол түмний дууг нь шимтэн сонсдог хамтлагийн нэг болох монгол поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн гишүүн Л.Ренчиннямыг уншигч та бүхэнтэйгээ уулзуулах гэж байна. Тэрбээр, хамтлагийнхаа баритон хоолойтой дуучин гэдгийг сонсогч фэнүүд нь андахгүй мэднэ. Дархадын цэнхэр хотгор хэмээх байгалийн сайхан цогцолсон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул залуу дуучинтай энэ удаад уран бүтээл болон түүний бага нас, аав ээжийнх нь ажил амьдралын талаар “амттай” яриа өрнүүлсэн юм. 

-“Увертюра” хамтлагийг эдүгээ мэдэхгүй хүн Монголд цөөхөн. Дуучдыг нь ч эчнээ таньдаг. Гэвч хамтлагийн баритон хоолойтой Л.Ренчиннямын талаар сонсогчид тэр болгон нарийн мэдээлэл байхгүй болов уу. Тиймээс ярилцлагаа өөрийн тань төрсөн нутаг, бага насны тухай дурсамжаас эхлэх үү? 

-Би Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул. Ренчинлхүмбэ суманд 1986 оны арванхоёрдугаар сарын 14-нд төрсөн. Аав, ээж маань дархад ястан. Аав маань  40 гаруй жил технологийн багшаар ажилласан, багш мэргэжилтэй хүн байсан. 2008 онд бурхан болсон. Дархад нутгийн зон олон “Уран” Ламжий гэдгээр нь илүү сайн мэднэ дээ.
 
Би айлын бага  хүү. Миний дээр Ренчиндаваа, Ренчинпүрэв гэж хоёр сайхан ах бий. Ренчинням гэж нэрийг маань Ренчинлхүмбэ суманд ням гарагт төрсөн болохоор тэгж өгсөн юм гэнэ билээ. Манай ах нарыг ч гэсэн төрсөн гарагаар нь нэрлэсэн. Ээж минь насаараа сумандаа сувилагч хийсэн н.Отгон гэж хүн байдаг. Одоо хотод амьдарч байна. Гэхдээ зун болохоор л нутаг орноо санаад байна гээд явчихдаг юм. Би багаасаа л урлаг сонирхдог хүүхэд байлаа. Бага ангиа төгсөөд дуулж эхэлсэн. Бага ангид байхдаа “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дууг дуулж, сургуулийнхаа аварга болж байлаа. Тэндээс л урлагт дурлаж эхэлсэн дээ.
 
2005 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн суралцаж, ангийнхаа гурван залуутай нийлж хамтлаг байгуулсан юм. Манай гурав чинь гурвуулаа хотынх. Хөдөө төрж, өссөн нь би. Миний бага нас Хөвсгөл далайн эрэг дээр өвс хадаж л өнгөрсөн юм даа. Багадаа хадланд их явна. 2008 оны олимп болж байхад өвс хадаад зогсч байлаа шүү дээ. Оюутан цагтаа жимс их түүдэг байлаа. Сумын төвд үе тэнгийн найзуудтайгаа халтар болтлоол тоглож өслөө. 
 
-Аав чинь насаараа Ренчинлхүмбэ суманд багшилж байв уу? 
 
-Ер нь бол тэгж хэлж болно. Цагаан-Уул, Хатгал зэрэг сумдад багшилж байсан. Уран зураг зурдаг, модоор их олон зүйл хийдэг хүн байсан. Тэгээд л нутгийн зон олон “Уран” Ламжий гэж нэрлэсэн юм билээ. Ээж маань Ренчинлхүмбэ сумын уугуул, гуравдугаар багийн Шаргын захад өсч төрсөн хүн. Аав, ээж хоёр маань хоёулаа л энэ нутгийн уугуул. Өнөөдрийг хүртэл миний ах дүү нар Шаргын захаар амьдарч, ажиллаж байна. Улсын сайн малчин “Тайван” Хүүжий гэж хүн миний ах. Улсдаа малаараа их л дээгүүр ордог. Аавын маань дүү Болд гэж хүн одоо ч Шаргын захад амьдарч байна. 
 
-Нутаг усныхаа талаар яриач. Би очиж үзээгүй л дээ. Гэхдээ үлгэрийн юм шиг сайхан хангай гэж олон хүнээс дуулж байсан? 
 
-Үлгэрийн юм шиг сайхан хангай гэж төрсөн нутгаа магтчихъя. Дөрвөн зүгтээ уулаар хашаалагдсан сайхан хангай. Урд талд нь Хорьдилын цэнхэр уулс. Хойд талд нь Монгол шарын даваа нь байж байна. Монголын хамгийн өндөр хүрхрээ болох Арсайн хүрхрээ төрсөн нутагт маань байдаг. Өнөө жил Ренчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийн түүхт 90 жилийн ой тохиож байгаа.
 
МУСТА О.Баянмөнх ахтайгаа хамтраад сургуулийнхаа сүлд дууг дуулж байгаа. Манай сургууль чинь “Зууны манлай” кино найруулагч Д.Жигжидийн нэрэмжит. Тун удахгүй нутгаа зорино доо. Ойдоо очиж оролцоно. Би чинь энд суурьшаад гэр бүлтэй болсон ч гэсэн гэрээ санана. Нутгаа санаад л гараад давхичихна шүү дээ. 
 
-Хамтлагийнхаа түүхээс яриач. Хамтлаг байгуулах бодол яагаад төрөх болов? 
 
-Бид дөрөв чинь нэг анги. Уг нь тавуулаа байсан юм. Гэхдээ нэг нь хамтлагаасаа гарч ажил, амьдралын шаардлагаар одоо Багахангай дүүргийн Соёлын төвийн дарга хийж байна. Хөгжим бүжгийн коллежи дотроо “Гарын таван хуруу” гэж нэрлэгддэг. Спорт урлагийн олон янзын тэмцээнд бид тав л оролцоно. 2009 онд Ганбаагийн төрсөн өдрөөр анх хамтлаг байгуулах тухай яриа гарч байсан юм. Энэ бодлоо ажил хэрэг болгох гэж явсаар 2011 онд сургуулиа төгсөөд хамтлагаа албан ёсоор байгуулж байлаа.
 
Хамтлаг байгуулахад мэдээж хоолойн өнгө, хөг хэмнэл зохицох эсэх нь чухал. Гэтэл бид тавыг яг л цаанаас нь тохируулчихсан юм шиг таардаг байсан. Манай Ганбаатар тенор, би тенор, Пүрэвдагва тенор, Шинээ баритон гэж явдаг байсан. Хамтлаг болох үндэслэлгүй хоолойтой хүмүүс байлаа. Гэвч курс ахих тусам хүний хоолойн өнгө өөрчлөгдөж эхэлдэг юм билээ. Тэгээд Ганбаа басс баритон, би баритон, Пүрэвдагва хоёрдугаар тенор, Шинээ бүр нэгдүгээр тенор болсон. Ингээд л хамтлагт байх ёстой зарчим, хоолой бүрдчихсэн.
 
Ямар стилиэр уран бүтээл хийх вэ гэдгээ ярилцаад монгол дууг поп опера чиглэлд оруулъя гэж шийдсэн. Ингэж л анхны уран бүтээл болох “Өнө мөнх орон” дууг поп опера чиглэлээр туурвисан. Хамтлаг маань байгуулагдаад зургаан жил болчихлоо. Би хэд хэдэн удаа төрсөн нутагтаа хамтлагтайгаа очиж үнэгүй тоглолт хийж байлаа. Нутгийн зон олон маань манай хамтлагийн үнэнч фэнүүд шүү дээ /инээв/. Урлагийн их тогоонд багтаж яваагийн хувьд нутгийн зон олон, уул ус, аав ээжээ баярлуулах ёстой гэж бодон нутгаа зорин очиж, тоглолтоо хийж байлаа. Хоёр машинтай гараад л давхина шүү дээ. 
 
-Дуу хуурын өлгий Дундговь гэж ярьдаг. Энэ ч тогтсон ойлголт байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд Хөвсгөл нутгаас олон сайхан дуучид төрөн гарлаа. Ер нь өөрийн тань удамд дуучин хүн бий юу? 
 
-Удам гэж хэлэхээр ч хүн байхгүй дээ. Гэхдээ манай буурал аав Баатар гэж хүн их сайхан дуучид дуулдаг хүн байсан гэдэг. Адуунд явахдаа их дуулдаг байсан гэнэ билээ. Манай гэр бүлд надаас өөр дуулдаг хүн байхгүй. Хүн аав, ээжийнхээ авьяасыг өвлөдөг гэдэг. Манай ах нар гайхалтай гоё зурдаг. Нэг нь аавын мэргэжлийг өвлөж дизайнер мэргэжлээр ажилладаг.
 
Миний хувьд урлаг, уран сайхны талаар аавынхаа талын авьяасыг өвлөсөн юм болов уу гэж боддог. Оолон ч аймгаас сайхан дуучид төрөн гарч байгаа. Манай Хөвсгөлийн дуучид уул ус ихтэй, байгалийн сайхан үзэсгэлэнд байдаг учраас арай өөр дуугардаг гэж хэлдэг юм билээ. Манай Дархад дуу хүртэл их өвөрмөц. Дуу эхлэхдээ ихэвчлэн дээд өнгөнөөс эхэлдэг. Өндөр уулаа харж дуулсаар байгаад нот нь хүртэл өндөр байдаг юм болов уу гэсэн яриа байдаг юм билээ. Уул устай нь холбож хүчтэй бөхчүүд, хүчтэй дуучин төрдөг гэсэн яриаг би хувьдаа үгүйсгэдэггүй. Тэглээ гээд бусад дуучдаа үгүйсгэсэн хэрэг биш шүү. Нутгийн онцлогийн тухайд асуусан учраас л хариулсан хэрэг. 
 
-Поп опера урсгалыг “Нюанс” хамтлаг  анх таниулж байлаа. Энэ урсгалыг монгол дуутай холбож дуулна гэхээр зарим хүмүүс­ийн хувьд сонин сэдэв байх. Поп опера урсгал монгол дуутай төгс нийлж чадаж байна уу? 
 
-“Нюанс”-ын ах нар яах аргагүй энэ урсгалыг Монголд оруулж ирсэн хүмүүс. Бидний хувьд ах нараасаа ялгарахын тулд арай өөрөөр сэтгэх ёстой болсон л доо. Тэгээд яагаад монгол дууг поп опера урсгалаар дуулж болдоггүй юм бэ гэж ярилцаад монгол хөгжмийн зохиолч, яруу найрагчийн бүтээлийг поп опера чиглэлээр дуулъя гэж шийдсэн. Мэргэжлийн дуунууд бас байна. Шарав гуайн мундаг бүтээлүүд поп опера урсгалд хөрвүүлэх бүрэн боломжтой.
 
Тухайлбал, “Өнө мөнх орон” поп опера урсгалд оруулах гэж нэлээд хичээсэн уран бүтээл. Бид мэргэжлийн сургууль төгссөн учраас мэргэжлийн уран бүтээл хийх сонирхолтой байдаг. Түүнийгээ орчин цагийн хөгжмийн урсгалтай холбоод поп опера гээд явахаар илүү дөхөм. Дан опера чиглэлээр явж болно л доо. Гэхдээ үзэгч биднээс юу хүсч байна түүнийг мэдэрч уран бүтээлээ хийх нь чухал. 
 
-Бүх л дууг поп опера урсгалаар дуулж болохгүй биз дээ?
 
-Болохгүй. Өөрчилж дуулах боломжтой дууг бид сонгоод, захиалдаг. Тухайлбал, Шарав гуайн “Өнө мөнх орон”-оос гадна “Илүү сартай зун” кинонд эгшиглэдэг “Цагийн аяс” гээд аялгуунд Д.Сосорбарам ах үг бичээд дуулахад яг л поп опера болж байгаа юм.  Бид ихэвчлэн эх орны сэдэвтэй дуу дуулдаг. Гэхдээ “Хүний заяа”, “Аав ээж хоёр минь” гэх мэт мэргэжлийн уран бүтээлүүд поп опера чиглэлээр дуулахад илүү хэмнэлтэй байдаг. 
 
-Дуучид нутаг усныхаа талаар олон сайхан уран бүтээл туурвидаг. Чиний хувьд өсч төрсөн Хөвсгөл нутгийнхаа талаар поп опера чиглэлийн уран бүтээл туурвих бодол байдаг уу? 
 
-Байлгүй яах вэ. Ялангуяа Дархад дууг поп опера урсгалд оруулж дуулах бүрэн боломжтой. Миний мөрөөдөл гэж хэлж болно доо. Мөрөөдлөө ажил хэрэг болгохын тулд судалгааны ажил хийгээд явж байна. Уран бүтээл хийгээд явж байхад дархад дуугаа сайн мэдэхгүй байх тохиолдол надад гарч байсан. Ийм зүйл байж болохгүй гэж өөртөө шаардлага тавьж сүүлийн үед унаган нутгийнхаа дуу хуурыг илүү их судалж, суралцаж явна. Төсөл хийх гэж бодоод л явж байна. Хэтэрхий эрт зарлачихвал болохгүй байх л даа. Нууц хэвээр үлдээчих үү. 
 
-Төрсөн нутгийнханд чинь тун гэнэтийн мэдээ байх байлгүй дээ? 
 
-Задлахгүй ээ. /инээв/. Нарийн цохилоо, аялгуу зэргийг нь алдагдуулахгүй гаргахын тулд их хичээх ёстой юм билээ. Тиймээс судалгаа их шаардаж байна. Суралцах зүйл ч их байна. Урианхай түмний дуу “Самгалдай” тухайлбал поп опера чиглэлээр дуулах бүрэн боломжтой. “Сэнжтэй дөрөө”, “Далийн цэцэг” гэх мэт олон ч дархад ардын дууг поп опера урсгалаар дуулах гэж судлаад, суралцаад явж байгаа. 
 
-Соло уран бүтээл урын санд чинь хэр олон байна? 
 
-Байлгүй яах вэ. Хөвсгөл аймгийн уран бүтээлчид, тэр дундаа Ренчинлхүмбэ суманд багш, захирлаар ажиллаж байсан Я.Баатар гуайн бичсэн сайхан шүлгээр, АБТА н.Сэргэлэн ахынхаа аялгуугаар хийсэн уран бүтээл гаргаж байлаа. “Зөөлөн уул” гэх  сайхан уран бүтээлийг Зөөлөн ууланд хөшөө болгож мөнхлөх ажил хийгдэж байгаа. Нотыг нь би саяхан бичиж өглөө.  
 
Ренчинлхүмбэ сумын хүн бүхний мэдэх Б.Баасансүрэнгийн аялгуу, аав нь болох н.Баярсайханы үг “Аяны шувууд”, “Нутаг минь”  гэх мэт олон сайхан уран бүтээлийг  хамтлаг байгуулахаас өмнө оюутан байхдаа дуулсан. Дуучин болмоор байна гээд л ахаасаа мөнгө гуйгаад нутгийнхаа уран бүтээлийг гаргадаг байлаа. Хамтлагаа байгуулснаас хойш соло уран бүтээл хийх боломж бараг л үгүй болсон.
 
Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Газрын дарга н.Бямбадоржийн үг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Хөвсгөлийн барилгачид” гэх уран бүтээлийг Хөвсгөл аймгийн Барилгын хэлтсийн дарга н.Энхжаргал эгчтэйгээ хамтраад гаргалаа. Мөн МУГЖ Ө.Уянга эгчтэй хамтран “Хөх сувдын орон” гэж сайхан уран бүтээл туурвисан. Энэ уран бүтээл маань мөн л 
 
Цэн.Эрдэнэбатын аялгуу, Жанхай нэрээр алдаршсан Даваадамдин ахын үг. 
 
-Хамтлагийн хувьд уран бүтээлийн арвин олзтой байгаа. Томоохон мюзикл тоглосон. Уран бүтээлийн олз омгоосоо манай уншигчидтай хуваалцаач? 
 
-Тэгэлгүй яах вэ. Энэ оны нэгдүгээр сарын 22, 23, 24-нд Улсын драмын эрдмийн театрт “Надад үлдсэн найз” мюзикл тоглолоо. Зоригтой шийдвэр гарган тоглосон маань маш амжилттай болсон. Гуравдугаар сарын 18-нд “Монгол цэргийн баяр”-аар мөн үзэгчдийнхээ хүсэлтээр дахин тоглосон. Одоо энэхүү мюзиклийнхээ цомгийг гаргах, мөн хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байна. 
 
-Мюзикл дуулах, жүжиг­лэх ур чадварыг дуучнаас шаарддаг. Хэр их бэрхшээлтэй тулгарав? 
 
-“Милл” кино компани бидний захиалгаар бүтээсэн. Өөрт чинь анх “Бид мюзиклийн дуучид болно” гэж ярилцлага өгч байснаа санаж байна. Тэгээд л хэлсэн амандаа хүрч “Милл” кино компанийн н.Лхагважаргал ах найруулж, н.Мөнхбат ах зохиолыг нь бичиж бид дөрөвт зориулж “Надад үлдсэн найз” гэх уран бүтээлийг хийлээ. Хөгжмийн зохиолчоор “Анир” студийн Б.Алтанхуяг ах ажиллаж, үгийг нь Л.Таванбаяр найруулагч хийсэн.
 
Аливаа уран бүтээлчид дангаараа мюзикл босгоно гэдэг төсөв мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй байлаа. Их ч хичээлээ. Мэргэжлийн жүжигчид болох Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар ах болон бусад уран бүтээлчидтэй хамтраад хийж чадсан. Мэргэжлийн жүжигчид маань их зааж зөвлөж байсан шүү.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.