УИХ-ын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн явцыг АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар улсаас болон Олон улсын байгууллагаас нийт 430 гаруй төлөөлөгч ирж ажигласан. Тэгвэл
Олон улсын сонгуулийг ажиглах хорооноос урьдчилсан дүгнэлтээ гаргаж танилцууллаа.
Сонгуулийн дүгнэлтийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Сонгууль ажиглах хорооны тэргүүн Элчин сайд хатагтай Одри Гловер, Сонгууль ажиглах хорооны төлөөлөгч ноён Үлви Акхундлу, Брюссель дахь Европын Парламентын төлөөлөгч Тимоти Боден нар танилцуулсан байна. Тэд Монгол Улсын парламентын энэ удаагийн сонгуулиар эмх журамтай өрсөлдөөн өрнөж, эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн, тайван байдалд болсныг онцлоод хэдийгээр тайван, иргэдийн оролцоо өндөр байсан ч сонгуулийн хуульд тулгаж өөрчлөлт оруулсны улмаас Монголын ардчиллын хөгжилд сөрөг үр дагавартай байсныг дурьдав.
Ажиглагчдын үзэж буйгаар сонгуулийн сурталчилгаанд тавьсан зарим хязгаарлалт, хэвлэл мэдээллийн байгууллага болон зарим талаар улс төрийн хүчний ашиг сонирхолд үйлчилсний улмаас сонгогчдод хүрэх бодит мэдээллийг хязгаарласан, эмэгтэйчүүдийн квотыг хэлэлцүүлэлгүй бууруулсан, сонгуулиас өмнөхөн баталсан хуулиа хэрэглэсэн, нэр дэвшигчидтэй холбоотой гомдлыг хэлэлцэж шийдвэр гаргах шүүх, хяналтын байгууллага хариуцлагагүй ажилласан зэрэг алдаа дутагдал гарчээ.
Мөн эднээс хамгийн чухал нь Үндсэн хуулийн цэцийн дарга болон АТГ-ын дарга нарыг томилолгүй сонгуульд оролцсон нь санаа зовоосон асуудал байсныг онцоллоо. Олон улсын сонгуулийг ажиглах хорооноос санал тоолох болон үр дүнг нэгтгэх ажиллагаанд хийсэн үнэлгээ нь ерөнхийдөө эерэгээр үнэлж болох үнэлгээнээс мэдэгдэхүйц хэмжээнд хол байсан гэж дүгнэсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.