С.Жавхлан: Монголын л төлөө бол С.Жавхлан чөтгөртэй ч хамтрахад бэлэн

С.Жавхлан: Монголын л төлөө бол С.Жавхлан чөтгөртэй ч хамтрахад бэлэн

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүнээр Баянзүрх дүүргийн иргэдийн үнэмлэхүй саналыг авч ялалт байгуулсан МУГЖ С.Жавхлантай ярилцлаа.


-Ялалт байгуулсан танд баяр хүргэе. Сонгогчиддоо болон монгол түмэнд хандаад сэтгэгдлээ илэрхийлээч?
-Дэмжиж байсан Монголын тал нутаг, хамаг Монголд хүртэл дэлхийгээр цацсан шагай шиг байгаа ах дүүс маань хүртэл чих тавин сонсч байсан. Зөвхөн монголчууд биш. Хамаг монголчууд минь сонсч байлаа гэж хэлмээр байна. Надад итгэл хүлээлгэсэн тойргийн нийт түмэн олондоо маш их баярлалаа. Монгол дээлтэйгээ очиж, монгол сонгууль өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. С.Жавхлан ялаагүй. Монгол яллаа. Миний ярьж явдаг монгол ёс заншил яллаа. Мартагдаж байгаа соёл маань яллаа гэж хэлмээр байна. Энэ ялалт дахин олон зүйлийг ялах байх.

-Нэг намын үнэмлэхүй олонхи болсон парламентад та орж байна. Тэгэхээр бие даагчийн хувиар яаж ажиллах бодолтой байна вэ?
-Би монголын төлөө чөтгөртэй ч нийлэх болно гэдгийг дөрвөн жилийн өмнө хэлж байсан. Одоо ч би Монголын төлөө бол хэн гуай байсан ч хамаагүй. Аль байх нь хамаагүй. Монгол асар их талцал үүсээд байна. Уулын ар, өврөөр нам, эвсэл, цэнхэр, улаанаараа талцаж байна. Тиймээс энэ муухай талцлыг оёж, эвцэлдүүлэх чиглэлийг барьж, ажиллах болно. Монголын төлөө бол бүгдтэй нь хамтрана.

-Таны сонгуулийн сурталчилгаа нэлээд өвөрмөц байсан. Сурталчилгаагаа яагаад тэгж хийгээр болсон юм бэ?
-Ер нь хэмнэж чадсан хүн  хийж чаддаг учиртай. Монголынхоо сүлд шүтээн болсон хүлэг морио унасан. Бууруулагчтай хар шилтэй том, том машин унаад, муур шиг гэтэж явах, монголынхоо сүлд морин дэл дээр хийсч явах ялгаатай. Түмэн олныхоо амьдарлыг морин дэл дээр харах бол машин унаад явахаас тэнгэр, газар шиг ялгаатай юм билээ. Сая би үнэмлэх авах гээд Төрийн ордонд орж ирлээ. Тэгээд харж байхад гадаад хүмүүс дунд байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байна. Бүгд гадаад хувцастай хар, хар хорхой шиг. Ер нь монгол зүйл нүдний гэм болж, адлагдаж байна. Монгол гэсэн юм бүхэн үгүйсгэгддэг байсан. Тиймээс л би сонгуулийн сурталчилгаагаа монголоороо хийсэн.

-Сурталчилгааны үеэр үхэр тэрэг унаад байсан?
-Үхэр тэрэг унасан шалтгаан нь Монголд зөвхөн морь гэдэг унаа, уналаг байдаггүй. Монгол зөндөө олон уналаг, унаш байдаг юм. Дээр нь хүмүүстэй уулзахад их амар байсан. Учир нь машины шил хаахгүй. Айлын хашааны хаалга нүдээд байхгүй, шууд дээгүүр нь сурталчилгаагаа өгөхөд маш амар байсан.

Өөрөөр хэлбэл, нүүр тулж ажиллахад амар байсан юм. Мөн шатахуунд мөнгө зарахгүй, замын түгжрэлд орохгүй гэсэн шалтгаанаар морь унасан. Их олон залуус миний төлөө ажилласан. Ердийн хөсөг монгол ёс заншлын тусламжтайгаар маш хурдан асар олон хүнд хүрч чадлаа. Монголын зүйл хурдтай байж. Их Эзэн хаан маань дэлхийг мориороо хурааж явсан юм шүү дээ. С.Жавхлан сонгуулийн нэг хороог мориор хураахад бэрхшээл гарсангүй.

-Та дээлтэйгээ парламентад суух уу?
 -Тэгнэ. Ганцхан би ч биш бүгдийг нь дээл өмсгөнө. Монголын төлөө ярьж хуралдаж байгаа л бол монгол ёс заншлаараа байх ёстой. Өөрөө гадаад хувцас өмсч, гадаадаас хөрөнгө оруулдаг атлаа монголын эдийн засаг гэж ярихгүй ээ. Одоо жинхэнэ ядаргаа болно. Танай ярилцлагыг уншиж байгаа бол улстөрчид өө бүгдээрээ дээлээ өмсөнө өө гэж хэлье. Тангараг өргөх ёслол, цаашлаад хуралдаа ч монгол хувцсаа өмсөхгүй бол С.Жавхлан тэмцэнэ шүү.  

-Та хамгийн түрүүнд юу хийх бодолтой байна?
-Би зүгээр суухгүй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ. Ард түмнийхээ дунд явж ажиллана. Уран бүтээлээ ч орхихгүй.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.