Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хамгийн их яригдсан асуудал бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар тохирсон үйл явдал байлаа. Мөн АН-ын зарим гишүүдийг баривчилсан. Дээрээс нь гадаадаас зээл авахаар болж буй асуудлууд ч олон нийтийн анхаарлын төвд байлаа.

Ц.Мөнх-Оргил: Хятадаас авах тэрбум ам.долларын зээлийг барилгажуулах ажилд зарцуулна

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ, БНХАУ-д айлчлал хийгээд ирсэн. Айлч­ла­лын­хаа талаарх мэдээллийг энэ долоо хоногт өгч, ямар асуудал шийдсэн талаараа ярьсан билээ. Тэрбээр “БНХАУ-д айлчилсан миний зорилго  энэ оны III, IV сард урд хөршид хийх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын бэлтгэл ажлыг хангах явдал байсан.

Юуны өмнө “Нэг зам-Нэг бүс” олон улсын хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зинпингийн урилгаар оролцохоор боллоо. Манай талаас БНХАУ-аас Монголын түр зуурын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүү­лэ­хийг санал болгосон. Хята­дын тал дэмжлэг үзүүлнэ гэд­гээ илэр­хийлсэн. ОУВС-тай тохи­рол­цоонд хүрч байгааг олон улсын төвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой үйл явц бүрдүүлж байна хэмээн сайшаасан. БНХАУ ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкаар дамжуулан дэмжлэгээ үзүүлнэ.

Өнгөрсөн жил тус улсын Ерөнхий сайд манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал огт хөдлөөгүй байгаа. Түүний шийдье, гэхдээ уг хөрөнгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин барилгажуулах, барилгажуулалтын явцад тухайн бүсийн иргэдийг амьдруулах 1000 айлын орон сууцны цогцолбор болон Монголын боомтуудыг бэх­жүү­лэ­хэд зориулна гэдгээ илэр­­хийл­­сэн. Эхний ээлжинд БНХАУ-аас нэг тэрбум ам.дол­ла­рын хөнгөлөлттэй зээл, нэг тэр­бум юанийн буцалтгүй тусламж өгө­­хөөр тохирсон” хэмээн ярьсан байна.

Д.Эрдэнэбат: Хөгжлийн банкны асуудлаар МАН-ын гишүүдийг ч шалгах ёстой

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарыг баривчилсан нь өнгөрч байгаа долоо хоногийн гол үйл явдлын нэг байлаа. Энэ үйл явдалтай холбоотойгоор АН-ын бүлгээс мэдээлэл хийж, гишүүд нь байр сууриа илэрхийлсэн. АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АН удаа дараа байр сууриа илэрхийсэн. Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой. Үндсэндээ ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан. Үүнд ялгавартай, улстөржсөн байдлаар хандаж байгааг бид буруу гэж үзэж байна.

Зорилготой улс төрийн үйл ажиллагаа болгож байгаад харамсаж байгаа. Бид хоёр андыгаа ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, идсэн уусан гэж бодохгүй байна. Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал. Ямар ч тогтоол шийдвэр байхгүй.

Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол АН-ын гишүүдийг ч, МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой. Ардчиллын үнэ цэнийг нухчин дарах бодлого дэндүү хүчтэй явагдаж байна. Энэ нь эргээд 26 жилийн өмнө байсан хуучин бодлого руу явуулж байгаа юм. Улстөрчдийг баривчилж байгаа баривчилгаа МАН-ын, М.Энхболдын сонгуулийн сур­тал­чил­гаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж харж байна. Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн суртал­чил­гаа сөрөг хүчний гишүү­дийн барив­чил­гаа­наас эхэлж байна. Энэ бол байж болшгүй зүйл” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.  

Д.Дамба-Очир: Монголын хамгийн түрүүнд хийх ажил нефть боловсруулах үйлдвэр барих

Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болохоор сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж байгаа. Ер нь үе үеийн Засгийн газрын сайдууд энэ талаар ярьж байсан ч хараахан биелэлээ олоогүй л байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ асуудлаар ярьжээ. Тэрбээр “Монгол Улсын импор­тоор авдаг бараа бүтээг­дэ­хүү­ний 50-60 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл,  хамгийн их валют зар­цуул­даг зүйл бол нефтийн бүтээг­дэхүүн. Энэ нь валютын хомс­дол, үнийн хөөрөгдөл үүсэх гол шалт­гаан болдог.

Тиймээс Энэт­хэг улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлийг газрын тос боловс­руулах үйлдвэр барихаар шийдсэн нь маш зөв алхам. Энэ үйлдвэр ашигтай, ашиггүй байх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа. Гэтэл манайх жилийн хэрэглээнийхээ 80-90 хувийг ОХУ-аас хангаж байна.

Нефтийн хэрэглээ нэг улс орноос хамааралтай байж болохгүй. Бид өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй, нөөцтэй байх ёстой. Урд хөрш хилээ хаах, хойд хөрш үнээ нэмэх зэрэг ямар ч тохиолдолд бид нийт хэрэглээнийхээ 20-30 хувийн нөөцтэй байх ёстой. Энэ утгаараа их чухал үйлдвэр. Олон жил яригдсан энэ үйлдвэрийг барих цаг нь болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Газрын тос боловс­руу­лах үйлдвэр бай­гуу­ла­хаар Энэтхэгийн талтай яриа хэлэлцээрүүдийг хийсэн.

Монгол­чуу­дын олон жил ярьсан нефть бо­ловс­руулах үйлдвэр энэ хав­раас баригдаж эхэлнэ.  Монгол Улс алийн болгон түүхийн эдийн баазын орон байх ёстой юм бэ. Түүхий нефть, зэсийн баяж­мал, төмрийн хүдрийг огт боловсруулахгүйгээр гаргасаар ирлээ. Яагаад бид дотооддоо боловсруулаад, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаж болохгүй гэж. Тухайлбал бид зэсийн баяжмалыг 500-600 ам.доллараар худалдаж байгаа бол боловсруулалт хийгээд гаргахад 5000-6000 ам.доллараар зарах боломжтой. Тиймээс Монгол Улсын хамгийн түрүүнд хийх ажил бол боловсруулах үйлдвэр байгуулах юм. Томоохон үйлдвэрүүдийг дагаж жижиг дунд үйлдвэр хөгждөг олон улсын жишиг бий. Энэ хэрээр ажлын байр бий болж, үйлдвэрлэл хөгжинө” хэмээн ярьсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.