Агаарын бохирдол цахилгааны шугамыг ч гэмтээж байна гэнэ

Агаарын бохирдол цахилгааны шугамыг ч гэмтээж байна гэнэ

Эрчим хүчний сайд  дэд сайд Т.Гантулга салбарынхаа  ачааны хүндийг үүрдэг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-IV” ТӨХК-иудын ажилтай танилцсан билээ.

Т.Гантулга:  Хэрэглэгчдэд  улам илүү сайн үйлчилгээг үзүүлэх нь нь чухал

Дэд сайдын  хамгийн түрүүнд   орсон газар бол “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”  ТӨХК.  Монголчуудын 72 хувийг эрчим хүчээр хангадаг  энэ компанийн хамт олон 4.7 тэрбум кВт/цаг эрчим хүч түгээсэн гэдгээ дэд сайдад бахархалтайгаар танилцуулж байв.

Бичин жилийн идэр есийн жавар тачигнасан өдрүүдэд  994 МВт  ачаалалтайгаар ажилласныг электрон самбар  оргил үе хэмээн зааж, улаан гэрэл анивчин тодотгон өгч байлаа.  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани түүхэндээ  ийм өндөр ачааллыг тун цөөн авч байсан  агаад сүүлийн 20 жил тохиогоогүй гэнэ. Тус компани 1976 онд байгуулагдсан агаад эдүгээ Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Баянхонгор зэрэг 16 аймгийн 300 гаруй сум, суурин газарт цахилгаан түгээдэг түгээгчид эдийн засаг хямралтай  байгаа энэ цаг үед  960 сая төгрөгийн ашигтай ажиллаж, ОХУ-аас 176 сая кВт. цаг, БНХАУ-аас  нэг тэрбум 90 сая кВт. цаг  эрчим хүч импортолсон  аж.  Эдний  богино хугацаат өр нь 2.5 тэрбум бол  авлага нь хоёр тэрбум гэнэ. Нөгөөтэйгүүр, агаарын бохирдол “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний”-хнийг ч багагүй зовоодог  юм билээ. 

Тодруулбал, гэр хороолол буюу утааны бүсэд байрлалтай  12 дэд станцынх нь эд анги  авах юмгүй хөө тортог болж, дамжуулах системд нь багагүй төвөг учруулдаг аж. Тэрхүү хөө тортгоо цагаан сарын өмнө цэвэрлэж зүлгэх гэж багагүй ажил ундардаг тухайгаа  Б.Нямсамбуу дарга  онцолсон. Тас хар болсон эд ангийг цав цагаан болтол зүлгэдгийг  харуулсан  бичлэг дэд сайдад төдийгүй сэтгүүлчдийн анхаарал, сонирхлыг ихээхэн татсан гэж хэлж болох байх. 

Тэр бүр хүн мэддэгүйн дээр  агаарын бохирдол шугамын дамжуулагч утсанд гэмтэл үүсгэдэг учраас арваад жилийн өмнөөс л арчиж зүлгэх нь эдний  жил бүр хийвэл зохих ажлуудын нэг болжээ. Нөгөөтэйгүүр, цахилгаан дамжуулах сүлжээний Хятадаас импортолдог эрчим хүч тэрбум гаруй кВт цагаар тооцогдож байгаа нь Оюу толгойтой холбоотой гэнэ. Оюу толгой урд хөршөөс цахилгаан худалдаж авдаг болсноос хойш Хятадын цахилгааны экспорт ийм өндөр тоогоор бичигдэх болжээ.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн  ажил байдалтай танилцсаны дараа  компанийн  хамт олонд хандаж, “Эрчим хүчний салбар ярвигтай, хүнд  салбар. Гэсэн ч та бүхэн цаашид иргэд, хэрэглэгчид рүү хандсан  үйлчилгээгээ хүнд сурталгүй, шуурхай найдвартай болгох тухайд улам илүү сайхныг  нэвтрүүлэх нь чухал” хэмээн захисан юм.

110 мянган орчим айл 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ

Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүний дараа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн ажилтай танилцсан юм. Тус компани  өвөлжилтийг хүндрэлгүйгээр даван гарч буйгаа Т.Гантулга сайдад хамгийн түрүүнд дуулгасан. Эднийх нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан, эрчим хүчээр хангадаг аж.  Өнгөрсөн онд 2.1 тэрбум төгрөгийн эрчим хүчийг хэрэглэгчдэд  борлуулсан нь өмнөх жилийнхээс 1.8 хувь өсөлттэй гарчээ.  Нийт хэрэглэгчдийнх нь 30  хувь гэр хороолол, 50 хувь нь орон сууц,  зургаан хувь нь аж ахуйн нэгжүүд юм байна. Мөн таван түгээх төв, хэрэглэгчдэд  үйлчлэх есөн төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн компанийн гүйцэтгэх захирал ажил байдлаа ерөнхийд нь танилцуулсан. 

Утааны оргил үед цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг тэглэсэн Засгийн газрын шийдвэр дажгүй хэрэгжсэн гэх мэдээллийг ч тэднийхэн  өгч байв. Одоогоор 110 мянган орчим айл 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлээд байгаа юм байна. Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбоотойгоор компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа  гэлээ. Шөнийн ачааллын цагаар шуурхай үйлчилгээний нэмэлт бригадууд мөн ажиллаж эхэлжээ.

Шөнийн цахилгааны хэрэглээ үнэгүй болсноос хойш гэр хорооллын хэрэглэгчдэд худалдсан цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний өсөлт түрүү жилийнхээс 14.6 хувиар өссөн байна. Сонирхуулахад,  цахилгааны  тасалдал өвөл биш борооны цагаар буюу долдугаар сард ихэсдэг хэмээсэн.  Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Танайх 350 гаруй мянган хэрэглэгчид цахилгаан түгээдэг. Монголын хүн амын тал хувийг цахилгаан эрчим хүчээр хангана гэдэг өндөр хариуцлага. Ямартай ч өвөлжилтийн гуравны хоёрыг амжилттай давна гэдэг сайн хэрэг.

Гэхдээ бичин жил төгсгөлдөө хатуу байдаг гэдэг. Анхаарал, сэрэмж, болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Сар шинээр ард иргэдийн цахилгаан тасалдахгүй байх тал дээр онцгой анхаараарай” гэж сануулж байв. Хэрэглэгчдэд дуулгахад цахилгаантай холбоотой ямар ч асуудал, гомдлыг 70047004 дугаарт хүлээж авч байгаа юм билээ. Цахилгааны төлбөрийг ТҮЦ машинаар болон интернэтээр төлөх боломжийг бүрдүүлсэн гэх мэт иргэдэд хэрэгтэй ажлууд нэлээд хийгдэж байгаа гэсэн мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-нийхэн өгсөн юм.

Харин “Улаанбаатар дулаа­ны сүлжээ” төрийн өмчит компанийн удирдлага зун бүр хэрэглээний халуун усаар хязгаарладаг хугацааг эрс богиносгоно гэсэн таатай мэдээг салбарынхаа дэд сайдад дуулгасан. Тодруулбал,  орон сууцанд амьдардаг иргэд долдугаар сарын 15 хүртэл халуун устайгаа байх нь. Хэрэглээний халуун усыг тавдугаар сарын 15-наас таслан дулааны шугам засварын үйлчилгээ хийдгийг цуцалжээ.

Төв шугамын засварын ажил долдугаар сарын 15-наас эхлэх юм байна. Т.Гантулга  дэд сайд “Хэрэглээний усыг  богино хугацаагаар хаана гэдэг их зөв зарчим. Дулаан нээх, хаах хугацааг хэрэглэгчдийн саналыг сонсч шийдэхэд анхаарч байгаа нь талархууштай. Хэрэглэгч хаан гэсэн зарчмыг барьж ажиллаж буйд олзуурхаж байна” хэмээн онцолсон юм. “Улаанбаатар дулааны сүлжээ” өнгөрсөн онд станцуудаас 5.9 сая Гкал дулааны эрчим хүч худалдан авч төлөвлөгөөгөө 103.5 хувиар биелүүлсэн төдийгүй төвлөрсөн дулаан хангамжийн системд 196 барилгыг шинээр холбосон байна.

Үндсэн тоноглолын бэлэн байдлыг ханган ажиллаж буй IV станцынхан

Ажлын хэсгийн сүүлд орсон газар бол “Дулааны станц-IV” ТӨХК. Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэдэг энэ станцын хувьд өнгөрсөн өвөл цахилгаан эрчим хүчний дээд ачаалал нь 680 МВт байж. Засгийн газраас нүүрсний уурхайнуудыг бодлогоор дэмжсэн учраас нүүрсээр дутахын зовлонгүй өвлийг давжээ. Тус цахилгаан станц 1983 онд ашиглалтад орж, 1988- 1990 онд 160 мВт , 2007,2009 онд тус бүр 20 мВт мөн 2015 онд шинэ машин ТГ-7 суурилуулж өргөтгөл хийжээ. 

Ингэснээр суурилагдсан хүчин чадал 703 мВт болж, дулаан дамжуулах эрчим хүчийг хослуулан үйлдвэрлэх нөхцөл бүрдсэн тухайгаа станцын дарга Ч.Анхбаяр танилцуулсан.  Түүнчлэн станцынхан  үндсэн тоноглолын бэлэн байдлыг ханган ажиллаж буйгаа салбарынхаа дэд сайдад дуулгасан юм. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Салбарынхаа дөрвөн байгууллагын ажилтай танилцлаа. Манай салбарт энэ жил багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Гуравдугаар цахилгаан станцад 250 МВт-ын өргөтгөл хийнэ. Тавантолгойн цахилгаан станцын ажил эхэлнэ. Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг хөдөлгөнө гэж бодож байгаа” хэмээсэн.  Дашрамд дуулгахад,  Монгол Улсын эрчим хүчний салбарт ашиг­лаг­даж буй  агаарын шуга­мууд  болон үндсэн тоног­ло­луу­дын насжилт дуусч бай­гаа талаар эрчим хүчний сал­ба­рын ачааллыг үүрч яваа тө­рийн өмчит компаниудын удирд­лагууд дэд сайдынхаа сонорт хүргэж байсан нь цаад утгаараа  төр энэ салбар руу анхаарлаа хандуулах цаг ирснийг ойлгуулах шиг болсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.