Х.Баттулга: Хоёр тоосго очиж өрөөгүй хүн мөнгө тараагаад гарчихаж байна

Х.Баттулга: Хоёр тоосго очиж өрөөгүй хүн мөнгө тараагаад гарчихаж байна
УИХ-ын хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль энэ сарын 29-ний өдөр орон даяар болсон.  Энэ сонгуульд УИХ-ын 9 дүгээр тойрогт Баянхонгор аймгийн “Дархан аварга” гэгддэг Женко Х.Баттулга бүдэрч,  MCS группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир ялсан билээ. Энэ удаагийн сонгуулиар нийтдээ 18 мянга гаруй сонгогч шилжилт хөдөлгөөн хийлгэснээс хамгийн их хүн шилжиж очсон нь Баянхонгор, Хөвсгөл, Увс гэсэн гурван аймаг байсан юм. Үүнээс Баянхонгорт 2900 гаруй хүн шилжиж очсоноос 1909 нь зөвхөн 9 дүгээрт тойрогт шилжиж саналаа өгсөн байдаг.  Гэвч сонгуулийн үр дүн гарсны дараа үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд сошиал сүлжээнд хүчээ авч,  УИХ-ын гишүүн Х.Баттулга ч шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байсан юм. 
 
Тэгвэл Х.Баттулга, Д.Ганбат нар  эл асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.  Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдэд “Увс аймагт гэхэд 4500 орчим царцаа очсон байна. Увс аймагт гэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд Цэдэлбал гэж хүний дараа буюу тус аймгаас хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болсон Н.Алтанхуяг гэж хүн бүдэрч байх жишээтэй. Нөгөө хүн нь юу хийсэн юм бэ. Сүхбаатар аймаг байна. Найман жилийн турш Засаг даргаар нь ажиллаж, улсын жишиг аймаг болгохын төлөө маш их зүйлийг хийж ажилласан хүнтэй уяач Ч.Улаан өрсөлдөөд ялж байх юм. Хийж бүтээсэн хүнийг үнэлж буй дүр зураг сонгуулиар ажиглагдах ёстой. Хэнтий аймгийг дурьдаж болно. Засаг дарга нь ямар их ажилласныг хэнтийчүүд бүгд мэднэ.
 
Гэтэл 29 настай залуу  гэртээ сууж байгаад л гарчихсан байх жишээтэй. Яагаад ийм сонгууль болчихов. Манай Баянхонгорыг аваад үз. Сүүлийн дөрвөн жилд аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүд яаж хамтарч ажилласан билээ. Гэтэл хоёр тоосго очиж өрөөгүй хүн маш их мөнгө тараагаад гарчихаж байна. Баянхонгор аймагт 2900 царцаа нүүлгэж шилжүүлсэн. Нийт сонгогчдын тоотой харьцуулахад 2900 гэдэг бол 10-аад хувь болж байгаа. Улмаар 9 дүгээр тойрогт 1900 хүн. Нийт сонгогчдын 20 хувьтай тэнцэж байна. Сонгуулийн дүнд шууд өөрчлөлт оруулахуйц хүн шилжүүлсэн тохиолдолд хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаана байна. Маш яаралтай түр үнэмлэх гардуулахыг шахаж байна. Өнөөдөр Монгол Улсад байгаа эрдэс баялгийг хэдхэн гэр бүл аваад явж байгааг зарлалаа. Сурталчилгааныхаа үеэр өвөлжөөгөө, газраа 60 жилээр хятадуудад өгөх үү гэж сонгогчдоос асуухад  бүгд үгүй гэж хариулж байсан. Өнөөдөр нүүрсчдийн нам Ардчилалыг булшиллаа. Увс, Хөвсгөл, Баянхонгор гэсэн аймгууд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, нүүдэл суудал гэдэг зүйлийг зохицуулж өгөхийг шаардан Захиргааны хэргийн шүүхэд  хандаж байна. Галуут суманд гэхэд 200 гаруй гадны хүмүүсийг санал өгүүлэхгүй гэж бослого хүртэл гарсан”  гэлээ.
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.