Засгийн газрын гишүүд нийслэлийн есөн дүүрэгт ажиллалаа

Засгийн газрын гишүүд нийслэлийн есөн дүүрэгт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт нийслэлд ажиллалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар өчигдөр Багахангай дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд сайд Ц.Мөнх-Оргил Засгийн газраас баримталж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар, хотын дарга С.Батболд нийслэлээс хийж хэрэгжүүлж буй ажил үйл ажиллагаа, баримталж байгаа бодлого чиглэлийнхээ талаар товч танилцуулсан.
 
Дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд Гадаад харилцааны сайд хүрэлцэн ирж уулзаж буйд талархлаа илэрхийлээд сонирхсон асуултаа тэднээс асууж байв. Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн өрийг тэглэж, үйл ажиллагааг сэргээх, дүүрэгт боловсролын хэлтэстэй болох, газрын үнэлгээг өөрчлөх, Богд хан төмөр зам төсөл хэрэгжвэл Багахангайгаар дайруулах зэрэг олон асуулт иргэдийн зүгээс тавьсан юм.
 
Иргэдийн тавьсан асуултуудад Ц.Мөнх-Оргил сайд УИХ болон Засгийн газрын төвшинд шийдэх боломжтой, хууль санаачлан өргөн барих замаар шийдүүлэх зэргээр боломжтой бүх хэлбэрээр дэмжих, мөн холбогдох албаныханд нь дамжуулж, уламжлан шийдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлж байлаа. Мөн газрын үнэлгээний асуудал хотын захирагчаас салбарын сайдаар нь дамжигдан Засгийн газраар хэлэлцэгдэх шатандаа явж байгаа.
 
Тиймээс салбарын сайдад нь энэ бүхний учир шалтгааныг тайлбарлаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх үед тайлбарлаж танилцуулах болно гэдгээ илэрхийллээ. Үүний дараа “Илч орд” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай болон ашиглагдахгүй байгаа орон сууцны 1-р байрны нөхцөл байдалтай танилцсан юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн “Алтан оршихуй групп” ХХК-ийн “Ахуйн мандал” дахиварын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. 
 
Ж.Мөнхбат: Шулуухан хэлхэд улайсан данстай улсыг бид хүлээж авсан
 
УИХ-ын гишүүн, Сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бид бүхэн өнгөрсөн наймдугаар сард ажлаа хүлээж аваад, 21 хоногийн хугацаатай комисс гаргаж, Хөгжлийн банк, Монгол банк, Сангийн яам зэрэг хэд хэдэн санхүү, эдийн засгийн байгууллагуудад шалгалт оруулсан. Шалтгаан нь биднийг ажлаа авах үед санхүү эдийн засгийн сахилга бат гэж үгүй болсон, хараа хяналтгүй, эдийн засгийн байдал маш хүнд нөхцөлд орчихсон, Монгол Улсын эдийн засгийн байдал маш хүнд нөхцөл байдалд орчихсон байсан. Шулуухан хэлэхэд улайсан данстай улсыг бид хүлээж авсан.
 
Тухайлбал,  Монгол Улсын нийт өр 23 тэрбум ам.долларт хүрсэн байсан. Үнэнийг хэлэхэд өрийн төлөх хугацаа нь тулчихсан, хүү нь эхнээсээ нэхэгдээд эхэлсэн  байсныг та бүхэн маань мэдэж байгаа. Өнөөдрөөс ердөө дөрөвхөн хоногийн дараа Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өрийг төлөх хуваарьтай байсан. Одоогоос хэдхэн сарын дараа буюу 2018 оны нэгдүгээр сарын 01-нд алдарт Чингис бондын эхний эргэн төлөлт болох 500 сая ам.долларыг хүүтэй нь төлнө. Цаашлаад гуравхан сарын дараа “Дем сам” бондны 162 сая ам.долларыг эргэн төлөх өрийн цаг тулсан дарамт учирсан. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын Хятадын Ардын банкнаас зээлсэн хоёр тэрбум ам.долларын өрийг энэ хавар төлөх байсан. Энэ асуудлууд дээр Засгийн газар ажиллаж эхэлсэн.
 
Сангийн яамтай, Олон улсын валютын сантай хамтарч сайн ажилласаны дүнд дөрөвхөн хоногийн дараа төлөх байсан Хөгжлийн банкны 580 сая долларын өрийн дарамтнаас Монгол Улс гарсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно. Үүнийг шийдсэнээр Монгол Улсын эдийн засагт гурван ногоон гэрэл ассан юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл нэмэгдсэн, Хувийн хэвшлийнхэн гадаадын зах зээл дээрээс хөрөнгө оруулалтын мөнгө босгох боломж бүрдсэн. Түүнчлэн манай улсын хасах руу ороод байсан зээлжих зэрэглэл өсч, ахих боломж бүрдсэн юм. Олон улсын валютын сан нь манай улсад анх удаа хэрэгжиж байгаа зүйл биш юм.
 
Анх 1991 онд Монгол Улс элсэж байсан. Үүнээс хойш бид тав дахь удаагаа Олон улсын валютын санд орж байна. Энэ удаад гурван жилийн хугацаатай орж байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал сэргээд, өндийгөөд ирвэл бид хэзээ ч гарах боломжтой. Урьд нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдээс дандаа товолсон хугацаанаасаа өмнө гарч байсан” хэмээн уулзалтын үеэр хэлж байлаа. Уулзалтад ирсэн иргэд УИХ, Засгийн газрын гишүүдээс өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авсан юм. Мөн Монгол Улсын өрийн үнэн бодит нөхцөл байдал, үүсээд байсан дарамт, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн талаар үнэн бодит мэдээллийг авсандаа баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.
 
Б.Бат-Эрдэнэ: Ахмад дайчдын чадамжийг бүрэн дүүрэн ашиглана
 
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын  Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан Сонгинохайрхан дүүр­гийн ахмад дайчид, бэлт­гэл  офицеруудтай уулзлаа. Уул­зал­таар батлан хамгаалах бодлогын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, монгол цэргийн дэл­хий дахинд гүйцэтгэж байгаа үүр­гийн талаар мэдээлэл өгч, тэд­ний сонирхсон асуултад хариул­лаа.
 
Энэ үеэр Хилийн цэргийн хурандаа Ц.Пунцагдорж “Өнөөдөр салбарын сайд бидэнтэй  ирж уулзаж байгаа явдалд талархаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах бодлого, Батлан хамгаалах багц хууль, болон Хилийн тухай шинээр гаргасан хуулиуд нь Монгол төрөөс Батлан хамгаалахын салбарт хийж хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хамгийн чухал зүйл гэж би боддог. Ингээд нийт зэвсэгт хүчнийхэндээ баярын мэнд хүргэе” гээд 1990 онд мөрдэс  зүүсэн 26 хүн Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хуулийг бид бүрэн дүү­рэн ашиглаж чадаж  байна уу, үгүй юу.
 
Энэ талд цаашид ямар бод­ло­го авч хэрэгжүүлэх та­лаар тэрээр сайдаас асуув. Уг асуул­­тад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Бид Үндсэн хуу­лийн чадамжийг бүрэн дүүрэн ашиг­лаж чадахгүй байгаа. Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулж анхаарах асуудал бий”  хэмээгээд Батлан хамгаалах зэвсэгт хүчинд алба хааж байсан ахмад дайчид, офицеруудын мэргэжил чадамжийг эх орны бүтээн байгуулалтад цаашид бүрэн дүүрэн ашиглах ёстой гэдгийг онцолж байлаа. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.