АНУ-ын бага орлоготой иргэд байрны түрээсээ төлж чадахгүйд хүрчээ

АНУ-ын бага орлоготой иргэд байрны түрээсээ төлж чадахгүйд хүрчээ

АНУ-ын Нью Йорк хотод амьдардаг 74 настай Жэйнд өөрийн гэсэн гэр байхгүй учир автобусны буудлын хоргодох байранд аж төрдөг. Ийн автобусны буудал дээр унтахын хамгийн хэцүү нь цагдаа нарын дарамт байдаг тухай тэрбээр “Aljazeera” сайтад ярьжээ. Энэ тухай Жэйн “Цагдаа нар орон гэргүй хүмүүсийг үргэлж дарамталдаг. Унтаж байхад шөнө биднийг сэрээж, өөр газар руу явахыг шаарддаг. Энд хоног төөрүүлдэг болсноосоо хойш гурван удаа баривчлагдсан” гэв. 

Тэрбээр 60 настайдаа орон сууцаа тодорхойгүйгээр шалтгаанаар алдаж, үүнээс хойш тогтсон хаяггүй учир хийх ажил олдоогүй байна. Ийн нэг зочид буудлаас нөгөө рүү шилжин амьдарсаар санхүүгийн хямралд орж өдгөө автобусны буудлыг “гэр”-ээ болгоход хүрчээ. Гэсэн ч Нью Йорк хотын захирагч галт тэрэг болон автобусны буудлууд дээр унтах нь эрсдэлтэй хэмээн үзэж хориглох шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан байдаг.

Нью Йорк хотод өвлийн ид хүйтэн цаг тохиож, цас орж, жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Энэ эрс хүйтний улмаас 2021 онд орон гэргүй 16 хүн тус хотод амиа алдаж байв. Учир нь орон гэргүй хүмүүсийн тоо 1930 оны Их хямралаас хойших хамгийн дээд хэмжээндээ хүрсэн учир хоргодох байрууд маш хурдан дүүрдэг болжээ.

Нью Йорк хотын Орон гэргүйчүүдийн холбооноос мэдээлснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хоргодох байранд өдөр бүр 67 мянга гаруй хүн хоноглодог байсны 21 мянга гаруй нь хүүхэд байжээ. Харин АНУ даяар 600 мянга орчим орон гэргүй хүмүүс байдаг гэж Орон сууц, хотын хөгжлийн яамны 2022 оны тайланд дурджээ. Орон гэргүй хүмүүст туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын захирал Жаклин Симон “Орон гэргүй хүмүүсийг хэрхэн өөрийн гэсэн байртай болгох талаар эрх мэдэлтнүүд юу хийхээ мэддэггүй нь манай хотын хамгийн сэтгэл гонсойлгосон асуудал юм. Төрийн хүнд суртал тэдэнд хамгийн хэцүү асуудал хэвээр байна” гэв.

COVID-19 цар тахал, олон улсад үүссэн нөхцөл байдал зэргээс шалтгаалан эрчим хүч болон байгалийн хийн үнэ эрс нэмэгдсэн нь хүмүүсийн амьдрал доройтоход хамгийн ихээр нөлөөлжээ. Тухайлбал, цар тахлаас хойш АНУ-ын байгалийн хийн үнэ 52 хувиар, харин эрчим хүчний үнэ 22 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна шатахууны үнэ 40 гаруй хувиар, хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өссөн гэж АНУ-ын Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна.

Энэ хямрал иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Эйшли “Бид худалдан авалтаа эрс багасгаж, хүүхдүүд нохой салхилуулах, цас цэвэрлэх, хүүхэд асрах зэрэг ажил хийж мөнгө олж байна.Шатахууны үнэ нэмэгдсэн учир явах газраа хязгаарласан. Мөн өөрсдөө хэрэглэхгүй хүүхдийн хуучин хувцас, тоглоом болон бусад цахилгаан хэрэгслээ борлуулж амьдралаа залгуулж байна. Сүүлийн үед гэрийнхээ дулааныг хэмнэж, халаагуураа ашиглахгүйн тулд номын сан, үйлчилгээний газар гэсэн олон нийтийн дулаан газруудад өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байна” гэжээ.

“Pew” судалгааны төвийн судалгаагаар АНУ-ын бага орлоготой иргэдийн 50 гаруй хувь нь байрны түрээс болон ипотекийн зээлээ төлөх төдийгүй хүнсэндээ зарцуулах мөнгөгүй байна гэсэн дүн гарчээ. Харин дунд давхаргын иргэдийн 17 хувь, өндөр орлоготой хүн амын таван хувьд бэрхшээлүүд тулгарч буй аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 22, 23 (7007, 7008)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.