Исламын улс бүлэглэл Москвад болсон халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээжээ

Исламын улс бүлэглэл Москвад болсон халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээжээ

Гуравдугаар сарын 22-ны орой ОХУ-ын Москва мужид Крокус Сити Холл концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэн. Халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 115, шархадсан хүний тоо 187-д хүрсэн байна. Исламын улс бүлэглэл энэ халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа, Оросын Мөрдөн шалгах хороо терроризмын эсрэг хэрэг үүсгэн, уг халдлагатай холбогдуулан 11 хүнийг саатуулсан, Тэднээс дөрөв нь халдлагад биечлэн оролцсон болохыг тогтоосон гэж Кремль өчигдөр мэдээллээ.

Террорист халдлагын улмаас 140 гаруй хүн шархадсанаас 60 орчим хүний биеийн байдал хүнд байгаа, иймээс хохирогчдын тоо өсөх хандлагатай байна гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн. Оросын мөрдөн байцаах хорооны мэдээллээр Пикник рок хамтлагийн тоглолт үзэхээр 6200 орчим хүн цугласан байсан, тэдэн рүү 4-5 зэвсэглэсэн этгээд автомат буугаар гал нээсэн. Энэ үеэр концертын танхимд их хэмжээний гал гарч, дээврийн зарим хэсэг нурсан байна. Халдлагатай холбогдуулан Москва хот болон ойр орчмын бүс нутагт аюулгүй байдлыг чангатгаж, 23, 24-ний өдрүүдэд товлогдсон олон нийтийн үйл ажиллаагааг цуцалсны зэрэгцээ нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөөнүүдэд харуул хамгааллыг нэмэгдүүлжээ. Орос улс  энэ халдлагыг алан хядах ажиллагаа гэж үзэж байна.

Иймээс олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ энэ халдлагыг зэмлэн буруутгах ёстой гэж Оросын гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн. Мөн Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “энэ халдлагыг Украин үйлдсэн нь тогтоогдвол бүгдийг нь алан хядагч гэж үзэж, хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн.  Харин Украин улс энэ халдлагад ямар ч холбоогүй гэж тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хариу мэдэгдэл хийсэн байна. Америк ч энэ халдлагад Украин оролцсон, нөлөөлсөн гэх ямар ч шинж тэмдэг байхгүй гэж үзэж байна.

Харин өчигдөр үдээс хойш Оросын холбооны аюулгүй байдлын алба халдлага үйлдсэн сэжигтнүүдийг Украинтай холбоотой байсан, халдлагад шууд оролцсон дөрвөн сэжигтэнг Украины хил рүү дөхөж явахад нь баривчилсан гэж мэдээлжээ. Америкийн тагнуулын байгууллага Москвагийн халдлагыг Исламын улс бүлэглэлийн Афган дахь салбар үйлдсэн байх магадлалтайг өөрийн эх сурвалжаас олж тогтоосон тухайгаа мэдээлжээ. Одоогоор АНУ, хятад,  Герман, Итали, Франц, Австри, турк зэрэг 20 орчим улс Москвад болсон зэвсэгт халдлагыг зэмлэн буруутгаж, Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн Монгол улсын ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, Беларус, Казахстаны төрийн тэргүүн нар  Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүнд цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлээд байна.

Энэ сарын 7-нд Москва дахь АНУ-ын ЭСЯ халдлага гарч болзошгүй гэсэн тагнуулын мэдээлэлд үндэслэн иргэдээ Оросын нийслэлд олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулсан. Мөн Британи, Дани зэрэг 10-аад улс Америкийн адил иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байсан. Америк Москвад алан хядах ажиллагаа явуулж болзошгүй талаар мэдээллээ Оросын засгийн газартай хуваалцсан гэдгээ АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Өрнөдийн хэвлэлүүд халдлага болж магадгүйг сэрэмжлүүлж, мэдээллээ хуваалцсан байхад Оросын эрх баригчид үл ойшоосон гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй талаас нь мэдээлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ