Литвийн нийслэлд Навальныйн хамтрагч руу халдлаа

Литвийн нийслэлд Навальныйн хамтрагч руу халдлаа

Литвийн нийслэл Вильнюст хэсэг этгээд Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный агсны хамтрагч Леонид Волковыг мягмар гарагийн орой гэрийнхээ ойролцоо явж байхад нь халдаж гэмтээсэн хэрэг гарлаа гэж ВВС мэдээлсэн байна. Навальныйн  хэвлэлийн нарийн бичгийн дарга байсан, оросуудын “гадаадын тагнуул” хэмээн нэрийдсэн, Кира Ярмыш  олон нийтийн Х сүлжээнд “Волков руу нулимс асгаруулагч цацаад, машины нь цонхыг хагалж, өөрийг нь алхаар цохиж зодсон” гэж бичжээ. Волковыг эмнэлэгт хүргэсэн байна. 

Ярмыш бас халдлагын үеэр Волков гэмт этгээдүүдийг өшиглөж, машины хаалгаар хавчихыг оролдсон, тэгэхээр нь тэд Волковын хөл рүү цохиж гэмтээсэн байна” гэж Орост бас “гадаадын тагнуул” хэмээн бүртгэлтэй “Агентлаг” хэвлэлд ярьжээ. 

Иван Ждановын нийтэлсэн гэрэл зураг дээр Волков хөл, нүүрэндээ гэмтэл авсан нь харагдаж байна. Сүүлд нь Жданов “түүний хөл, гар луу алхаар цохиж зодсон” гэжээ. 

Хэргийн газар Литвийн цагдаа, эмнэлгийнхэн ирж Волковыг эмнэлэгт хүргэсэн байна. Гуравдугаар сарын 12- ны орой Вильнюст “Оросын иргэн”-ийг гэрийн нь ойролцоо зодсон хэрэг гарсан гэдгийг цагдаагийнхан баталсан гэж Delfi сайтад бичжээ. 

Оросуудын “гадаадын тагнуул” хэмээн нэрийдсэн сэтгүүлч Сергей Пархоменко бас өөрийн телеграмм хуудсандаа Волковыг “хотын гадна зусландаа нам гүм амьдардаг” гэж бичээд “Тэгэхээр энэ бол зүгээр нэг гудамжны танхай этгээд, дээрэмчин биш. Энэ бол Волковт халдахаар зориуд ирсэн хүн” гэж бичсэн байна. 

Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлюс Ландсбергис Х сүлжээн дэх  яамныхаа нүүрт “Леонидад халдсан тухай мэдээлэл сэтгэл эмзэглүүллээ. Холбогдох байгууллагууд ажиллаж байна. Халдсан этгээд өөрийнхөө гэмт үйлдлийн хариуцлагыг хүлээх болно”  гэж бичжээ. 
“Важные истории” хэвлэл энэ хэрэгт холбоотойгоо Орост хориглосон, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалдгаараа алдартай,  “Эрчүүдийн улс” байгууллагын тэргүүн байсан  Вячеслав Поздняковын хамтрагчид хүлээсэн гэж бичсэн байна. Энэ талаар Поздняков өөрөө телеграмм хуудсандаа сувгийнхаа зарим захиалагчдад Волковыг хянаж байгаа гэрэл зургууд, машиных нь улсын дугаарыг өгсөн гэж бичжээ. 
Одоогийн байдлаар энэ хэргийн талаар   өөр ямар нэг хувилбар, тэгээд ч  Поздняковын мэдэгдлийг нотлох баримт байхгүй байна.

Волков өнгөрөгч 2023 оны гуравдугаар сар хүртэл  Алексей Навалныйн үндсэлсэн Авлигатай тэмцэх санг тэргүүлж байсан юм. Авлигатай тэмцэх санг ОХУ-д хэт даврагч байгууллага хэмээн үйл ажиллагааг нь хориглосон юм. 

Улмаар ОХУ-ын хуулийн байгууллага Волковын эсрэг “Насанд хүрээгүй хүүхдийг хууль бус үйлдэл, жагсаал цуглаанд оролцуулахаар уриалж өдөөх”, хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Литвийн эрх баригчид 2021 оны эхээр Волковын эсрэг Оросын эрх баригчдын буруутгалыг улс төрийн шинжтэй зохиомол зүйл гээд түүнийг оросын хууль сахиулагчдад хүлээлгэн өгөхөөс татгалзсан юм.

 Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 18. Даваа. №025 (5943)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ