Кино зохиолч, найруулагч, продюсер А.Миеэгомбо өөрийн цахим хуудсаараа "Кино Урлагийг дэмжих сан” талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр
“Кино Урлагийг дэмжих тухай Хууль”-ийн амин сүнс нь “Кино Урлагийг дэмжих сан”-гаар дамжуулж Монголд зохиогчийн киног хөгжүүлэх, олон арван залуусыг сургалтанд хамруулж, гадны кино наадмуудад оролцуулах боломжоор хангах явдал байсан юм.
Харамсалтай нь 2012 - 2022 он хүртэл 4 ажлын хэсэг дамжин ажилласан энэ хуульд өөрчлөлт оруулж, “Кино Урлагийг дэмжих сан”-г маань татан буулгах саналыг Сангийн яам оруулжээ. Сүүлийн дэд ажлын хэсэгт нь ажиллаж, киноны салбарынхантайгаа уулзаж, мэдээллээ ил тод тавьж, буруу хүмүүстэй нь тэмцэж барин байж өчнөөн засаг дамнан хөөцөлдөж батлуулсан хууль юмсан. Гол амин сүнсээ Ч. Номин сайдын үед ийнхүү татан буулгуулахдаа тулах ч гэж. Тун харамсалтай…
Анх Ерөнхий сайд У. Хүрэлсүх бидний саналыг сонсоод, хууль журамтай, тодорхой сантай байх нь зөв юм байна гэж дэмжсэнээр энэ хуулийн ажил маань урагшилж эхэлсэн.
Уг нь бол жилд 10 тэрбумыг төсөвлөж байсан ч сүүлдээ тэр нь нэг удаа л өгсөн засгийн мөнгө болж хувираад хуулинд маань заасан хөнгөлөлттэй зээлд зарцуулах (арилжааны кинонд) 5 тэрбум нь банкны шаардлагаар учир таг гацаастай, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлэх 5 тэрбум нь л хөөрхий 2,4 жилд бага багаар зарцуулагдсаар одоо 3,7 тэрбум төгрөг, шалгарсан 35 төсөлд олгогдчихсон яваа нь энэ л дээ. Өнөө Хөвсгөлд хэрэгжүүлэх Бяслагны төсөлтэй бол харьцуулахын аргагүй эд
Нэг талдаа байх ёстой, байлгах хэрэгтэй чухал санг татан буулгах нь арилжааны бус кино бүтээж буй олон арван уран бүтээлчдэд үүлэн чөлөөний нар лугаа харамсалтай санагдана…
Нөгөө талдаа зарчимгүй хүнийг сайдаар тавьсны гор ингэж гарч байна. Харилцаа, хандлагын хувьд учир дутагдалтай, өөр зорилготой хүмүүс төрд ажиллахын сөрөг тал нь энэ!
Энэ бүхний эцэст хуулиа батлуулах гэж хөөцөлдөж явсан 2021 онд, УИХ-ын гишүүн Ё. Баатарбилэг ахын хэлсэн үг санаанд орлоо.
“…Олон арван сан байгуулагдахыг, татан буугдахыг нүдээрээ харж явсан хүний хувьд хэлэхэд Миеэ, хуулийн дэд ажлын хэсэгт ажилласан хүмүүсээсээ ганц хоёрыг ч болтугай наад зөвлөлдөө оруулахыг бодоорой. Өөр зорилготой хүмүүс сангуудыг анаад сууж байдаг юм шүү. Байгуулагдсаных нь дараа ам булааж давхидаг юм шүү. Ашигладаг юм шүү. Анхны зорилгоо мэдэж байгаа хүмүүс зөвлөлдөө ажиллавал ядаж сангийн зарцуулалт зөв, бурууг хэлж ярьж дуугарч, тэмцдэг юм…” гэж хэлж байсан үг орой луу орлоо доо…
Номинг би сайдын зиндааны хүн биш ээ гэж мөн ч их хэлсэн дээ. Ном ёсоороо л болж байна.