"Жагсаалын үеэр албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлсэн этгээдийн хэргийг шалгаж байна"

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн бямба гарагт (2025.01.11) болсон жагсаалын үеэр гарсан зарим хэргийг цагдаагийн байгууллага хэрхэн шалгаж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх, эрх чөлөөнийхөө төлөө нэгдүгээр сарын 11-нд жагссан. Үүний хажуугаар хууль зөрчсөн үйлдлүүд гарсан. Жагсаалын үеэр болсон зарим нэг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг онцгойлон хэлье.

Иргэн Б.Цацралыг зодсон байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэн Б.Цацрал өөрөө ямар нэгэн гомдол гаргаагүй. Олон нийтийн сүлжээнд тавьсан нийтлэл, бичлэг сэлтийг үндэслэж, бусдын эрх чөлөөнд халдсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр жилийн хорих байгууллагаас суллагдсан ийм иргэн байгаа. Хэрвээ Герман улсад болсон шиг жагсаал дундуур орж ирж, олон хүнийг дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь үзэж цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Олон нийтийн сүлжээнд албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлсэн, албан хаагчидтай зүй бус харьцаж байсан этгээдийн асуудал хөндөгдсөн. Энэ этгээд нь дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг завдсан хэргүүд ч шалгагдаж байна. Жагсаалын үеэр тавигдсан шаардлага, иргэдийн зүгээс тавьсан асуудлуудын хүрээнд дүгнэлт хийх, санал боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байгаа. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанд цаашид танилцуулна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ