Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн зэрэглэлийн шүүгч М.Бөхбатыг “Чухал сэдэв” буландаа урьж, ярилцлаа.
-“Рио-2016” зуны Олимпийн 31 дүгээр их наадам болж өндөрлөлөө. Та энэ удаагийн Олимпийн наадамд шүүгчээр ажилласан. Жүдогийн тамирчдын барилдааны талаар дүгнэж хэлбэл...?
-2016 оны Риогийн олимп өндөрлөлөө. Монголын жүдочдын гол тайлан хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Дасгалжуулагч, тамирчдын тайлан хурал тус тусдаа хийгдээд явж байна. Удахгүй есдүгээр сарын 14-нд холбооны их хурлаараа дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэнэ. Энэ хурлаар тодорхой асуудлуудыг ярилцахаар бэлтгэж байна. Харин 2016 оны Олимпийн тухайд бид түүхэн амжилт гаргаж, мөнгөн медаль авлаа. Эмэгтэй жүдочдоос анхны Олимпийн медалийг авсан нь маш том амжилт. Олимпийн наадам гэдэг бол орон орны шилдгүүдийн өрсөлдөөн байдаг. Тухайн орны Засгийн газар баг тамирчиддаа анхаарал тавьж, тусалж дэмждэг. Баг тамирчид нь ч маш их хичээж, хөдөлмөрлөж, ач холбогдол өгч оролцдог том наадам. Энэ том тэмцээнээс бид медаль авч, медалийн буухиагаа үргэлжлүүллээ. Д.Сумъяа маань мөнгөн медаль авсан. Алт ч байж болохоор байсан. Энэ амжилтад Монголын жүдо бөхийн холбоо, жүдо бөх сонирхогчид сэтгэл хангалуун байгаа.
-Монголчууд жүдогийн тамирчдаас 2-3 медаль горьдож байлаа. Энэ хэмжээний медаль авах боломжтой гэсэн мэдээ, мэдээлэл ч Олимпийн өмнө гарч байсан. Гэвч ганцхан медаль авсан болохоор жүдо сонирхогчид бага зэрэг сэтгэлээр унах шиг боллоо?
-Хүмүүс янз янзаар л ярьж байсан. Хоёр, гурван медаль авна гэж ярьсан хүмүүс ч бий. Мэдээж бид аль болох олон медаль авах боломж юу байна, тэр болгоныг л ашиглахыг хичээнэ шүү дээ. Харин миний хувьд нэг хүрэл медаль авах болов уу гэж бодож байсан. Сүүлийн үед манай тамирчдын гаргаж байгаа амжилт, ур чадвар, бэлтгэлийн байдал зэргээс харж байхад ямар ч байсан нэг медальтай ирэх юм байна гэж бодож байлаа. Гэхдээ энэ бодлоо хэн нэгэнтэй хуваалцаж яриагүй. Харин эмэгтэй тамирчид маань медаль авах боломж илүү юм байна гэдгийг ярьж байсан. Тэр ёсоор л болж, нэг медаль аваад ирлээ.
-Д.Сумъяагийн алтан медалийн төлөөх барилдааныг дүрмийн дагуу шүүсэнгүй гэсэн маргаан нэлээд гарлаа. Бид эндээ л хоорондоо маргалдаад, харамсаад байгаа шүү дээ. Та Олимпийн наадамд шүүгчээр ажилласан хүний хувьд нэг тайлбар хийгээч?
-Жүдо бөхөд нэгэнт л шийдвэр гарсан бол өөрчлөгддөггүй. Тийм л байдаг. Би өөрөө шүүгчээр ажилласан. Барилдааны байдлыг нүдээр харахад гарцаагүй л гараараа хөлөнд нь хүрээд унагачихсан. Тэнд байгаа маш олон шүүгч, албаны хүмүүс бүгдээрээ л тэгж бодож байсан. Тэр битгий хэл Бразилын жүдоч хүртэл өөрөө буруу зүйл хийчихлээ гэсэн байдалтай л харагдсан.
Гэвч эх орны дэвжээ түшээд, шүүлтийн шийдвэр Бразилын талд гараад, анх өгсөн үнэлгээгээ өөрчлөөгүй. Ингээд барилдаан үргэлжилсэн боловч манай бөх яах аргагүй л ялагдсан. Хэрвээ тухайн үедээ шүүгч Бразилын бөхийг торгочихсон бол ялалт манай талд байж болохоор л байсан. Гэвч нэгэнт шийдвэр гарчихсан болохоор бид түүнийг нь хүндэтгэж үзсэн. Олон улсынхаа ёс жаяг, дүрмийн дагуу хүлээн зөвшөөрөөд, барилдаан үргэлжилж, дууссан. Дараа нь шүүгчид дүрс бичлэгээр барилдааныг нягтлаад дүрмийн дагуу явагдсан гэж үзсэн.
-Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Хятадын бөхтэй барилдахдаа мөрөндөө бэртэл авч, Бразилд хагалгаанд орсон. Барилдааны явцад хүнд бэртэл авчихсан юм уу. Өмнө нь бэртэлтэй байсан нь сэдэрчихэв үү. Хэрвээ бэртээгүй бол медаль дээр буух боломж байсан учраас маш их харамсалтай байна л даа?
-ОУХМ Л.Отгонбаатар маш хүнд барилдаануудыг хийсэн. Эхний барилдаанаа Голландын бөх, дэлхийн чансаанд гуравт бичигдэж байгаа Ван Ти Эндтэй барилдаж, цэвэр ялсан. Дараа нь Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Кубын Эшли Гонзалезыг торгуулиар ялсан. Харин хэсгийн аваргын төлөө нэлээд удаан сунжирсан, хүнд барилдааныг Гүржийн бөхтэй хийж, торгуулиар ялагдсан. Тэр барилдааны үед шагайдаа зөөлөн эдийн бэртэл авсан. Барилдааны дараа багийн эмч н.Бат-Очир бариа засал хийж, нэлээд эмчилсэн. Улмаар торгуулийн тойрогт Азербайжаны бөхтэй барилдахдаа хөлийнхөө бэртлийг нэмээд хөндсөн.
Ингээд л байдал нэлээд төвөгтэй болсон. О.Балжжинням, Г.Дашдаваа багш, Ерөнхийлөгч Х.Баттулга бид хэд хоорондоо ярилцаад, хүрлийн төлөө бүх зүйлээ шавхаад барилдахаас өөр аргагүй. Бүх юмаа л гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь барилдааны хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй гэж ярилцаад, дэвжээнд гарсан. Хятадын бөхтэй хүрлийн төлөө барилдсан. Барилдааны эхний хэдэн минутадманай бөх үүрэх мэх хийсэн. Тэр үед Хятадын бөх мөрийг нь хөшиж хойш нь дарсан. Тэгэхэд л мөр мултарч, шөрмөс тасарч, ханзарсан.
Ингээд л барилдаан үргэлжлэхэд маш хүнд болсон. Хөлөө бэртээгээд, дахиад хөндчихсөн байсан. Мөр нь мултраад, шөрмөс нь ханзарчихсан байхад манай бөх тэсвэр тэвчээр гаргаж, цагаа дуустал барилдсан. Энэ бол үнэхээр эр зориг, тэсвэр тэвчээрээ харуулсан барилдаан байлаа. Хэрвээ бэртэл гэмтэл аваагүй байсан бол Л.Отгонбаатар медаль авах бүрэн боломжтой байсан.
-Жүдо бөхийн холбоо Олимпийн наадамд оролцох тамирчдаа сонгосон. Харин Олимпийн наадмын дараа сонголтын асуудлыг бас л ярилаа. Тэр дундаа 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар хоёрын нэгийг явуулсан бол сугалаа арай хөнгөн таарах боломжтой байсан ч гэж ярьж байна.Ер нь яагаад Ц.Цогтбаатарыг сонгочихсон юм бэ?
-Олимп болохоос 100 хоногийн өмнө бид шийдвэрээ гаргасан. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаад, шийдсэн. Тухайн үед зарим хүмүүс санал гаргаж байсан. Ц.Цогтбаатарыг явуулахад арай эрт юм биш үү, өөр сонголт хийвэл яасан юм гэх мэт. Гэхдээ олон хүн залуу хүндээ боломж олгоё. Дараа дараачийн уралдаан тэмцээн гэж байна.
Дараагийн Олимпийн наадам гэж бий. Тийм болохоор залуу тамирчиддаа илүү боломж олгоё гэсэн олонхийн саналаар, УЗ-ийн шийдвэрээр сонгосон. Харин сугалаа зөөлөн, хатуу гэдэг яриа бол дэмий. Олимпийн дэвжээнд сугалаагаар барилддаггүй юм гэдэг нь сая харагдлаа. Манай зарим тамирчид ямар сайхан сугалаатай байлаа. Гэтэл хоёр, гурав дахь тойрогтоо ялагдсан. Бид бол залуу хүн илүү дайчин, хүсэл эрмэлзэл өндөртэй, тэр нь илүү илэрч гарч ирнэ гэдэг талаас нь харж, сонголтоо хийсэн юм шүү.
-Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, шигшээ багийн ахлах дасгалжуулагч, аварга О.Балжинням нарыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлсон гэсэн мэдээлэл гарсан. Тодорхойлолтоо гаргаад өгчихсөн үү?
-Холбооны УЗ-ийн хурал болсон. Энэ үеэр Д.Сумъяаг гишүүдийн 100 хувийн саналаар Хөдөлмөрийн баатарт тодорхойлохоор болсон. Мөн О.Балжинням багшийг бид Хөдөлмөрийн баатарт тодорхойлж байгаа. Сүүлийн 5-6 жил тасралтгүй жүдочдоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод Олимпийн наадмаас медаль авахуулсан. Мөн Азийн тоглолтод түүхэн амжилт гаргасан. Азийн наадам, “Их дуулга”, Гран при гээд бүх тэмцээнээс манай тамирчид байнга медаль авсан.
Энэ бүх амжилтыг үнэлж, Хөдөлмөрийн баатарт тодорхойлох нь зөв юм байна гэж үзсэн. Зөвхөн энэ Олимпийн амжилт биш, өмнөх олон тэмцээний амжилтыг харсан. Дээрээс нь О.Балжинням аварга өөрөө Үндэсний бөхөөр ч амжилт гаргаж, гавьяа байгуулсан. Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхөөр дэлхийн аваргын мөнгөн медальтай. 1996 оны Атлантын олимпийн наадмын цорын ганц хүрэл медалийг түүний шавь Д.Нармандах авч байсан. Энэ бол Балжаа багшийн л гавьяа.
Мөн О.Балжинням багш бүхий л амьдралаа бөхийн спорт, жүдо бөхөд зориулсан хүн. Өнгөрсөн жил хань нь бурхан болсон. Энэ хүн амьдралаа, бүх зүйлээ л жүдогийн төлөө зориулж яваа шүү дээ. Өнгөрсөн жил Увс аймаг, Наранбулаг сумын 90 жилийн ой болсон. Гэр бүлийнх нь хүн энх тунх байхад бид шагналд тодорхойлж байсан. Гэвч тухайн үедээ яригдаж байгаад л өнгөрсөн. Харин энэ удаа Олимпийн наадмаас эмэгтэй жүдогийн баг анхны медалиа авлаа. Энэ бол түүнийг Хөдөлмөрийн баатарт тодорхойлох боломж гэж бид харж байгаа.
-Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын баатар цолд тодорхойлсон гэсэн мэдээлэл бас гарсан. Танай холбооноос тодорхойлсон юм уу?
-Сая УЗ-ийн хурал дээр энэ асуудлаар ярьсан юм байхгүй. Харин өмнөх Олимпийн цикльд, тэр битгий хэл 2008 оны Олимпийн дараа Монгол Улсын баатраар дэвшүүлье гэж ярьж байсан. Харин өөрөө болохоор “Би жүдог хөгжүүлэхийн төлөө, Монгол Улсын нэр төрийг мандуулъя гэж зорьж байгаа болохоос биш одон медаль авах гэсэн юм биш” гэсэн байр суурьтай байгаа. Би холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд УЗ-ийн зарим гишүүд, багш дасгалжуулагчдын саналыг аваад, Улсын баатарт тодорхойлохоор болсон юм. Гэвч холбооны Ерөнхийлөгч өөрөө зөвшөөрөөгүй.
Ер нь энэ хүн Монгол Улсыг сүүлийн 10 жил жүдо бөхөөр дамжуулждэлхийн тавцанд сурталчиллаа шүү дээ. Үүнийг би баатарлаг үйлс, маш том гавьяа гэж бодож байгаа. Бүхий л амжилтын ардахь хүнийг шагнахгүй байгаа нь байж болохгүй зүйл. Дэлхийн бүх л оронд ийм гавьяатай хүмүүсээ шагнадаг, урамшуулдаг системтэй. Эх орныхоо төлөө байлдсан, сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийг шагнадаг, урамшуулдаг, төр нь ивээлээ хайрладаг. Тийм болохоор манай төр засаг шагнаж урамшуулах болов уу л гэж бид харж байгаа. Хэчнээн тэр хүн өөрөө үгүй гэж хэлсэн ч, шагнах л хэрэгтэй.
“Чингис хаан” Гран при тэмцээн болох эсэх нь санхүүжилтээс шалтгаална
-Өнгөрсөн долоо хоногт Монголын жүдо бөхийн холбооны УЗ-ийн хурал болсон. Хурал дээр нэг асуудал яригдсан нь Монголд болдог “Чингис хаан” Гран при тэмцээнийг манай улс зохион байгуулж чадахааргүй болсон тухай. Яг тийм нөхцөл байдал үүсчихээд байгаа нь үнэн үү?
-Бид 2009 онд анх холбооны Ерөнхийлөгчийн саналаар дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Дөрвөн жил зохион байгуулсан шүү дээ. Энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжав дарга ажиллаж байлаа. Энэ ажилд нэлээд шаргуу орж ажилласан. Том тэмцээн зохион байгуулна гэдэг бол маш их төвөгтэй ажил байдаг юм билээ. Чимхлүүр, нарийн ажлуудыг бид дөрвөн жил хийгээд, Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэлэлт дүгнэлтээ авсан. Улмаар зэрэглэлийг нь ахиулж, дөрвөн жилийн гэрээ хийгээд, Гран при тэмцээн зохион байгуулсан. Гран при тэмцээн зохион байгуулахад нэг том баг ажилласан.
Холбооны Ерөнхийлөгч ч ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, их мөнгө гаргасан. Мөн холбооны дэд ерөнхийлөгч нар тусалж, дэмжиж хандив мөнгө өгсөн. Иргэд ч гэсэн энэ тэмцээнийг маш их үзэж, сонирхож, биднийг дэмжсэн. Бид энэ тэмцээнээр дамжуулж шинэ залуу тамирчдаа гаргаж ирэх, хөгжүүлэх гэсэн олон талт бодлого барьж ирсэн. Түүний хажуугаар гадаад ертөнц буюу ОУЖБХ, Азийн жүдо бөхийн холбоотой уялдаа холбоотой байж, нэг баг болж ажиллаж, тэдний менежмент, арга барил, мэдлэг боловсролыг өөрсдийн хүмүүст зааж сургаж ажилласан.
Энэ бол бидний маш том ололт байсан. Дээрээс нь энэ тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, түүний нэрэмжит болж хувираад явж байсан. Мөн бид дэлхийн 180 гаруй оронд тэмцээнийг шууд нэвтрүүлж байлаа. Шууд нэвтрүүлэхэд хүртэл тийм амар биш юм билээ. Гадны телевизийн том баг ирж ажиллаж байсан. Монголын телевизүүдийн техник тоног төхөөрөмж, баг хамт олны чадвар дээшлэх шаардлагатай болж байлаа. Тиймдээ ч нэг шатаар өсч, хөгжиж гарч ирсэн. Дэлхийн стандартад нийцэж ажиллах ёстой гэдэг утгаараа тэмцээнтэй холбоотойгоор олон хүний чадвар, чадавхи дээшилсэн. Ийм л ач холбогдолтой тэмцээн. Сая УЗ-ийн хурлаар энэ тэмцээнийг зохион байгуулах боломжийн талаар ярилцсан. Тэмцээний нийт зардал нэг тэрбум төгрөг болдог. Улс 200 орчим сая төгрөг өгдөг.
Үлдсэн 800 сая төгрөг нь холбооны Ерөнхийлөгчөөс гарч байсан. Тэгвэл цаашид энэ мөнгийг холбооны Ерөнхийлөгч гаргахад хүндрэлтэй байгаа гэдгийг хэлсэн. Олон жил гаргасан, тусалсан. Дахиад үргэлжлүүлээд явахаар хүндхэн байгааг хэлсэн юм. Тиймээс бид Ерөнхий сайд болон салбар яамны сайдад уламжлаад, асуудлыг яриад л байж байна. Хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Тэмцээн болох эсэх нь санхүүжилтээс шалтгаалах болчихоод байна.
-Олон улсын жүдо бөхийн холбооны төлөвлөгөөнд орчихсон биз дээ?
-Ямар ч байсан ирэх жилийн долдугаар сард энэ тэмцээн болно гээд Олон улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдчихсан байгаа. Гэхдээ гэрээгээ есдүгээр сард байгуулж, гарын үсэг зурна. Гэрээ зурахаас өмнө санхүүжилтийн асуудлаа шийдэх гээд байгаа хэрэг. Энэ тэмцээнийг зохион байгуулахад хүртэл жилийн 100 мянган ам.долларын хураамж төлдөг. Шагналын сан нь 100 мянган ам.доллар байдаг. Зохион байгуулалтын зардалд гэхэд 300-400 сая төгрөг гардаг.
-Хэрвээ манайх “Чингис хаан” Гран при тэмцээнийг зохион байгуулж чадахгүй гэвэл яах вэ. Хятадууд, оросууд эрхийг нь авахаар санаархаж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан нь үнэн юм уу?
-Орост Тюмены “Их дуулга” гээд том тэмцээн болдог шүү дээ. Оросууд өөрсдийн гэсэн том тэмцээнтэй. Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээгээр Тюмен хот энэ тэмцээнийг зохион байгуулах санхүүгийн боломжгүй болсон юм билээ. Тиймээс Свердловск хотод энэ тэмцээнийг зохион байгуулахаар болж байгаа гэсэн. Мөн Хятадад Жиндаогийн Гран при тэмцээн болдог. Олон жил Жиндаод зохион байгуулагдаж байсан ч мөнгө санхүүгийн асуудлаас болоод Хөх хотод зохион байгуулдаг болохоор болсон.
Тэгэхээр манайх зохион байгуулахгүй байлаа гээд Хятад, оросууд эрхийг нь авна гэсэн юм байхгүй. “Чингис хаан” Гран при тэмцээн Олон улсад Чингис хааны сурталчилдаг том сурталчилгаа шүү дээ. Бид алтадсан том цом өгдөг. Тийм л нэр хүндтэй тэмцээн. Ийм учраас бид ямар ч байсан тэмцээнээ зохион байгуулах аргаа олох гээд, хүмүүстэй уулзаад л явж байна даа.
-Манай Засгийн газраас бүрэн санхүүжүүлэх боломж байхгүй юм байх даа. Уг нь энэ нэр хүндтэй тэмцээнээ зохион байгуулж байвал хэрэгтэй шүү дээ?
-Олон улсын жишгийг харж байхад Олимпийн төрлийн спортын тэмцээн уралдааныг төр засгаас санхүүжүүлж, харж үздэг юм билээ. Харин бид сүүлийн дөрвөн жил санхүүгийн 80 хувийг өөрсдөө бие дааж шийдэж, үүрч явсан. Тэмцээний нэр хүнд улам өсч, жүдо бөхийн хүрээгээ илүү тэлж байхын тулд зардал мөнгөө нэмэх л ёстой болно. Энэ тэмцээнд оролцохын тулд сайн тамирчидтай байх хэрэгтэй. Тамирчдаа сайн бэлтгэхийн тулд цугларалтад гарах ёстой болно. Гэх мэтээр анх зохион байгуулж байсныг бодвол зардал мөнгө илүү өсөөд байгаа. Гэтэл ивээн тэтгэгч жил ирэх тусам цөөрч байна. Мөн Засгийн газраас дэмжихгүй байна.
Тийм болохоор энэ тэмцээнд зарцуулж байгаа мөнгөөрөө өөр зүйл хийх хэрэгтэй гэсэн гарцыг ч харж эхэлсэн. Тухайлбал, жүдо бөхийн ордон барихаар газар аваад, шавыг нь тавиад, зураг төслөө гаргачихсан. Хэрвээ тэмцээнд зарцуулж байсан мөнгөө ордонд барихад зориулж байсан бол жүдо бөхийн ордон босчихсон ч байх байсан юм бил үү. Жүдо бөхийн ордон барих гээд зүтгэхэд улсын ганц ч төгрөгийн дэмжлэг, туслалцаа байдаггүй. Бүхий л асуудал Ерөнхийлөгчийн толгой дээр л буудаг. Холбооны идэвхтэн гишүүдийн нуруун дээр ирдэг. Ийм л байдалтай байна.
-Олимпийн дараа иргэд цөөн медаль авлаа гэж буруутгасан. Улмаар энэ бурууг хэн нэгэнд тохох гэсэн увайгүй байдал ч гаргасан. Түүнээс үүдэж Жүдогийн холбооны Ерөнхийлөгч ажлаа өгөх талаар УЗ-ийн хурал дээр ярьсан байсан. Энэ асуудалд жүдочид, багш дасгалжуулагч нар, холбооныхон ямар байр сууринаас хандсан бэ?
-Амжилтаас үндэслээд холбооны Ерөнхийлөгч ажлаа өгөх үү, үгүй юу гэдэг нь утгагүй асуудал. Яагаад гэвэл амжилт гарчихсан байдаг. Бүр хангалттай амжилт гарсан. Жүдочдын төвшин эрс дээшилсэн. Холбооны үйл ажиллагаа, өдөр тутмын ажил чанартай явж байгаа. Өнөөдөр нэг л зүйлийг иргэд ойлгох хэрэгтэй. Манайд гадагшаа явж, чанартай өрсөлдөөн үзүүлдэг спортын хэдхэн төрөл л байгаа шүү дээ. Сая Олимпийн наадмаас хоёрхон спортын төрлөөр медаль авсан. Түүний нэг нь жүдо. Гэтэл шинэчлэлт, сайжруулалт нэрийн дор аливаа зүйлийг өөрчлөх гэж байгаад унагах магадлал байдаг. Сайжруулах гэж байгаад муу болгох ч тал бий. Жүдо бол улсаас 100 хувь дэмжлэг авдаггүй, маш мэдрэмтгий спортын төрөл. Тамирчин хүнээр төсөөлөөд үзэхэд, 7-14 хоног бэлтгэл хийхгүй байхад мэдрэмж алдагдаад, сул болоод ирдэг. Тийм болохоор тамирчдын бэлтгэл сургуулилт тасралтгүй үргэлжилж байх ёстой юм.
Гэтэл холбооны Ерөнхийлөгч ажлаа өгнө гэвэл энэ бүх хэвийн үйл ажиллагаа алдагдаад, тамирчдын амжилтад нөлөөлнө гэж би бодож байна. Өнөөдөр Хятад, Орос, АНУ, Герман, Франц гээд том гүрнүүд бүх спортдоо анхаарал хандуулж чадаж байгаа. Харин хөгжилтэй буюу дундаж төвшний Европын орнууд цөөхөн спортод анхаарал тавьдаг. Чех, Унгар, Австри гээд олон орныг нэрлэж болж байна. Засгийн газар, Олимпийн хороо нь тодорхой спортын төрөлд мөнгө өгдөг.
Тэр төрөлдөө л медаль авдаг. Түүнээс биш мөнгийг олон спортод тараах маягтай өгч, тэднээсээ амжилт нэхсэн тогтолцоо байхгүй. Жишээлбэл, Словени гэдэг улс жүдогоор дэлхийн аварга болсон, дэлхийн хэмжээнд барилдаж байгаа тамирчдынхаа бүх зардлыг 100 хувь гаргаж тусалдаг. Хэрвээ амжилт гаргавал мөнгийг нь өгнө. Амжилт гаргаж чадахгүй бол санхүүжилтээ зогсоодог, ийм л системтэй. Бид ч гэсэн энэ системийг хамгийн шударга гэж боддог. Амжилт гаргаж байгаа спорт Засгийн газраасаа бүх тусламж, дэмжлэгээ аваад, цаашаа явах ёстой. Англи гэхэд ийм системтэй байна. Хэрвээ Олимпийн наадмаас медаль авах юм бол дараагийн дөрвөн жилд улсаас бүх зардлыг нь даадаг.
Герман, Франц, Австри гээд олон орон ийм системтэй. Хэрвээ медаль авч чадахгүй бол холбоо нь өөрсдөө санхүүжилтээ олоод явах болдог. Спорт гэдэг чинь амжилт дээр үндэслээд хариуцлагаа тооцоод явах ёстой шүү дээ. Гэтэл манайд амжилт гаргаж байгаа спортын төрлөө шагнаж урамшуулах тал дээрээ ч муу. Бараг л байхгүй. Тэгсэн мөртлөө зарим спортын төрлөөр Олимпийн наадамд ороод, медаль огт авахгүй байна. Хариуцлага тооцдоггүй, их, бага хэмжээгээр мөнгөө өгч л байдаг. Өнөөдөр хариуцлага тооцдог систем манайд хэрэгтэй. Дээрээ хариуцлага тооцдог системгүй болохоор холбоон дээрээ мянга яриад яах юм бэ. Гол спонсор чинь төрийн байгууллага шүү дээ.
Шигшээ багийн цалин мөнгөнөөс авахуулаад л санхүүжилт өгч байна. Би энд нэг жишээ хэлье. Лондоны Олимпийн наадмаас Английн жүдогийн баг мөнгө, хүрэл медаль авсан. Сая хүрэл авсан. Тийм учраас маш их баяртай байсан. Яагаад гэвэл дараагийн дөрвөн жилд улсаас санхүүжилт олгохоор болсонд баярлаж байгаа юм. Харин медаль аваагүй орнуудын холбооныхон маш их сэтгэл дундуур байсан. Ирэх дөрвөн жил өөрсдөө л ивээн тэтгэгч хайж, уралдаан тэмцээндээ оролцоно гэж л сэтгэлээр унаж байна шүү дээ.
Ялагдсаных нь төлөө тэр тамирчныг хэн ч биш болгож болохгүй биз дээ
-Дасгалжуулагчдын чадвар муу байна, Япон, Оросын хэмжээнд хүрч барилдаж чадахгүй байгаа. Тийм болохоор гаднаас дасгалжуулагч авчирч болдоггүй юм уу гэх мэт асуудал маш их яригдаж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Манай хамгийн сайн, тэргүүлэх дасгалжуулагч, багш нар ажиллаж байгаа. Бид тодорхой хэмжээнд ажиллаад, сургалт зохион байгуулаад, гаднаас мэргэжилтэн багш урьж авчираад, урагшаа ахихын төлөө зүтгэж л байна.
Яг үнэндээ Монгол Улс сүүлийн 20 гаруй жил мэргэжилтэн, дасгалжуулагч нарыг гадаадад огт бэлтгээгүй, явуулаагүй. Харин сая Японд нэг том мэргэжилтэн багш төгсгөсөн. Одоо эх орондоо ирчихээд байгаа. Ер нь онол болоод париктикийн хувь мэргэжлийн дасгалжуулагч Монголд үнэхээр үгүйлэгдэж байна. Гэхдээ гадны багш авчираад ажиллуулъя гэхээр эргээд санхүү мөнгөний тал дээр гацаанд ордог. Гаднаас багш, дасгалжуулагч авч ажиллуулна гэхээр хамгийн багадаа л сард 10 мянган ам.долларын цалин өгөх болдог. Энэ мөнгийг улсаас гаргаж өгөхгүй. Холбооноос гаргах боломжгүй. Тийм болохоор гаднаас мэргэжилтэн багш авчрах хэцүү. Ийм байхад бид Япон, Орос, Францын багтай зэрэгцүүлж амжилт нэхэх хэцүү шүү дээ.
Яагаад гэвэл эдгээр улсын жүдо бөхөд зарцуулж байгаа санхүү мөнгийг нь харьцуулахад л манайхаас 10-20 дахин илүү. Шигшээ багаа тойрсон мэргэжилтнүүд, эмнэлгийн үйлчилгээ, шинжлэх ухааны байгууллага, судалгаа, эрдэм шинжилгээний ажилтнууд байдаг. Манайд ийм зүйл огт байхгүй. Сургалт, дасгалжуулалтаасаа гадна олон зүйл шаардлагатай. Тэр болгоныг бага ч болов хангах гээд, холбоо өөрсдөө мөнгөө гаргаад, гаднаас багш авчираад л өдийг хүртэл явсан. Гэхдээ л өндөр хөгжилтэй, том орны дайтай хөгжүүлнэ гэвэл хүч хүрэхгүй байна. Өнөөдөр спорт гэдэг маш том судалгааны ажил болчихсон.
Тамирчдаа нарийн судалж, шинжилж, тэндээсээ дүгнэлт гаргаж, дараагийн Олимпийн наадамдаа бэлтгэдэг. Энэ бүхэн баруунд аль хэдийнэ бий болоод, хөгжчихөөд байна. Гэтэл манайхан дасгалжуулагчаасаа болоод л тамирчин муу барилдчихлаа гэж бодоод байдаг. Дасгалжуулагч гэдэг тамирчны төлөө ажиллаж байгаа тэр том системийн ердөө л нэг хэсэг шүү дээ. Жишээ нь, тамирчин бэртсэн тохиолдолд дасгалжуулагч тусалж чадахгүй. Харин хамгийн сүүлийн үеийн хагалгаа, эмчилгээ, нөхөн сэргээлтийн ажил, түүнтэйгээ холбогдсон эм бэлдмэл л хэрэгтэй.
Гэтэл бидэнд тэр нь байхгүй. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй тамирчин хүнд, хөнгөн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн. Холбооноос зардлыг нь гаргасан. Бид спортоо хөгжүүлэхийн хажуугаар эмнэлгийн ажлыг хүртэл хийж байна шүү дээ. Уг нь энэ холбооны биш төрийн хийх ёстой ажил. Гэтэл эмчилгээ тал дээр нь хүртэл ямар ч баталгаа байхгүйгээр л тамирчдаа тэмцээнд оролцуулаад явж байна. Энэ мэтчилэн бодит сул талыг хараад, юу ярихаа бодох л хэрэгтэй.
-Монголын үзэгчид энэ удаагийн Олимпийн наадмын үеэр тамирчдаа дэмжих гэхээсээ илүүтэй муулах нь давамгайллаа. Яг бодит байдал, нөхцөл ямар байгааг мэдэхгүй байж дур дураар ярьж байгаад тамирчид нэлээд эмзэглэж, бухимдсан байх?
-Зурагтаар үзэж байгаа хүмүүс зөвхөн тухайн агшныг л харж байгаа шүү дээ. Тэгээд сэтгэл зүйгээр амархан ялагдлаа, сулбагар байна гэх мэтээр хэлж, цахим ертөнцөд бичиж байна. Гэтэл манай үзэгчид хүртэл сэтгэлзүйгээ бэлдэж, судалсан байх хэрэгтэй. Спорт гэдэг нэг талдаа ялагдал, нөгөө талдаа ялалт байдаг. Нэг жинд 30 бөх барилдахад ердөө л дөрөв нь медаль авч, нэг нь түрүүлдэг. Гэтэл үлдсэн 26 нь ялагдаад үлддэг. Харин ялагдсанаар тэр хүн хэн ч биш болж болохгүй биз дээ. Манай иргэд, цахим ертөнцөд янз бүрийн юм бичдэг хүмүүс ялагдсан тамирчныг маш их доромжилж, гутааж байна. Ийм сэтгэлзүйтэй ард түмэнтэй байхад дараа дараачийн тамирчид гарч ирэхэд хүртэл хэцүү болчихож байгаа юм. Үргэлжийн айдастай, барилдах болгондоо бөөн дарамттай явна гэсэн үг. Ялагдсан ч гэсэн тэр хүнд урам өгч байх ёстой.
Яагаад гэвэл энэ тамирчид чинь Олимпийн наадамд оролцох гэж дөрвөн жил шар махаа хатаан байж зүтгэдэг. Тэр бүхний эцэст Олимпийн наадамд оролцоно. Бөөн сонгон шалгаруулалт, олон даваа давна. Уг нь Олимпийн наадамд оролцоно гэдэг чинь нэг том гавъяа шүү дээ. Гэтэл тамирчиддаа урам өгөөд цааш нь явуулах ёстой байтал хариуцлага, хариуцлага гээд л хашгиралдаад байвал хөдөлгөөн болгон нь дарамт болчихдог. Тэр байдлаасаа гарах гэж бухимдана, цаашлаад барилддаг, ялагддаг. Ингээд л маш хүнд байдалд орж байна. Ерөөсөө л хүнийг түлхэж байгаа хэрэг. Энэ бол маш буруу тогтолцоо. Өнөөдөр спорт хөгжсөн газарт ялагдсан тамирчиддаа хүртэл баяр хүргэж, алга ташдаг. Олон жил спортод амжилт гаргаж, сэтгэл зүрхээ зориулж яваа тамирчид хүртэл ялагдаж л байна. Тэглээ гээд буруутгаад, чичлээд байгаа юм байхгүй.
Харин манайхан л Олимпийн наадамд ялагдсаных нь төлөө өмнөх бүх амжилтыг нь үгүйсгээд, цаас урж хогийн саванд хийж байгаа юм шиг л үзэл бодлоороо дайрч байна. Монголчууд л тамирчиддаа ингэж хандаж байгаа юм. Өнөөдөр зөвхөн энэ удаагийн Олимпийн наадмаар бүх зүйл дуусчихаагүй байна. Дараагийн том том тэмцээнүүд, олимп байгаа. Аливаа асуудлыг томоор харах хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хүртэл соёлтой баймаар байна. Тамирчныг арьс өнгөөр нь доромжлох хэрэггүй. Бусад орны спортын холбоодыг авлигад идэгдсэн энэ тэр гэж хэлэх хэрэггүй.
-Жүдо бөх нэг үеэ бодвол жин болгондоо том бөхтэй болчихлоо. Жигд хөгжиж байна. Гэхдээ хүнд жингийн бөхчүүд сайн гарч ирэхгүй байна уу даа. Н.Түвшинбаяр аваргыг залгаж гарч ирж байгаа сайн бөх алга байна. Энэ тал дээр ямар бодлого барьж байна?
-2008 онд бид Олимпийн аварга төрж байхад Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд хоёр хөгширлөө. Эмэгтэй багт ганц М.Бундмаа л байна. Эрэгтэйчүүдийн хувьд Х.Цагаанбаатар л байна. Н.Түвшинбаяр хөлөндөө бэртэл авлаа, цаашид яах вэ гэж байсан. Хүнд үе бидэнд байсан. Гэтэл өнөөдөр ямар байгаа билээ. Би аливаа зүйлийг өөдрөгөөр хардаг. Монголоор дүүрэн залуучууд, хүүхдүүд жүдо бөхөөр хичээллэж байна. Том мөрөөдөлтэй хүүхдүүд дүүрэн бий.
Тэд Монголын амжилт гэж би боддог. Энэ мөрөөдөл байгаа үед Монголын амжилт тасрахгүй. Энэ мөрөөдлийг таслах эсэх нь бидний үйл ажиллагаанаас шууд хамаарна. Бид үйл ажиллагаагаа зогсонги байдалд оруулчихвал, Ерөнхийлөгч маань огцорчихвол энэ мөрөөдөл зогсоно. Хүүхдийн мөрөөдөл гэдэг хамгийн том. Бүх жинд манайд том тамирчид гарч ирэх бололцоо бий. Бүр нэг биш олон тамирчин гарч ирнэ шүү. Энэ мөрөөдлийг монголчууд бид өөрсдөө л бий болгоно. Үүний төлөө ажиллаж, бүтээцгээе.