"Камертон" гадаадын алдартай хамтлагуудынх шиг охид орилолддог тоглолтыг Монголд анх зохиожээ Монголын хөвгүүдийн анхны дөрвөл хамтлаг "Камертон"-ыг Д.Болд, Г.Мэнд-Амар, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нар одоогоос 25 жилийн өмнө буюу 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулжээ. Тухайн үед Хөгжим бүжгийн коллежийн оюутан байсан тэд уг хамтлагийг байгуулахаасаа өмнө тус тусдаа хоёр хамтлагт дуулдаг байсан ба Д.Болд, Г.Мэнд-Амар хоёр ангийнхаа гурван охинтой, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нар нэгэн залуутай хамтарч дуулдаг байв. 1995 оны зургадугаар сарын нэгэн өдөр Б.Эрдэнэтөр, Л.Ган-Эрдэнэ хоёр сургуулийнхаа шатан дээр Д.Болд, Г.Мэнд-Амар нартай тааралдаад ангийнх нь гурван охины хоолойтой тэдний хоолой нийлэхгүй байгааг хэлжээ.
Гэтэл маргааш нь Д.Болд алдарт "The Beatles"-ийн "Yеsterday"-г ноотолчихсон ирж, тэдэнтэй уулзаад дөрвөн хоолой салгаж дуултал маш гайхамшигтай болсноор манай шилдэг boy-group "Камертон"мэндэлсэн түүхтэй. Энэ хамтлагийн нэрийг нэрт морин хуурч,төрийн соёрхолт, АЖ Г.Жамьянгийн охин, дуурийн дуучин, УГЖ Ж.Цэцгээ өгсөн аж. Дашрамд дурдахад тэрбээр хамтлагийн ахлагч Д.Болдын ээж юм. Л.Ган-Эрдэнэ нэг, Д.Болд хоёр, Б.Эрдэнэбат гурав, Г.Мэнд-Амар дөрөвдүгээр хоолойгоор дуулдаг бөгөөд манай хамтлагуудаас анх акапелло дуулж, мэргэжлийн өндөр төвшинд хүрснээ харуулсан хамтлаг. Акапелло гэдэг нь хоолой салгаж дуулахыг хэлдэг билээ. Тэднийг олны танил болгосон дуу нь "Маамуу нааш ир".
"Камертон"-ыхон "Энэ дууг Монголын ард түмэн бүгдээрээ мэддэг, бараг л манай хоёр дахь сүлд дуу шүү дээ. Тиймээс бид балчир багачуудаас авахуулаад өтөл насныхны мэддэг энэ дууг анхныхаа уран бүтээл болгон сонгосон"хэмээн өгүүлсэн удаатай. Энэ дууны үгийг төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг хөдөлмөрийн баатар, АЖ, төрийн соёрхолт Д.Лувсаншарав зохиосон юм. "Камертон"-чууд хамтлаг байгуулснаас 14 хоногийн дараа хөгжмийн зохиолч, "Хоовон" хэмээх Г.Энхбаярын тайлан тоглолт дээр тайзан дээр анх гарч, "Маамуу нааш ир"дуугаараа олны сонорыг мялаасан байна. Монголын анхны богино долгионы радио FM 102,5 одоогоос 24 жилийн тэртээ буюу 1996 онд байгуулагдахад уг радиогийн хөгжмийн нэвтрүүлгээр анх цацагдсан дуу бол мөнөөх "Камертон"-ы "18 нас", бас "Чугу"компанийн дэргэдэх "Сонор" студийн анхны бичлэг ч тэдний "18 нас". Бие даасан анхны концерт нь мөн л "18 нас" нэртэй. Эртнээс маш их бэлтгэж төлөвлөсөн энэ тоглолтынхоо өмнөх орой "Камертон"-чуудын сэтгэл ихэд хөдлөн, унтаж ч чадаагүй гэнэ билээ. Концертийн билет хоёр хоногийн өмнө зарагдаж дууссан тул тэд аав ээж, ах дүү, найз нөхөддөө билет үлдээж чадаагүй "шаг"-ийн үнээр худалдан авч,тэдэндээ өгч байсан аж. "Анхны тоглолт маань бидний санаанаас огтхон ч гардаггүй. Бид дуундаа хэт автаад, өөрсдийгөө ч мэдрэх чадваргүй болчихсон байсан"хэмээн хамтлагийн залуус дурссан бол рок, попынхонтой хамгийн ойр дотно байдаг байсан, МҮОНТ-ийн "Хит"нэвтрүүлгийн редактор Н.Давааням агсан "Гадаадын алдартай хамтлагуудынх шиг охид орилолддог тоглолт анх удаа Монголд зохиогдсон" гэж энэ тоглолтыг дүгнэсэн нь бий. "Пентатоник-1995" бол тэдний хувьд хамгийн аз сорьсон бас сэтгэл түгшүүлсэн үе байв.
.jpg)
Учир нь тэд ийм том тэмцээнд анх удаагаа оролцох гэж байсан юм. "Шилдэг дебют хамтлаг"номинацид нэр дэвшчихсэн байсан тэдний сэтгэлийг түгшээх хамгийн том "проблем" нь ёслолын ажиллагаанд өмсөх хувцас байсан гэдэг. Аз болоход тэр үед дөрвөн найз нь "Улаанбаатар" зочид буудалд зөөгчөөр ажиллаж байсан ба тэдний хувцсыг гуйж өмссөн "Камертон"-ыхон 1995 оны шилдэг дебют хамтлагаар шалгарсан билээ. "Камертон"хамтлаг байгуулагдаснаас хоёр жилийн дараа Д.Болд, Б.Эрдэнэбат хоёр АНУ-д, Л.Ган-Эрдэнэ Германд сурах гэж байсан ч эрх чөлөөний орныг зорих хоёрын виз бүтсэнгүй. "Камертон" тарах нь" гэх цуу өвсөнд авалцсан цучил адил тэр дороо тарсан нь хамтлагийг шүтэж, дөрвөн залууд дурласан фэн охидод үнэхээр хүнд цохилт болох нь тэр.Түүгээр ч барахгүй зарим охин амиа хорлохоор шийдэж, эм хүртэл уусан гэдэг. Гэхдээ энэ нь яг таг баталгаатай мэдээлэл биш л дээ.
Хожим нь Б.Эрдэнэбат "Болдоо бид хоёрын виз бүтээгүйд маш их баярлаж явдаг. Хэрвээ бид бүгдээрээ гадагшаа явчихсан бол "Камертон" энэ өндөрлөгт хэзээ ч хүрэхгүй байсан юм" гэж ярьсан удаатай. Тэд нэг,нэг насны зөрөөтэй агаад Л.Ган-Эрдэнэ 1976.12.02-нд, Б.Эрдэнэбат 1977.12.15-нд, Д.Болд 1978.11.16-нд ,Г.Мэнд-Амар 1979.02.13-нд мэндэлжээ. Б.Эрдэнэбат, Д.Болд нар уран нугараач эгч, дүүтэй гэрлэсэн бол Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар нар хоёр дахь амьдралаа зохиосныг бид мэднэ. Тэд манай хамтлаг, дуучдаас анхлан нүцгэн зургаа авахуулж, бусдын нүдийг хужирласан. Энэ талаар хамтлагийн ахлагч Д.Болд "Тэр үед бид жаахан хүүхдүүд байлаа. Юманд нэг л сонин ханддаг байсан" хэмээн дурссан байдаг. Юутай ч тухайн үед ирээдүйн төрийн соёрхолтын маань амьдралын 90 хувийг секс эзэлдэг байсан бол "Таны амьдралын хэдэн хувийг секс эзэлдэг вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Эба "Янз бүр. Ороо орсон үед 90%" гэсэн бол Ганаа "50%", Мээдээ "Бага хувь эзэлж байна" гэж хариулжээ. Гэхдээ энэ бол хориод жилийн өмнөх хариулт. Одоо "Камертон"-чууд аль хэдийнэ насанд хүрч,эр бие жагссан. Юутай ч Монголын хамгийн шилдэг boy-group "Камертон"-ы гишүүд, тэдний ар талыг найдвартай авч явдаг хань ижил, үр хүүхэд,аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд болон 25 жил үнэнч яваа шүтэн бишрэгчдэд нь "КАМЕРТОН"-25" ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!!!
СЭТГҮҮЛЧ ШАРААГИЙН ЭРДЭНЭТӨР
2020.06.20.19:15