АН Баабарын хэлснээр болох вий дээ, түй түй

АН Баабарын хэлснээр болох вий дээ, түй түй

“Зи” даргынхаа тактикаас болж шат шатны сонгуульд ялагдал хүлээж, амаараа шороо үмхсэн АН-ынхан шинэчлэл өөрчлөлтийн тухай их л удаан хугацаанд ярилаа. Ялагдал бүрийн ардаас ёс юм шиг шинэчлэлийн тухай ярьдаг нь улс төрийн намуудын бичигдээгүй хууль. Гэхдээ шинэчлэгдэж чаддаг нь тун ховорхон. АН-ынхан ч энэ жишгийг дагалаа.

Дагах дагахдаа энэ нам нэг эзэнтэй хувийн компани аятай болов. Ёстой л ардын хүүхэд давж болдоггүй наадам гэгчээр Ардчилсан намын сонгуульт ажлыг ардын хүүхэд хийж болдоггүй хорвоо юмсанж. Багцалсан таван сум барьсан “сумтай” таван нэр дэвшигч намын даргын сунгаанд өрсөлдөж эхэлснээс л АН-ын хувь заяа бүрхэг болж эхэлсэн нь худлаа биш.

Эрх мэдлийн төлөө “чи, би”-дээ хүрсэн таван нэр дэвшигчээс шударга, намын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж чадах нь бус хамгийн мөнгөтэй, эрх мэдэлд дурласан нь таван төгрөгөөр санал худалдаж авчихаад гарч ирсэн. Эндээс л ардчилал, мөнгө хоёр ижилсэж эхэлсэн.

Намын жирийн гишүүд итгэл үнэмшлээ 5000 төгрөгөөр худалдчихлаа хэмээн бухимдаж болох ч жирийн гишүүд бус дансны даргаар ажилласан хэдхэн дарга нарын булхай луйвраар С.Эрдэнэ гэгч энэ намд эзэн суусан нь саяхных. Тиймдээ ч дарга болсон аргаараа дараа дараагийн сонгуулиа явуулсаар дууслаа.

Ингэснээр дотоод ардчилалтай, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн нам бус нэг даргын халаасны хүмүүс, халаасандаа ахиухан мөнгөтэй хүмүүсийн хувийн компани болов. Намын байр ч гэж байхгүй болсон, энэ намд.

С.Эрдэнэ намын Хэрэг эрхлэх газраа өөрийнхөө компанийн байранд нүүлгэж орхисон нь угтаа С.Эрдэнийн мэдэлд Ардчилсан нам бүхлээрээ шилжсэнийг илтгэж байгаа юм. Ардчилсан намын дотоод сонгуульд мөнгө тараасан, бүр хүнсний талон тарааж гишүүдийнхээ саналыг худалдаж авсан нь эхнээсээ ил болж эхэллээ. Ядарсан гишүүдээ яаж ч доромжилж болдог гэдгээ С.Эрдэнэ вантаны эргэн тойрныхон баталж өглөө. Дотоод ардчилалтай хэмээн ил тод зарладаг АН-д дарангуйлал тогтож байна.

Цаашдаа ч энэ мэт булхай луйвар илрэх нь тодорхой. Ардчилал жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшил дээр биш мөнгөний төлөө шинэчлэл хийснээрээ булшиндаа бүрмөсөн орж буйгаа зарлалаа гэхэд хэтийдэхгүй юм.

Нэрт нийтлэлч Баабар “Ардчилсан нам шинэчлэгдэхийн тулд бүр ёроолдоо хүртэл унах ёстой. С.Эрдэнэ намын дарга болсон нь энэ нам ёроолдоо хүртэл унах эхлэл болж байна” хэмээсэн нь худлаа биш байжээ. С.Эрдэнэ вантаны эхлүүлсэн шинэчлэл магад энэ намыг ёроолдоо хүртэл унагаж байж мэдэх юм. Харин маргааш Ардчилсан намд ирээдүй гэж байх уу гэдгийг хэлэхэд эрт байна. Мөнгө хүчтэй гэсэн хууль амь бөхтэй оршсоор байвал Монголд ардчилалын тухай дахиад ярилтгүй болох билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.