“Хүргэн” Г.Дэнзэнгийн дуулиант хэргийн мөрөөр...

“Хүргэн” Г.Дэнзэнгийн дуулиант хэргийн мөрөөр...

СЕНСААЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан / ЗГХЭГ/  Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан ашигласан гэх үндэслэлээр  АТГ-аас анх шалгаж эхэлсэн байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. 26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон тэрбээр “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байв. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 17 тэрбумын тендерт тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэрийн компани ялалт байгуулсан болохыг илрүүлснээ мэдэгдсэн. Үүнээс эхэлсэн Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн. Бүтэн дөрвөн өдөр хуралдсан ч шүүх хурал дуусаагүй л байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 09.30 цагаас шүүх хурал үргэлжилнэ. Ийнхүү олны анхаарлыг татаж буй уг хэргийг хэзээнээс эхлээд хэрхэн шалгагдаж байгааг энэ удаад онцолж байна.

Г.ДЭНЗЭНГ СААТУУЛАН, ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2015.05.21: 2012 оноос дуулиан шуугиан тариад байсан Г.Дэнзэн 2013 онд өөрийн хүсэлтээр ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Улмаар гадаадад сурахаар явсан ч 2015 онд эх орондоо хөл тавихад нь Авлигатай тэмцэх газраас түүнийг шалгаж эхэлсэн. Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж байгаа. Түүний энэ хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь ч холбогдон шалгагдаж эхлэв. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид прокурорын зөвшөөрөлтэйгөөр 14 хоног саатуулахаар болсон.

Г.ДЭНЗЭН ГЭРЭЭСЛЭЛ БИЧЖЭЭ

2015.08.19: АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг хорьж шалгах хоёр сарын хугацаа өнгөрсөн долдугаар сарын 20-нд дууссан бөгөөд дахин нэг сар хорьж шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан. Үүнийг эсэргүүцсэн Г.Дэнзэн наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж, өнөөг хүртэл зогсоогоогүй байна. Уг нь түүнийг эмчийн дүгнэлтээр өлсгөлөн зарлаж болохгүй, сахарын өвчинтэй учраас хүндэрнэ гэсэн байдаг ч үүнийг үл тоон өлсгөлөн зарласан тэрбээр хоёр ч удаа ухаан алдаж, бүр комын байдалд орсон, хүний үйлдэлд хариу үйлдэл үзүүлж чадахгүй байгаа гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл Г.Дэнзэнг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл эргэж очин, биеийн байдалтай нь танилцсан байна. Одоогоор Г.Дэнзэнгийн бие маш хүнд байгаа бөгөөд хоёр хөл, толгойгоо дааж чадахгүй, дуу нь цаашаа орчихсон, хүний хэлж ярьж байгаа зүйлд хариу үйлдэл үзүүлэхдээ их удаан болсон байгаа аж. Үүнээс гадна тэрбээр гэрээслэл бичсэнээ Ц.Оюунгэрэл гишүүнээр өмгөөлөгчдөө дамжуулсан байна.

Г.ДЭНЗЭН СУЛЛАГДЖЭЭ

2016.11.22: ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаа эрчимжин, түүнийг цагдан хорьсон билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүнийг батлан даалтад гаргах захирамжийг шүүхээс гаргажээ. Ингээд шүүгчийн захирамжийн дагуу Г.Дэнзэн даалтад гарсан байна. Түүний биеийн байдал тааруу байгааг харгалзан үзэж шүүх ийм шийдвэр гаргажээ. Г.Дэнзэнг 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, улмаар өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс хойш цагдан хорьсон. Гэвч Г.Дэнзэн өөрийгөө гэм буруугүй хэлмэгдсэн хэмээн үзэж буйгаа удаа дараа илэрхийлсээр ирсэн юм.

Г.ДЭНЗЭНГИЙН ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

2016.12.16: ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ-аас шалгаж байгаа. Түүнийг шалгах явцдаа хоёр ч удаа хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр батлан даалтад гаргасан.  Түүнийг ЗГХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж. Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дууссан байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Г.ДЭНЗЭН НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭС МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖЭЭ

2017.02.08: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл анхан шатны шүүх хэргийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад яллах дүгнэлтэд тодруулах зүйл байгаа тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Г.ДЭНЗЭН НАРЫГ ТАВАН ӨДӨР ШҮҮЛЭЭ

2017.04.01: ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “ЭрдэнэсТавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал хэд хэдэн удаа хойшилж байсан ч энэ удаад Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Улмаар шүүх хурал сунжирч дөрөв дэх өдрөө үргэлжилсэн ч эцсийн шийдвэр нь гараагүй байна. Өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн шүүх хурал ийнхүү удааширч байгаа шалтгаан нь олон хавтаст хэрэг болон эдийн засгийн холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэх шаардлагатай тул ийнхүү цаг хугацаа ороод байгаа юм. Шүүх хурал дөрөвдүгээр сарын 03-ны өдөр буюу өнөөдрийн 09.30 цаг хүртэл завсарлаад байна.

СЭТГҮҮЛЧИЙН ӨНЦӨГ

“ДЭНЗЭНДЭХ” АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ТЕНДЕРИЙН БУЛХАЙГ ТЭГЛЭЕ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн, Я.Батсуурь Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаад нарт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эдгээр өдрүүдэд болж байна. Өнөөдөр шүүх хурал үргэлжилнэ. Эдгээр хүмүүс чухам яагаад энэ хэрэгт холбогдов гэдэг нь олны анхаарлыг татдаг. Хэргийн учиг нь тендерийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гэр бүлийн хүнийхээ нэр дээрх компанид өгсөн нь их хэмжээний мөнгө олгох гэсэн санаархлаас үүдэлтэй гэдэг юм билээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалсан тендерт Г.Дэнзэн эхнэр Ч.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг иргэн Д.Баярмаагийн нэр дээр оролцуулж, ялуулсан. Улмаар ялуулсныхаа дараа тендерийн 17.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа 700 сая төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас шилжүүлэх тушаалыг Я.Батсууриар гаргуулсан. Ингээд иргэн Д.Баярмаатай хамтран “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийг гүйцэтгэхээ больсны улмаас 5.3 тэрбумын хохирол учирсан гэж шүүхэд гомдол гаргасан. Уг нэхэмжлэлийг нь “Эрдэнэс Тавантолгой”-н Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр зөвшөөрч, 4.8 тэрбум төгрөг шилжүүлж, эвлэрлийн гэрээ байгуулсан гэх хэрэгт буруутгагджээ. Ийнхүү шилжүүлэхдээ өмнө нь шилжүүлсэн 700 сая төгрөгөө хасч тооцсон гэх. 

Тэгвэл шүүгдэгч Г.Дэнзэн “Говь повер” компанитай огт хамааралгүй, шүүгдэгч Д.Баярмааг огт танихгүй гэж мэдүүлжээ. Тэрбээр анхны мэдүүлэгтээ “Говь повер” ХХК-ийн захирал Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, “Говь повер” ХХК-тай хамааралгүй гэсэн байна. Гэвч Г.Дэнзэн хоёр дахь мэдүүлгээ өгөхдөө анхны мэдүүлгээ үгүйсгэж эхэлсэн гэдэг. Мөн шүүгдэгч Я.Батсуурь Г.Дэнзэнгийн эсрэг мэдүүлэг өгчээ. Тэрбээр “Говь повер” компанитай гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах гэрээг 2013 оны эхээр байгуулж, улмаар 700 сая төгрөгийг “Говь повер” компанид шилжүүлсэн гэдгээ мэдүүлжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанид нэр бүхий хэд хэдэн хүнийг Ардчилсан намаас ажилд томил гэсэн үүргийг ТУЗ-ийн дарга Дэнзэн надад өгсөн хэмээсэн байна. Түүнчлэн “Говь повер” компанийн тендерийн асуудалд Г.Дэнзэн өөрөө үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж мэдүүлсэн гээд асуудал өрнөж байгаа. Өөрөөр хэлбэл, тэдний хэлээд байгаа шиг бохир улс төрийн золиос болсон уу. Эсвэл... гэдгийг тогтоох шүүх хурал өнөөдөр  үргэлжлэх юм. Одоо шүүгдэгч Г.Дэнзэн, Т.Төгсбаяр, Г.Түмэнхүү, Д.Баярмаа, Я.Батсуурь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган, шүүж буй. Хэрэв тэд гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлж, эд хөрөнгөө хураалгах учиртай.

Ер нь ганц Г.Дэнзэнгийн хэрэг гэлтгүй “тендерийн булхай” гэдэг зүйл манай улсад бараг төгс цэцэглэчихсэн гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Учир нь ямар нэгэн тендер зарлагдахад заавал танил тал, авлига, хээл хахууль дагадаг гаж тогтолцоотой болоод байгаа. Өөрөөр хэлбэл, энэ удаад “хүргэн” Г.Дэнзэнд аз дутаж л асуудал ингэж хүндэрч байгаа болохоос ах, дүү, хамаатан садандаа зориулан тендер зохион байгуулагчид олон байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Уг нь тендерийн булхайнаас болж хамаг залуу насаа төмөр торны ард өнгөрүүлж байгаа Г.Дэнзэнгээс сургамж авч, залуус маань энэ бизнесээс гараа татвал сайн сан. Хэрвээ мөнгө олох шуналдаа хөтлөгдөөд тендерийн булхай хийгээд байвал Г.Дэнзэнгийн хэрэг шиг нарийвчлан шалгаад, хатуухан хариуцлага тооцдог тогтолцоог хэвшүүлэх л хэрэгтэй байна. Ингэж чадаж гэмээнэ тендерийн булхайг тэглэж чадах биз ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.