Б.Цогоо: Дарга стандарт баталчихаад түүндээ тохирсон хүнийг ажилд авдаг гажиг тогтолцоог засах ёстой

Б.Цогоо: Дарга стандарт баталчихаад түүндээ тохирсон хүнийг ажилд авдаг гажиг тогтолцоог засах ёстой

“Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд өнөөдөр боллоо. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоотой ярилцсан юм.

-Төрийн албаны эрх зүйн зохицуулалттай холбоотой хөндөх асуудал маш их байна. Энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ. Ямар арга зам байна?

-2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулаад, баахан зарчмын шинжтэй заалтууд оруулсан. Харамсалтай нь энэ хууль огт хэрэгжихгүй байна. Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхэд маш их хүндрэл гарч байгаа. Дээрээс нь төрийн алба маш их савлагаатай, тогтворгүй, албан хаагчид нь айдас хүйдэстэй байдаг болж. Энэ бүхнийг хуулиар зохицуулж өгөх шаардлага байгаа. Зохицуулах гэж сүүлийн хэдэн жил оролдож байгаа шүү дээ. УИХ-ын гишүүд хууль өргөн барьсан. Түүний өмнө Ерөнхийлөгч ч гэсэн хууль өргөн барьсан байгаа. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга гаргасан. Харамсалтай нь тэр бүх хуулиуд батлагдаж гарахгүй байна.

-Яагаад хуулиа баталж чадахгүй байгаа юм бэ?

-Өнгөрсөн парламентын үед гурван удаа хэлэлцээд, батлагдах шатандаа очоод л зогсчихсон. Уг нь ямар нэг тээг шалтгаан байхгүй шүү дээ. Маш том хууль учраас хэлэлцэж явсаар байгаад л тэр. Иргэдийн саналыг хүртэл авсан. 250 багц санал авч нэгтгээд, хуульдаа тусгаад ажиллаж байтал тухайн парламентын бүрэн эрхийн хугацаа дууссан. Харин шинэ парламент бүрдсэний дараа хуулийг санаачлагчид нь буцаачихсан юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан нь Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга гэсэн нэртэй хууль байсан. М.Энхболд, Н.Энхболд нарын өргөн барьсан нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэж байлаа. Ерөнхийлөгч саяхан өөрийнхөө санаачилсан Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгад иргэд, төр, захиргааны байгууллагуудын саналыг тусгаад, хялбаршуулаад, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж өргөн барьсан байгаа. Түүнээс гадна Д.Тогтохсүрэн гишүүн нэр бүхий есөн гишүүнтэй нийлж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьчихлаа. Тэгвэл энэ хуулиудыг эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлж, төрийн захиргааны байгууллагууд, төрийн албан хаагчдын санал, санаачилгыг нэгтгэмээр байгаа юм. Тэгээд  намын үзэл баримтлал, хувь хүн, байгууллагын эрх ашгийг хаяад, Монголын төрийг л өөд нь татах хууль болгож гаргах хэрэгтэй байгаа юм. Үүний төлөө Төрийн албаны зөвлөл ажиллаж байгаа. Санал бодлоо ч хэлж байна.

-Төрийн албаны хуулийг илүү боловсронгуй болгох хуулийг гаргах боломж бий болсон гэж та бодож байна уу. Тухайлбал, одоо МАН олонхи байна. Тэд Монголын төрийг өөд татах, төрийн албыг төгөлдөржүүлэх хууль гаргаж чадах уу?

-Хэрвээ МАН-ынхан  Монголын төрийг, төрийн албыг өөд нь татахын төлөө сэтгэл зүрхээ зориулахгүй бол хууль гаргаж яах юм. Бид тийм л байр суурьтай байгаа. Ерөөсөө нам гэдэг үгийг одоо хая. Монгол хүн гэдэг талаас нь ханд. Монголын төрийн албыг л бод.

-Ер нь бол Монголд хуулиас их юм алга. Гэтэл биелэж байгаа хууль гэж алга шүү дээ. Ийм байхад дахиад нэг хууль шинэчилж, өөрчилж гаргах хэрэг байгаа юм уу?

-Ер нь бол одоо хэлж, яриад байгаа асуудлуудыг 2008 онд гарсан хуульд тусгаад өгчихсөн. Хараат бус, намын харьяалалгүй байна. Төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас халж болохгүй гээд бүгдийг нь заагаад өгчихсөн. Гэвч яаж хэрэгжүүлэх механизмаа хуулинд огт зааж өгөөгүй. Зүгээр л тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн заалт оруулаад л орхичихсон төдий. Тийм болохоор хууль биш зүгээр л лоозон, уриа шиг болчихоод байгаа юм. Одоо шинэ хуульд энэ механизмыг оруулж өгье гээд байгаа юм. Тэгж байж хууль хэрэгжинэ. Тэр мерит зарчмыг яаж баримтлах юм бэ гэдгийг тусгах ёстой. Анх төрийн албанд хүн орлоо, туслах мэргэжилтнээр томилогдсон гэж бодъё. Дараа нь мэргэжилтэн болохын тулд туслахаар хэдэн жил ажиллах ёстой юм. Ямар шалгуур хангаад мэргэжилтэн болох юм. Мэргэжилтнээр хэдэн жил ажиллах юм. Цаашлаад ямар шалгуурын дагуу ахлах мэргэжилтэн болох юм бэ. Хэдэн жил ажиллах ёстой юм. Ингэсээр байгаад нийтдээ 18 жил явах боломжтой.

Энэ хугацааг ажлын үр дүн, чадвар, өөрийнх нь авьяас чадвар, төрд ажиллаж буй байдал зэргээс шалтгаалж богиносгож болно. Энэ бол бидний хүсээд байгаа боловч гадаад оронд хэрэгжчихсэн аргачлал. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мерит тогтолцоо гэж үүнийг хэлж байгаа юм. Манайх үүнийг ашигладаггүй. Анх төрийн албанд ороод, ганцхан жил болоод л хэлтсийн дарга болчихдог. Огт төрийн алба хашиж байгаагүй хүнийг намын харьяалал юм уу улс төрийн тодорхой шалтгаанаар шууд удирдах албан тушаалд томилдог.

Дээрээс нь, төрийн албанд томилогдож буй хүмүүст тавьж буй стандарт, ажлын байранд тавьж буй шаардлагыг одоо томилдог хүн нь баталж байгаа. Хүнд тааруулж ажлын байрны тодорхойлолт гаргана. Ийм хүн байна, улсад тэдэн жил ажилласан, тийм ажилд таарна гэдгийг өөрөө зохиож байгаа. Үүнийг өөрчлөх эрх Төрийн албаны зөвлөлд ч байхгүй. Өөр ямар нэг субьектэд ч байхгүй шүү дээ.

 Хуулиар зөвхөн тэр томилж байгаа хүн нь л хийнэ. Тэр хүн нэг албан тушаалтныг томиллоо гэж бодъё. Төрийн албаны зөвлөлөөс “Наад хүн чинь тохирохгүй, энэ албан тушаалд ийм шаардлага хангасан хүн байх ёстой” гэсэн шаардлага хүргүүлэхээр “Уучлаарай, таны хэлснийг ойлголоо. Гэхдээ бид баталсан ажлынхаа байранд өөрийн тавьсан шаардлагад нийцэж байгаа хүнийг л авна” гэдэг. Томилж байгаа албан тушаалтан нь л өөрөө мэднэ гэсэн үг. Тийм болохоор энэ бүхнийг стандартчилж өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт, өнөөдөр 13 яамтай байна. 13 Төрийн нарийн бичгийн даргыг томилно. 13 өөр шаардлага тавьж байна шүү дээ. Нэг нь улсад таван жил ажилласан, удирдах албан тушаал хашч байсан гээд баахан он, сарчилсан шаардлага тавьдаг. Нөгөөх нь улсад таван жил ажилласан байхад болно гэх мэтээр өөр өөр шаардлага тавьж байна. Үүнийг нэг стандартад оруулаагүй учраас өнөөдөр дуртай хүн нь дуртай албан тушаал руугаа шургаж орж ирж байна шүү дээ.

-Сүүлийн үед төрийн албан хаагчдыг олноор нь халж байна гэх яриа их гарах болсон. Ер нь аль ч Засгийн үед энэ асуудал яригддаг. Тэгвэл аль намын засаг барьж байх үед төрийн албан хаагчид илүү олноороо халагдаж байсан гэх судалгаа байгаа юу?

-Судалгаа бий. Манай төрийн албаны зөвлөл жил бүр статистик судалгаа гаргадаг. Яг үнэнийг хэлэхэд, тэр намын үед илүү, дутуу гэсэн юм байхгүй. Ямар ч ялгаагүй байдаг. УИХ-ын сонгуулийн дараа нэг нь ялдаг. Гарч ирээд Засгийн газраа байгууллаа. Дараа нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулаад, яамны тоог өөрчлөөд явчихдаг. Дагаад төрийн алба тэр чигээрээ савладаг. Үүнийг болиулах хэрэгтэй.

Хуульчилж өгөх шаардлага байна. Бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчийг халдаг. Тэр хүний ажиллаж байгаа байгууллагын чиг үүрэг нь огт өөрчлөгдөөгүй байхад шүү дээ. Эрүүл мэндийн яамны нэр жаахан өөрчлөгдлөө гээд эрүүл мэндийн чиглэлээрээ ажиллахгүй гэсэн үг биш биз дээ. Агентлаг нь тодорхой ажлаа л хийдгээрээ хийнэ. Ажлын үндсэн чиг үүрэг, тухайн хүний хийдэг ажлын чиглэл өөрчлөгдөөгүй байхад бүтцийн өөрчлөлт гэдэг нэрээр төрийн албан хаагчийг ажлаас халахыг хуулиар хориглох ёстой. Ерөнхийлөгчийн хуульд энэ байдлыг хуулиар хорино гээд хатуу заагаад өгчихсөн байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр хэн дуртай нь бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчийг хальж, солиод байна.

-Төрийн албан хаагчдын аливаа асуудлыг хариуцаж ажиллаж байгаа Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд, гишүүд хараат бусаар ажиллаж чадаж байгаа юу?

-Бид хараат бусаар ажиллаж байгаа. Хэдийгээр бид хуулиа бариад, хараат бусаар ажиллаж байгаа ч гэсэн Төрийн албаны тухай хууль нь ийм учраас түүндээ захирагдахаас өөр арга байхгүй. Хэн ч хуульд захирагдана шүү дээ. Ажлын байрны тодорхойлолтыг өөрчилье гээд бид яваад өөрчилж чадахгүй байна. Бүтцийн өөрчлөлт хийгээд ажлаас халлаа. Наана чинь ямар ч бүтцийн өөрчлөлт алга, чи ажлаас халах эрхгүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Шүүх рүү явахаас өөр аргагүй. Тийм учраас үүнийг өөрчилж, хараат бус байдлыг хангуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна.

-Төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас халснаас үүдэж гарах хохирлыг төр барагдуулдаг гэж байна. Яагаад хууль бусаар тухай хүнийг ажлаас нь халсан албан тушаалтан хохирлыг нь барагдуулахгүй байгаа юм бэ?

-Би нэг тодорхой жишээ дурьдая. Нэг хүнийг шинээр ирсэн дарга ажлаас нь халчихаж. Тэгээд олон жил шүүхээр явжээ. Гурван жил заргалдаж, гурван шатны шүүх дамжсаны дараа ажилдаа буцаж орох болсон байгаа юм. Ажилдаа эргэж ороод, гурав хоносоны дараа өнөөх дарга нь дахиад халчихсан. Дахиад гурван жил хөөцөлдөөд, ялалт байгуулсан. Энэ хугацаанд тухайн хүн 100 сая төгрөгөөр хохирсон гээд нэхэмжлээд, ялчихаж байгаа юм. Энэ мөнгийг нь төсвөөс гаргах жишээтэй. Ажлаас албан тушаалтан өөрөө халааснаасаа гаргахгүй. Өнөөдөр ажлаас хууль бусаа халсан удирдах албан тушаалтан хууль зөрчсөн бол хохирлыг өөрөө барагдуулна гэсэн заалт аль ч хуульд байхгүй.

Үүнийг хуульчилж өгөхгүй бол болохгүй байна.  Ядаж байхад Үндсэн хуульд Төрийн албан хаагчийн гаргасан хохирлыг төр хариуцна гээд заагаад өгчихсөн байдаг. Үүнийг ашиглаад л албан тушаалтнууд хууль бусаар ажилтнаа халаад байна. Зарим хуулийн зүйл, заалт төрийн албан хаагчийн буруу үйлдлийг өөхшүүлсэн, бүр тийш нь түлхсэн шинжтэй байгаа. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй байна.

-Сонгон шалгаруулалт дээр Төрийн албаны зөвлөлөөс яаж хяналт тавьдаг юм бэ. Төрийн албаны сонгон шалгаруулалт эхнээсээ хуулийн дагуу яваагүйгээс болоод Завханд нэг хүн амиа алдчихлаа шүү дээ?

-Мэдээж хяналт тавилгүй яахав. Нэгдүгээрт, Төрийн албаны зөвлөл ямар ямар албан тушаалтны сонгон шалгаруулалтыг гардаж зохион байгуулах вэ гэдгийг хуулиар зохицуулчихсан байгаа. Бусад албан тушаалд томилогдож байгаа төрийн албаны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн эрхийн дагуу өөрсдөө хийнэ. Яаманд болж мэргэжлийн сонгон шалгаруулалтыг яам өөрөө. Аймагт болбол аймгийн салбар зөвлөл хийнэ. Төрийн албан зөвлөл бол арга зүйн удирдлагаар хангана. Бүх журам, дүрмийг нь баталсан байдаг. Тэр дагуу л явна. Сонгон шалгаруулалтад ямар нэг зөрчил сүүлийн үед гарахгүй байгаа. Яагаад гэвэл цахим системд шилжчихсэн. Хүнээс хараат байдлаар болохгүй болсон. Яахав, сүүлийн шатанд ярилцлага гэж бий. Тэр шатанд нөлөөлөл орох нь харьцангуй гайгүй. Ер нь бол төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт буруу боллоо.

Буруу хүн нэгээр, хоёроор гаргалаа гэсэн гомдол гарахаа больсон. Хуучин бол маш их гардаг байсан. Шалгаруулалтыг цахимаар хийдэг болсноос хойш тийм байдал байхгүй болсон. Саяхан Завханд төрийн албан хаагч ажлаасаа халагдсанаас болж сэтгэл санааны хүнд байдалд ороод, амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарсан. Гэхдээ нөхцөл байдал нь тодорхой байгаа. 2015 онд Төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилал зэрэглэлд орж байсан Төрийн сангийн ажилтан, нягтлан бодогчийн ажлыг Засгийн газрын 351 дүгээр тогтоолоор төрийн захиргааны албан хаагч болгоод өөрчилчихсөн юм. Тийм учраас энэ албан тушаалуудад ажиллаж байсан хүмүүсээс Төрийн албаны шалгалт авахаас өөр аргагүй болсон. Ингээд л улс даяар шалгалт авсан. Ганцхан Завханд авсан юм биш. Бүх аймаг, суманд энэ шалгалтыг авсан. Завханы гэхэд бүх суманд сонгон шалгаруулалт явуулсан. 2015 оны дөрөвдүгээр сард энэ шалгалтыг авсан юм. Харин Завхан аймгийн Идэр суманд тэр албан тушаалын төлөө гурван хүн өрсөлдсөн байгаа юм. Улмаар гурван хүн 60-ээс дээш оноо авч, нөөцөд орсон.

Тэр дундаа хамгийн өндөр оноог Нямжав гэдэг хүн авсан. Харин хоёрдугаар байрт Одхүү гэдэг хүн орсон бол гуравдугаарт сая амиа алддаг Түвшинжаргал гэдэг хүн орсон байдаг юм. Энэ бүхнийг баталгаажуулаад, тогтоолоо гаргаад, Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн. Төрийн албаны зөвлөл нягталж үзээд, ийм ийм хүнийг энэ, энэ албан тушаалд томилох боломжтой юм байна, хуулийн дагуу хэрэгжүүл гээд 2015 он 90 дүгээр тогтоол гаргаж өгсөн байдаг. Завхан аймгийн бүх суманд зохих журмын дагуу ажилтан, албан тушаалтнаа томилоод явсан. Ганцхан Идэр суманд нэгээр гарсан хүнийг албан тушаалд нь томилоогүй. Сумын Засаг дарга нь эрхзүйн зөрчилтэй. Өөрөөр хэлбэл, төрөл садангийн хүмүүс сумын санхүүг хариуцах гээд байсан учраас би томилоогүй гэж тайлбарласан. Уг нь тэр хүн зөрчилтэй байна уу гэдгийг Засаг дарга амаар тайлбарлах биш АТГ-т өгч, тогтоолгох ёстой. Түүнийхээ дараа томилж болохгүй гэвэл хоёрдугаар байрт шалгарсан хүнийг ажилд нь оруулах ёстой байсан. Гэтэл энэ дагуу ажиллаагүй. Шууд гуравдугаар байрт жагссан хүнийг томилсон.

-Нэгдүгээр байрт шалгарсан Нямжав гэдэг хүн тухайн үедээ санал гомдлоо гаргасан юм болов уу?

-Сумандаа л гомдол гаргаад яваад байсан байгаа юм. Харин аймгийн Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргаагүй. Төрийн албаны зөвлөлд хандаагүй. Тийм болохоор энэ хүнийг яагаад томилоогүй юм гэж шалгаж, асуудлыг шалгах боломж гараагүй байхгүй юу. Гэтэл 2016 оны арванхоёрдугаар сард Нямжав гэдэг хүн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд намайг ажилд маань томилж өгөхгүй байна гэсэн гомдлыг ирүүлсэн байдаг юм. Тэгээд аймгийн салбар зөвлөл нэгээр гарсан хүнээ томилох ёстой. Яагаад хэрэгжүүлээгүй байдаг юм, хэрэгжүүл гээд тогтоол өгчихсөн. Шинээр сонгогдсон  Засаг дарга тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс талийгаачийг ажлаас нь халаад, Нямжавыг томилсон байгаа юм. Үүнээс үүдээд л эмгэнэлтэй хэрэг гарчихлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.