Оффшор бүсэд бүртгэлтэй Монгол Улсын 48 иргэний нэг болох Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай дөнгөж сая “Монгол ньюс” мэдээллийн төвд өмгөөлөгчийнхөө хамт мэдээлэл хийлээ. Тэрбээр, сүүлийн үед өөрийг нь болон аавыг нь чиглэсэн улс төрийн зорилготой, зохион байгуулалттай гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрсэн учраас нэрээ цэвэрлэх үүднээс энэхүү мэдээллийг хийж байна гэв.
Б.Чулуудай өөрийг нь оффшор бүсэд данстай, тэр дансаараа гүйлгээ хийсэн мэтээр мэдээлэл цацсан бүх хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгөөд байгаа аж. Тодруулбал, энэ талаарх мэдээллийг анх “Монгол HD” телевиз анх олон нийтэд цацсан бөгөөд, Б.Чулуудай дансаараа гүйлгээ хийсэн талаар эргэн сурвалжлага хүргэнэ гэсэн мэдээлэл өгсөн аж.
Тиймээс тус телевизийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр болжээ. Мөн Оффшор бүсэд данстай хүмүүсийг эсэргүүцсэн АТОЗ буюу Ард түмний түр зөвлөл гэгч сүүлийн үед Б.Чулуудайг оффшор бүсэд данстай, түүгээрээ гүйлгээ хийснийг баримттай дэлгэнэ хэмээн жагсаал цуглаан хийж эхэлжээ.
Тэрбээр, энэ талаараа “Энэ хүмүүс миний эсрэг баримт дэлгэнэ гэсэн. Тэгвэл тэр баримтай дэлгээч. Энэ асуудал бүр хэрээс хэтэрлээ. Ганцхан миний нэр хүнд ч биш миний аавыг хүртэл оффшор бүсэд данстай мэтээр ярьж эхэллээ. Миний аав огтхон ч тийм зүйл байхгүй. Баримт байгаа бол дэлгэж тавь.
Намайг шалгуулдаг газар нь шалгуул гэж хүсмээр байна. Миний эсрэг зохион байгуулалттай гэхээс илүүтэй миний аавыг харлуулах гэсэн улс төрийн зохион байгуулалттай зүйл яваад байгаа учраас би цаашдаа дуугүй хараад суухгүй. Зохих шатны байгууллагад хандаж шалгуулаад явна” гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.