Д.Эрдэнэбат: МАН-ын “согтуу” бодлогыг өөрсдөөс нь асуу

Д.Эрдэнэбат: МАН-ын “согтуу” бодлогыг өөрсдөөс нь асуу
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. УИХ-ын хаврын чуулган эхэлж буй энэ үед сөрөг хүчний бүлэг хэрхэн ажиллаж, улс төрийн ямар акц хийх нь тун сонирхолтой байгаа. Тэр дундаа улс төрийн “хатуу самар” гэгддэг Д.Эрдэнэбатаар Ардчилсан нам бүлгээ удирдуулж эхэлснээс хойш анхны чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Түүний зүгээс улс төрийн ямар тоглолт хийх бол гэдэг нь сонирхол татах сэдэв байх нь мэдээж. Үзэл бодлоосоо барагтай л бол ухарч няцдаггүй энэ эрхэм яах аргагүй сэтгүүлчдийн хувь “эрэлттэй бараа”. Тиймдээ ч бидний яриа улс төрд өрнөж буй “халуун” сэдвүүд, тэр дундаа намын дотоод асуудал, нийгэмд дуулиан дэгдээсэн “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаантай асуудлаар өрнөсөн юм. 
 
БИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЛЬ ХЭДИЙНЭ БЭЛТГЭЭД ЭХЭЛЧИХСЭН
 
-Намын дотоод сонгууль хуулийн дагуу ямар нэг будилаангүй боллоо гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Гэхдээ маргаантай асуудал олон байсан нь илэрч байгаа. Зарим газарт санал хураалтын дүн одоо болтол гараагүй байна. Та энэ намд нөлөө бүхий улстөрч, тэр дундаа бүлгийн толгойлдог. Бүлгээр энэ асуудлыг хэлэлцсэн байх. Санал хураалтаар тоолоод байна уу, эсвэл тохироод байна уу?
 
-Энэ бол АН-ын дотоод асуудал. АН шинэчлэгдэнэ гэдэг хүлээлт зөвхөн манай нам дотор байгаа юм биш, нийгмийн хүлээж буй хүлээлт. Ер нь АН дандаа л юмыг шинээр харж байдаг. Шинээр хийсэн бүхэнд ололт ч байдаг, нөгөө талаар алдах нь ч бий. Мэдээж дотооддоо маргаантай асуудлууд байгааг нуухгүй. Гэхдээ маргаантай асуудлыг зөв байдлаар шийдээд явна гэсэн бодол байна. Төрийн сонгууль бүр маргаантай байдаг. Улаан цайм санал хураалт болж байгаа газарт тоо нэмж, хассан зүйл байхгүй байх. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гэхэд дотоод сонгуулийн журмын дагуу яаж шийдэх ёстой түүгээрээ л санал хураалт явж дууссан.
 
Жижиг, жижиг маргаантай асуудал байгаа юм билээ. Тэдгээрийг сонгуулийн дүн гарсаны дараа Үндэсний бодлогын хорооны анхдугаар хуралдаанаар, ямар байдлаар шийдэх ёстой бэ гэдгийг гишүүдийнхээ олонхиор  шийдээд явна. Дотоод сонгуулийн маргаантай асуудалд эмзэглэхгүй байна. 
 
-С.Баярцогт нэр дэвшигчийг оффшор данстай гэх шалтгаанаар хасчихсан юм билээ. Энэ танай намын хүсээд байгаа шинэчлэл мөн үү. Үнэхээр энэ шинэчлэл юм бол сонгуульд ялагдуулсан хүмүүсийг ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байж болох л байсан шүү дээ? 
 
-Сүүлийн үед оффшорын тухай их ярьж байгаа. Үүнийг хоосон улс төр битгий байгаасай гэж хүсдэг. Оффшор данстай олон хүн байдгийг нийгэм тэртээ, тэргүй мэдчихсэн. Нэг хүнээр ингэж малгай хийж байгаа нь буруу. Ганц илэрсэн, ярьсан нь С.Баярцогт болохоос оффшор данстай ганц хүн биш шүү дээ. Бусад хүмүүс нь яачихсан юм. Бусад нам яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Би Төсвийн тодотголтой холбоотойгоор нэг асуудал Их хуралд оруулахаар бодож байгаа. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Бүсээ чангалах ёстой гэж байгаа бол та нар далд эдийн засгийг ил болгох талаар ажиллаач.
 
Оффшортой гэж хардаж, яриад байгаа олон арван тэрбумыг оруулж ирэх асуудлаар эрхзүйн хувьд зохицуулалт хийе. Тэнд асар их мөнгө байгаа юм биш үү гэсэн шаардлага тавина. Оффшортой холбоотой асуудалд МАН-ын нөхдүүд ч хамрагдчихаад байхад ганцхан хүнээр “малгай” хийчихээд л улстөржөөд байх юм. Шаардлага тавиад ирэхээр С.Баяр, Сү.Батболд нь босоод “байна, байхгүй” гэдгээ хэлэх байлгүй дээ. Өөр хэн байгаа юм. Хэрвээ байгаа бол тэр мөнгөө оруулаад ир л дээ. Харин эрхзүйн орчинг нь баталгаажуулаад өгч яагаад болохгүй гэж. 
 
-Дотоод сонгуулийн хороо дүрэмд заагаагүй үндэслэлээр дэнчин хураамжийг тогтоосон нь дүрэм зөрчсөн. Энэ дэнчин намыг мөнгөтэй хүмүүсийн гарт оруулах боломжийг бүрдүүлчихэв үү гэх хардлага бий? 
 
-Татвар өндөр байлаа гэх шүүмжлэлтэй санал нэгдэж байна. Гэхдээ намын дотоод сонгуулийн хороо болон намын удирдлага өөрийн эрх хэмжээний хүрээнд хийсэн журмыг олонхи нь батлаад явчихсан бол дүрмээр нь явахаас өөр арга байхгүй. Улсын дээд шүүхээр баталгаажаагүй дүрмээр сонгууль явуулж байна гэсэн маргаан гарсан нь үнэн. Тухайн үед би “Наад дүрэм чинь батлагдаагүй юм бол сонгууль явуулах нь дэмий. Дараа нь эрсдэлд орох вий” гэж намын удирдлагуудад хэлж байсан. Сая дүрэм батлагдаад энэ асуудал нэг тийшээ болчихлоо.
 
Одоо асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Ер нь бид дарга, цэрэг болох гэж баахан хөөцөлдөөд л маргалдаад байдгаа болих хэрэгтэй л дээ. Манай нам бодлогын нам болох ёстой. Бид анх шинэчлэлийг гаргаж тавихдаа бодлогын нам болохоор зорилтоо тодорхойлсон. Бодлогын нам болохын тулд оюунлаг, мэдлэгтэй, боловсролтой залуусаа “жийж” болохгүй. Харин ч тэднийг тэргүүндээ тавиад явах ёстой. Энэ асуудал манай намын наймдугаар Их хурлын гол сэдэв байх болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаас гадна бид ямар үзэл баримтлалтай нам болох вэ гэдгээ ярилцах юм. Энэ туйлын чухал асуудал шүү. 
 
-АН бодлогын нам болох эхний алхмаа хийж чадсан юм болов уу. Бөх, дуучин дотоод сонгуульд олноор дэвшсэнийг харахад боловсролтой, мэдлэгтэй гэх тодорхойлолт холуур зөрөөд байх шиг?
 
-Одоо Үндэсний бодлогын хороо өөрийнхөө Удирдах зөвлөл, бодлогын зөвлөлүүдээ сонгоно. Бодлогын зөвлөл мэдээж манай намын гол цөм бодлогыг хийх чадвартай гишүүд орж ирнэ. Тэр гишүүд нь байж л байгаа. Харин бид сонголтоо л зөв хийх хэрэгтэй байгаа юм. Хэдхэн тойрогт бөх барилдаж байсан хүмүүс нэр дэвшсэн гэдгээр явуургүй улс төр хийж болохгүй л дээ. АН-д бүхий л давхаргын төлөөлөл байгаа. Тэдгээр төлөөллүүдээс хэн ямар шатанд нэрээ дэвшүүлэх вэ гэдэг нь өөрөө ардчиллын үнэ цэнэ. Гишүүд маань ингэх бүрэн эрхтэй. Харин эрхээ эдэлсэнийг нь шүүмжлэх нь зөв үү, буруу юу. 
 
-Ерөнхийлөгчийн сонгуульдаа том, жижиг намууд бэлтгээд эхэлчихлээ. Гэтэл танай нам дарга, цэргийн “хэрүүл”-ээ хийсээр байх юм. Хэзээ Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэж эхлэх юм бэ. Дотооддоо ярилцсан зүйл байна уу?
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд АН аль хэдийнэ орчихсон шүү дээ. Анзаарахгүй байна уу. Сонгуульд оролцохын тулд нэгдүгээрт намын бүтэц тодорхой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, намын гишүүд нь тодорхой байх ёстой. Тэгвэл 150 мянган гишүүн АН-д байна. Эдгээр гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд түүчээлэгчид нь байх ёстой. Хэрвээ намын гишүүдээ унтуулчихвал сонгуульд орох тухай ойлголт байхгүй болно шүү дээ. Тиймээс манай намын Ерөхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил явж байгаа гэж ойлгож болно. 
 
-Дотоод сонгуулийн маргаанаас гадна намын байр хаашаа оров гэх асуудал анхаарал татаж буй. Ер нь бүхэл бүтэн УИХ-д суудалтай том нам атлаа нэг компанийн байранд ХЭГ-аа оруулах нь хэр зөв шийдвэр вэ. Хувийн компани шиг боллоо гэх юм? 
 
-АН-ын байрны тухайд намын даргын өөрийнх нь шийдсэн асуудал. АН үнэхээр байргүй байсан нь үнэн. Одоо ч байргүй байгаа. Үйл ажиллагаагаа явуулахын тулд ямар нэгэн байртай байх ёстой биз дээ. Гэхдээ хүн бүрийн харах өнцөг өөр, өөр. Өөрийнхөө харах өнцгөөр тайлбарладаг нь манай ардчиллын үнэт зүйл. Энэ асуудалд эмзэглээд байх зүйлгүй. Өөр газар үйл ажиллагаагаа явуулж байгааг буруушаахгүй. 
 
ТӨР БАЙЖ БОЛОМГҮЙ ТОМ АЛДАА ХИЙЛЭЭ
 
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон ноцтой асуудал нийгэмд өрнөж байна. Энэ талаар та ямар бодолтой явна? 
 
-Би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиар аль эрт байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Аж үйлдвэрийн сайд байхдаа хэлсэн. Монгол Улс гадна байсан хөрөнгөө оруулж ирж байгаа хамгийн анхны түүхэн тохиолдол гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, би эерэг өнцгөөс нь харж байгаа юм. Бусдын өмч байсан хөрөнгийг Монголдоо оруулж ирж байхад Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолоор хүчингүй болгосныг буруу гэж бодож байна. 49 хувь Монголд орж ирснээс болж бидэнд ямар нэгэн хохирол учраагүй. Монголын төрийн хувьд 49 хувь бол бусдын өмч. Гэтэл бусдын өмчийг хууль бусаар авах нь өөрөө Үндсэн хуулиар хориотой. Энэ өмчийг гаднаас худалдан авахад хувийн бизнесийн төлөөлөл 400 сая ам.доллар төлсөн гэсэн мэдээлэл байна. Хүн аливаа зүйлд мөнгө зараад, их ч бай бага ч бай ямар нэг хөрөнгийг худалдаж авсан бол энэ нь бусдын өмч. Үндсэн хуульд “Бусдын өмчийг зөвхөн хуулиар хамгаална” гэсэн заалт байдаг. 
 
-49 хувь албан ёсоор төрд шилжээгүй байхад төрөөс ТУЗ-ийг томилсон. Шахааны бизнесээ явуулах дараагийн бай нь “Эрдэнэт” юм биш үү гэх хардлага ч байгаа. ТУЗ-ийг хүч түрж томилж болох юм уу?
 
-Сая Засгийн газрын гаргасан шийдвэрийг үнэхээр гайхсан. Яагаад 400 гаруй сая ам.долларын бусдын өмчийг Засгийн газар нь дөрвөн цент ч төлөлгүй булаагаад авч байгаа юм. Энэ чинь Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг биз дээ. Нэг зүйлийг бүр анхааруулж хэлмээр санагдаад байгаа юм. Асуудлыг нийгэмчлэх юм уу. Бусдын хөрөнгийг дайрч хураан авахад заавал нөхөн төлбөр олгосон байх Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл Засгийн газар нь үүнийг зөрчөөд, олонхи гэдгээрээ  хүч түрэн хууль бус үйл ажиллагаа явууллаа. Төр байж боломгүй том алдаа хийлээ. Төрд учир мэдэхгүй хүмүүс гүйж орчихоод, зөвхөн тушаалаар үүрэг гүйцэтгэж байгаа нь маш буруу.
 
Сүүлийн үед хүмүүс 1937 оны хэлмэгдүүлэлт эргэж ирлээ гэж ярьдаг болсон. 1937 онд ямар үйл явдал болсон бэ гэхээр бусдын нөлөө, дагавраар залууст ногоон малгай өмсгөж, буу бариулан феодалын өмчийг хурааж авсан юм шүү дээ. Улмаар лам, хуврагуудыг устгасан. Гэтэл яг энэ үйлдэл орчин үеийн хэлбэрээр хэрэгжиж эхлээд байгаа юм биш үү. 49 хувийн эрх ашгийг хамгаалах талаар эрс алхам хийхгүй байгааг гайхаж байна. Нэг хүний өмчийг зүгээр л хууль бусаар хурааж аваад, нийгэмчилж байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш. УИХ-ын тогтоолд ойлгомжтой тусгаж өгсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, та бүхэн хэлцэл хий, мөнгө авсан асуудал байвал шүүхээр буруу, зөвийг нь тогтоогоод, зөрүү мөнгийг нь төлөөд аваарай гэсэн утга бүхий тогтоол гарсан.
 
Гэтэл нэг ч цент төлөхгүй хурааж авч яаж болдог юм байна. Бид ямар нийгэм рүү яваад байгаа юм бэ. Монголын нийгэм сууриараа өөрчлөгдөх гээд байгаа юм биш биз. Хувийн өмчийг шууд нийгэмчилж хурааж авдаг төр засаг байгуулагдчихсан юм биш үү гэж иргэд гайхширч эхэллээ. Бид 26 жил тэмцэхдээ ийм нийгмийн төлөө явсан юм уу. Их ч бай, бага ч бай хүний өмч рүү хууль бусаар түрэмгийлэн халдаж дээрэм хийдэг болсон юм уу, манай төр. Ер нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр ч  иймэрхүү байдал ажиглагдаж байсан.  Ерөөс хувьчлал зөв байсан юм уу. Эргэж харах нь зөв гэж байсан. Ер нь эргээд коммунизм руу явж байгаагаа ил тод зарлачих хэрэгтэй. Коммунизм руу явж байна гэдгээ зарлачихвал нийгмийн цаашлаад АН-ын хандлага ч өөр болно. Ер нь нийгэмд эвгүй дохио өгөөд байна даа. 
 
 
-Тухайн үед та Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Худалдан авсан гэдгийг олон нийтэд нээлттэй зарлачихсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан юм биш үү. Яагаад худалдан авалтыг ил тод хийгээгүй юм бэ?
 
-Энэ асуудал тухайн үед Засгийн газрын нууц асуудлын жагсаалтад орж ирсэн. Нууц асуудал нууц байдлаараа л хэлэлцэгддэг. Төрд өөрийн дэг журам байна. Нийгэмд буюу олон улсад  мэдэгдэх зүйл гэж байхад нууц байдалд хэлэлцэх асуудал гэж байдаг. Тэр утгаараа л нууц асуудлаар оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Тухайн үед Аж үйлдвэрийн сайдын хувьд худалдаж авах нь зөв гэж үзэж байсан. Өнөөдөр ч энэ байр сууринаасаа ухраагүй. Яагаад гэвэл, ОХУ-д байсан өмч Монгол Улсад орж ирсэн. Үүнээс болж Монгол Улс хохироогүй. Тиймээс ч зөв гэсэн байр сууринаасаа цаашдаа ч ухрахгүй. Юу ч гэж хардаж болно.
 
Гэрээний оролцогч нэг тал “Би гэрээнээс гарч, өөрийн мэдлийн өмчөө энэ байгууллага руу шилжүүллээ“ гэсэн мэдэгдлээ албан ёсоор Засгийн газарт өгсөн юм. Энэ нь нөгөө УИХ-аар оруулах ёстой, ёсгүй гээд маргаад байгаа гэрээ автоматаар хүчингүй болж байгаа гэсэн үг. “Аль нэг тал татгалзвал уг гэрээ автоматаар хүчингүй болно” гээд тодорхой заачихсан байсан. Гэрээ хүчингүй болсныг танилцуулах үүрэг надад ноогдсон нь үнэн. УИХ-д зүгээр л танилцуулах ёстой болохоос уг гэрээг хүчинтэй байна, хүчингүй байна гэж хэлэлцэх ёсгүй байсан юм. Оролцогч нөгөө тал нь “Би хөрөнгө зарчихлаа. Гэрээ дуусгавар боллоо” гэхэд л энэ гэрээ автоматаар хүчингүй болсон.
 
Харин үүнийг улстөржүүлж байгаа нь буруу. Аливаа асуудлыг улстөржүүллээ гээд манай эдийн засагт ямар ашиг авч ирээд байгаа юм бэ. “Эрдэнэт”-ийн маргаан өрнөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үл ойлгогдох байдалд хүрчихлээ. 51 хувь бүр замхраад алга болсон. Гэтэл 51 хувийн хүндрэл дээр нэмээд 49 хувь ороод ирлээ. Энэ компани юу болж хувирах вэ. Эдийн засгийн үр ашиг, хор нөлөөтэй талаас нь огт ярихгүй юм. Дандаа улс төрийн ашиг хонжооны үүднээс яриад байгаа. Улс төрийн ашиг хонжоо огтхон ч байхгүй юм билээ. “Эрдэнэт” бол Монголын эдийн засгийг авч яваа хамгийн том аж ахуйн нэгж байхгүй юу. Гэтэл улс эх орны эрх ашиг гэдэг өнцгөөр биш улстөржүүлж асуудалд хандаж байгаад харамсч байна. 
 
-Төр хууль зөрчсөн юм бол АН-ын бүлэг хариуцлагын асуудлыг оруулж ирэх үү. Асуудлыг одоо шийдэхгүй бол төр, бизнес эрхлэгчдийн дундах хэрүүл дуусахгүй үргэлжлэх бололтой? 
 
-Энэ зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал биш. Төрийн буруу үйлдэл бусад үйлдвэрлэгчдэд ч хамгийн эмзэг сэдэв болж хувирлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувь гэхээсээ илүү эдийн засгийн бодит өсөлтийн хангадаг үйлдвэрлэгчдэд сөрөг мессеж очих вий гэдгээс болгоомжлох ёстой юм. Нөгөө талаараа эдийн засагт сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол манай бүлэгт байгаа. Тиймээс манай намын бүлэг энэ асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлнэ. Зөвхөн “Эрдэнэт”-ийн 49 хувиар биш. Хувийн өмчийг хамгаалах тухай асуудлаар, эдийн засгийн бодит өсөлтийг хангахын тулд үйлдвэрлэгчидийг дэмжих тухай асуудлаар бид байр сууриа илэрхийлэх цаг нь болсон. 
 
-“Монгол зэс" корпорациас 49 хувийг төр буцааж авах бол буцаад Оросын талд, эсвэл хоёр дахь, гуравдагч талд шилжих эрсдэл байгаа гэж анх яриад байсан. Энэ эрсдэл хэвээрээ байгаа юу?
 
-Нэгдүгээрт, бусдад худалдах зэргээр өөр талд шилжүүлэх бол нөхөн төлбөр олгогдох гэрээний нөхцөл байсан гэж харж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын тогтоол буруу гарсан. Тогтоолд “Эрдэнэт”-ийг улсын үйлдвэрийн газар байлгахаар шийдсэн. Гэтэл одоо хувьцаат компани ч юм шиг, 49 хувийг иргэдэд тарааж өгнө гээд л. Түүнийг нь улстөрчид дэмжээд байгаа ч юм шиг худал мэдээлэл маш их явж байгаа. УИХ-ын тогтоолоор улсын үйлдвэрийн газар байлгана гэж шийдсэн юм бол төсвийн байгууллага болох нь байна шүү дээ. Бүр эсрэгээрээ байх ёстой. Тиймээс тогтоол буруу гарсан. Олон эрхзүйн актыг зөрчсөн. 49 хувийг эзэмшигч тал нь асуудлаа тавих байх биз. Гэхдээ бид нэг л шаардлага тавина. Бүх зүйлийг Үндсэн хууль болоод дагалдах хуулийн хүрээнд өмчийн эрхийг хамгаалах буюу эдийн засгийг нураахгүй байх ёстой гэдгийг хатуу сануулна. 
 
АН БҮХ ШАТАНД ЦЭРГҮҮДЭЭ ЖАГСААЧИХЛАА
 
-УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ парламентад сөрөг хүчний дуу хоолой үнэхээр хангалтгүй байгаа. Цаашид энэ хэвээр л явах уу?
 
-Сул байгаа гэдэгтэй санал нэг байна. Сая нэг хэсэгтээ л дотоод сонгуульдаа анхаараад завгүй байсан нь үнэн. Одоо дотоод сонгууль дууссан. АН өөрийнхөө цэргүүдийг бүх шатандаа жагсаачихсан. Сонгуульд оролцоход бэлэн болсон. АН-ын үйл ажиллагаа идэвхжиж чадлаа. Бидний улс төрийн үйл ажиллагаа буюу АН-ын бодлого, намын бүлгийн бодлого хоорондоо уялдаж чадлаа. Одоо бид асуудлыг тавихад бэлэн болсон. Тухайлбал, ОУВС болон Төсвийн тодотголын асуудлыг тавина. Энэ асуудлыг гаргаж тавихад, иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэж байгаа маань зөв гэж үзвэл АН-ын гишүүд, цаашлаад манай намыг дэмжигчдийн сэтгэл зүрх ч бэлэн байх ёстой. Одоо бид бэлэн болсон гэж ойлгож болно. Санаа зоволтгүй. АН-ын бүлэг хүчтэй сөрөг хүчин байх болно. 
 
-Хэдхэн өдрийн өмнө эрх баригчид 580 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулснаа ёслол төгөлдөр зарлалаа. Гэтэл өрийг өрөөр дарлаа гэж танай бүлэг үзэж байгаа юм байна. Хэрвээ танайх эрх барьж байсан бол энэ өрийг дарж чадах байсан уу? 
 
-Би бүх талыг нь ярьж байна. Эдийн засгийг улайсгаагүй бол, эдийн засгаараа улстөржөөгүй байсан бол асуудал өөр байх байсан. Найман хувийн бондыг илүү бага хүүтэй авах боломжоо алдчихсан гэдгийг эрх баригчдад сануулсан. Бид засаг авчихсан байсан бол 5.5 хувийн хүүгээс хэтрэхгүйгээр олон улсын зах зээл дээр бонд босгоод, өрийг өрөөр дарж болох л байсан. Бидний шүүмжлээд байгаа зүйл юу вэ гэхээр “Таван хувийг найман хувь болгож алдагдалтай наймаа хийчихээд битгий улстөржүүлж, шоудаад байгаач ээ” л гэж байгаа юм. 
 
-Нөгөө талдаа манай улсын өр асар их учраас хүү нь өндөр байгаа юм биш үү?
 
-МАН-ынхан өр, зээл их байна гэж ярихаа болиод дахиад 5.5 тэрбум ам.долларын өр тавихаар ярьж эхэллээ. Өр их байна гэж ярихгүй байгаа шүү. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөөд, дийлэнхи олонхиороо өрийн хязгаарыг 2019 онд 105 хувь болгоно гэж өөрчилсөн. Өр бол хүндрэл биш гэдгийг өөрсдөө нотлоод байгаа биз дээ. Харин сонгуульд оролцохдоо л улс төр хийгээд, АН-ын 1.5 тэрбум ам.долларыг бөөн том юм болгож ярьж явсаар, ялалт байгуулсан нь үнэн. Гэтэл одоо түүнээс гурав дахин их өр авах гэж байна.
 
Аль өнцгөөс асуудалд хандаж байгаатай л холбоотой. Эрх баригчид Япон улсаас 850 сая хүртэл ам.доллар хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Энэ мөнгө нь бодит эдийн засагт орохгүй. Зөвхөн төсвийг илааршуулахад л ашиглах юм билээ. Бодит эдийн засаг буюу үйлдвэр барих, ажлын байр бий болгож, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд орох мөнгө нь хаана байгаа юм. Тэр талаар яагаад дуугарахгүй байна вэ гэдэг нь асуудал. Төсөв, санхүү хоёр өөр. Эрх баригчид зөвхөн төсөв, санхүү ярьж суусаар нэг жилийг өнгөрүүллээ. Харин эдийн засаг нь сайжирсангүй. 
 
-5.5 тэрбум ам.долларын өрийг бодит эдийн засаг буюу үйлдвэр барих, ажлын байр бий болгоход зарцуулна гэвэл авахыг зөвшөөрөх юм уу?
 
-Хаашаа хийхийг нь харъя. Дахиад л дэд бүтэц юм уу, өөр зүйлд явуулах юм бол эдийн засагт дэмжлэг болохгүй. Чингис бондыг буруутгаад л байдаг. Гэтэл бүгдээрээ эдийн засагт орсон мөнгө. Төсөвт ороогүй буюу төсвийн алдагдлыг нөхөөгүй. Харин эдийн засагт орсон учир бодит эдийн засгийг тэтгэсэн зээл болсон. АН-ын дөрвөн жилд бид бодлогын алдаа хийгээгүй. Бидний дөрвөн жилийн бодлого юу байсан бэ гэхээр бодит эдийн засгийг л тэтгэх байсан. Тухайлбал, Аж үйлдвэрийн яамыг яах гэж байгуулсан юм бэ гэхээр бодит эдийн засгийг л дэмжих гэж байгуулсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр Сангийн яам гол тулгуур нь болчихоод байна. Өнөөх Сангийн яам нь зөвхөн төсөв, санхүү ярьдаг. Энэ хоёроор бодлогын ялгаа гарч байгаа болохоос бид бодлогын алдаа гаргаагүй. 
 
-Эрх баригчдын хэлж буйгаар өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн төсөвтэй явж ирсэн нь маш том алдаа байсан гэх юм?
 
-Тэгээд сая Хөгжлийн банкны шинэ хуулиа батлаад дахиад л тусад нь гаргачихлаа шүү дээ. Энэ нь бас алдаа юу. Энэ мэт согтуу бодлогыг нь МАН-ынхнаас өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Би хэлж мэдэхгүй л юм байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.