УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ удаагийн өргөн барьсан төсвийн тодотголын тухайд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлүүдийг оруулж ирснээрээ бусад үеийнхээс ялгаатай. Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ зардлыг өсгөж, иргэдээс авах татварыг нэмэгдүүлж байгаатай Ардчилсан намын бүлэг санал нийлэхгүй.
Тийм учраас ОУВС-ийн нөхцлүүдийг төсвийн тодотголд тусгасан байдалд дүгнэлт хийх ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг АН-ын бүлэг гаргажээ. Ажлын хэсгийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ахлах бөгөөд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны төвшинг харгалзан үзэж байж Валютын сангийн хөтөлбөрийн нөхцлийг төсөвт тусгах эсэх асуудлыг хэлэлцэх эсэхийг тус ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд суурилан шийдвэрлэх ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ.
Хамгийн гол нь эрх баригч МАН өнгөрсөн нэг жилийн хугацаанд төсөв тойрсон маргаантай асуудлуудаас өөр ямар ч ажил хийгээгүй аж. Тэр дундаа эдийн засгийн бодит хөгжлийн талаар, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар бүтэн жил юу ч хийгээгүй. Энэ удаа ч мөн ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэж байгаа гэх 440 сая ам. долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.долларын өрийг шинээр тавих асуудлыг Ардчилсан нам зөвшөөрөхгүй гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн хэмээлээ. Мөн энэ өдрийн хурлаар намынхаа дотоод сонгуультай холбоотой зөрчил маргаанаар намын дарга С.Эрдэнийн мэдээллийг сонсчээ.
Бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Татвар нэмэхгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах боломж байхгүй юу?
-Намрын чуулганы завсарлагаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр иргэдийн зүгээс ОУВС-гийн хөтөлбөрт орох ялангуяа үүнийг дагасан татварын нэмэгдлүүд иргэдийн санааг зовоож байгаа АН улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг. Үүнийг улс төрийн дүгнэлт гэж харж байна. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС дүгнэлттэй санал нэгдэнэ.
Тэр үед нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсний үнэ 3000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч эхэллээ. Эдийн засгийн өсөлтөд ашигтайгаар эргэж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар руу, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Харин мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр байтугай ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй.
-Зээл авахыг та бүхэн эрх баригч хүчин байхдаа зөв гэдэг байсан шүү дээ. Одоо болохоор яагаад болдоггүй юм?
-Япон улсаас 800 сая ам.долларын урт хугацааны зээл авч байна. Зээл авах нь буруу зүйл биш. Гэхдээ ОУВС-гийн нөхцөлийг хангасан үзүүлэлт оруулж ирж байгаа нь буруу. Яагаад ОУВС-гийн нөхцөл рүү түлхэж байж гадаадаас өр, зээл авах шаардлагатай юм бэ. Өрийг өрөөр дарах нь Монгол Улсад ашиггүй тусч байгаа. Тэр үед Сү.Батболдын 580 сая ам.долларыг таван хувийн хүүтэй зээлж байсан. Гэтэл “Хуралдай” гээд байгаа өр дарах процесс нь өөрөө гурван хувийн нэмэгдэлтэй явчихлаа. Алдагдалтай наймаа хийж байна. Эдийн засгийн бодит өсөлтөд энэ нь нөлөөлөхгүй. Ажлын байр, цалин хөлс нэмэгдэхгүй, үйлдвэрлэл хөгжихгүй зогссоныг бид шүүмжилж байгаа.
-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор хичнээн төгрөг хэмнэх вэ?
-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор 10 гаруй тэрбум төгрөг хэмнэж байгаа. Хүүхдийн мөнгийг танаад 20 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдуудын албан тушаалыг буулгаж болохгүй гэж.
-Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох талаар ямар байр суурьтай байна вэ?
-ОУВС-гийн нөхцөлөөр гэдэг үгийг төсвийн тодотголын хуудас болгонд бичжээ. ОУВС-д орохын тулд татвар нэмэх нь зөв үү. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно гэж 200 тэрбум төгрөгийг хассан. Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгохоор болж хасах нь. Үлдсэн мөнгийг нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон болгож өгөх гэнэ. Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй. Харин Монголд хамгийн үнэ цэнэтэй зүйл хүүхдүүд.