М.Энхболд: Олонхи, цөөнх гэж оноо авахгүйгээр бид нэг зүгт харж ажиллах цаг ирлээ

М.Энхболд: Олонхи, цөөнх гэж оноо авахгүйгээр бид нэг зүгт харж ажиллах цаг ирлээ
УИХ-ын хаврын чуулган яг одоо Төрийн ордонд нээлтээ хийж байна. Хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Намрын чуулган өндөрлөснөөс хойш эх орныхоо 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 100 гаруй мянган иргэдтэй уулзлаа. Иргэд юу хүсч байна вэ гэдгийг бид эдгээр олон уулзалтаас тоймлоё. 
 
Монголын ард түмэн бидэнд асар их итгэл найдвар хүлээлгэсэн. Тиймдээ ч сайн сайхан зүйл хийгээсэй гэж хүсч байна. Гэхдээ хүлээлт нь талаар болж байгааг ч хэлж байна. Гэвч итгэлээ алдаагүй байгааг дуулах сайхан байлаа. 
 
Сайн сайханд хүрэх зам, сахилга хариуцлагагүй байдал, улстөржсөн талцал гай болж мэднэ гэдгийг хэлж байна. Та бид түмэн олныхоо итгэл найдварыг хөсөр хаяж болохгүй. Шаварт суусан улс орноо татаж гаргах нь бидний үүрэг. Ачаагаа хэн нэгэнтэй хувааж үүрэх тухай ойлголт байхгүй. Энэ удаагийн УИХ монголын түүхэнд сайнаар үлдэж, олон түүхэн шийдвэрийг гаргаасай гэж хүсч байна. 
 
Өнгөрсөн хугацаанд зоригтой хийсэн шийдвэрүүд олон эерэг үр дүн дагуулсан байна. Татварын орлого давж биелэлээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа. Ам.долларын ханш тогтворжлоо. Хөгжлийн банкны 850 сая ам.долларыг амжилттай арилжаалжээ. 
 
3.3 тэрбум ам.долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь хэдхэн сарын өмнө зээл ч авч чадахгүй байсан Монгол Улсад хөрөнгө оруулагчид итгэж буйг харууллаа. Хэдхэн хоногийн өмнө би ОУПХ-ны 136 дугаар хуралдаанд оролцлоо. 
 
Тэд хүндрэлийг давж туулах чиглэлээр манай улсын хийж буй ажлыг сайшааж, улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархаж байна. Валютын сангийн туслалцаа шинэчлэл, өөрчлөлт хийхэд бидэнд тусална. Бас бизнес орчин сайжирч, иргэдийн амьдрал дээшлүүлэх, банк санхүүгийн орчин эрүүлжих, эдийн засгийн эерэг үр дүн авчрахад ОУВС-ийн хөтөлбөр туслана гэдэгт итгэлтэй байна.  
 
Байнга зөвлөж дэмжиж байдаг найрсаг харилцаатай улс орнууд, томоохон банк санхүүгийн байгууллагуудад УИх-ын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар шинэ төвшинд бодлого гарган ажиллах болно. Татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг нэмэх талаар хаврын чуулганаар бид ярилцана. Олонхи, цөөнх гэж оноо авахгүйгээр бид нэг зүгт харж ажиллах ёстой. Эх оронд минь налгар сайхан цаг ирж байна. 
 
Гэвч хаврын хавсаргыг мартаж боломгүй. Гадаад орчинд эерэг хандлага гарч, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаа тааламжтай нөхцлийг бид алдаж болохгүй. Томоохон төсөл хөтөлбөрөө энэ хавар хөдөлгөх ёстой. Бид Чалько-д өрөө төлж чадлаа. Баялгийн үр шим одоо ард түмэнд 100 хувь очиж чадах боломжтой боллоо. Царигийн хэмжээ, цацсан мөнгөнөөс өөр ярих зүйлгүй байгаа төмөр замаа хөдөлгөх цаг нь болсон. 
 
Намын нэрээр гул барьж төрийн албыг хутгадаг асуудал байсаар байна. Төрийн албаны дэг жаяг алдагдаж байгаа юм. Ийм байвал бид хөгжих боломжоо алдсаар байх болно. Төрийн алба ард түмэнд үйлчлэх ёстой гэж ярьсаар байгаа. Гэвч төрийн залгамж чанар, төрийн мэргэшсэн албаны зарчим алдагдсаар байна. Авлига амь бөхтэй оршсоор байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг шинэчилнэ. УИХ авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаар баталсан. Таван сарын хугацаа өнгөрлөө. Гэвч үр дүн гарсан уу гэдгийг хармаар байна. Тиймээс энэ хаврын чуулганаар хуулийн хэрэгжилтийг сонсохыг хүсч байна. Бид эдийн засгаа эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжүүлж чадлаа” хэмээн ярьсан юм.
 
Мөн энэ өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар үг хэлнэ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.