“Овт шаар”-ын хуулийн ачаар холын хамаатнууд уулзах нь ээ

“Овт шаар”-ын хуулийн ачаар холын хамаатнууд уулзах нь ээ

Хаврын улс төрийн халуухан сэдэв болоод байсан оффшор бүсэд данс эзэмшиж буй улстөрчдийн асуудал өдгөө нийгмийн хүрээний халуун сэдэв болон хувирав. Тэр тусмаа улстөрчид энэ асуудлаар тун халуухан маргаан өрнүүлж байна. Учир нь, УИХ-аар оффшор бүсэд данс эзэмшдэг хүнийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй байх, хэрвээ данстай бол түүнийгээ цуцалж, мөнгөө Монголд оруулж ирэх хуулийн зүйл заалтыг баталсан юм. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Тэгвэл энэ хуулийн зүйл заалт анх хэлэлцэж байснаасаа буюу Засгийн газрын өргөн мэдүүлснээс 360 градус өөрчлөгдөж  Хөрөнгө орлогоо мэдүүлдэг 37942 албан хаагчдаас хальж түүнтэй ах дүү бүх хүмүүст хамааралтай болон хувирсан юм.

Хууль батлагдсанаар эдгээр албан хаагч төрд ажиллахын тулд бүгд оффшор бүсэд данс эзэмшдэггүй гэдгээ батлахаас гадна, ах дүү, амраг садан, аав, ээжийг нь хүртэл АТГ дуудаж байцаах юм. Эсвэл та өөрөө тэдний данс тооцоог нэгбүрчлэн шалгаж ХОМ-доо мэдүүлнэ. Энэ асуудлаар ч гишүүд хоёр тал болон хуваагдчихаад байгаа. Бүр Хуульзүйн сайд С.Бямбацогт хүртэл “овт шаар”-ын хуулийг эсэргүүцсэн байх аж.

Тэрбээр, “Хийрхэл, хэт их улстөржилт юунд хүргэж болдгийг энэ хууль бодитой жишээ болж харагдаж байна. Өнөөдрийн ярилцаж байгаа асуудлуудыг өнгөрсөн оны 10 сард хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үед л хэлэлцэж байсан шүү дээ. Хэлэлцэх эсэхийг хэлэлцээд Засгийн газраас өргөн барьснаар буюу 37942 төрийн албан хаагч хамрагдана гэж орж ирсэн ч оффшорчдыг УИХ, Засгийн газар хамгаалж байна гээд нийгмийн давалгаа үүсгээд тэрэнд нь улстөрчид шахагдаад 37942 төрийн албан хаагчид болон тэдний эцэг эх, эхнэр нөхөр, хамаатан садан  нэгдмэл сонирхолтой этгээдүүд гээд нэмээд оруулж, баталлаа.

Оффшорыг өргөн хүрээнд батлах ёстой гэсэн гишүүд өнөөдөр арай өргөн хүрээтэй болчихлоо гэж байна. Засгийн газрын өргөн барьсан хуульд данс эзэмших, хувьцаа эзэмшихийг хориглох байсан. Гэтэл гишүүд хэлэлцүүлгийн явцад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авахыг хориглож байгаа юм. Жишээ нь төрийн албан хаагч гадаадад явж байхдаа бугуйн цаг авах боломжгүй болчихоод байна.

Хууль одоо 300-400 мянган хүнд энэ хууль хамаарах болчихоод байна. Энэ хүмүүс гадаад улсад явахдаа бугуйн цаг авах ч эрхгүй боллоо. Нийгэмдээ хөтлөгддөг асуудал ийм байдалд хүргэж байна” хэмээн бухимдав. Энэ хууль батлагдсанаар ирэх жилээс эхлэн төрд ажилладаг иргэн Дорж та хамаатныхаа 200 хүн рүү утас цохиж гадаадад ямар нэгэн данс эзэмшдэг эсэхийг нь судлана гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийг нь ч хураалгаж, эс бөгөөс устгалд оруулна.

За тэгээд урагш хойш явахдаа үл хөдлөх гэж хэлж болохуйц утас, цаг, үнэт эдлэл ширхэгийг ч авч болохгүй. Авсан тохиолдолд та овт шаарын бүс нутгаас үл хөдлөх хөрөнгө тээж ирсэн гэмт хэрэгтэн болно. Шинэчилсэн хуультай холбоотой Хөрөнгө орлогын мэдүүлгийн хүснэгт хүртэл өөрчлөгдөх гэнэ. Нийслэлд амьдарч буй иргэд хол ойрын хамаатнаа төдийлөн сайн мэддэггүй. Мэндийн зөрүүтэй л явах нь тун элбэг. Тэгвэл энэ хуулийн ачаар холын хамаатнууд уулзаж, данс тооцоогоо хүртэл нэгтгэж авах бололтой. Төрийн албанд ажилладаг ах дүүтэй бизнес эрхлэгч таны хохь болж байна. Аав чинь, ах чинь, аль эсвэл нөхөр чинь эсвэл таныг, эс бөгөөс төрийн албаа л сонгоно гэсэн үг. Дэгсдүүлж хэлбэл, бизнесээ орхиж, эсвэл гэр бүлээ цуцлуулсны дараа л төрд ажиллах боломж бүрдэнэ. Уг нь энэ хууль анхлан төрийн өндөр албан тушаалд ажилладаг нийгмийн хэсэг бүлгийг гэж орж ирсэн. Гэсэн ч улстөрчдийн шоу, хэнээрхлийн үр дүнд төрийн бүх шатны албан хаагчдад хамаатай болж хувирлаа. Бүр цаашлаад тэдний ард буй хэдэн зуун мянган ах дүү амраг саданд ч хамааралтай болж хувирав. Хэт туйлшрал гэдэг л энэ.

Бизнес эрхлэгчдийн хувьд оффшор бүсэд ариун хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хадгалуулах нь тийм ч буруу зүйл биш юм билээ. Татварын хамгийн ээлтэй бүс нутагт мөнгөө хадгалуулдаг бизнес эрхлэгчид өчнөөн олон бий. Гагцхүү тэр хүн төрд ажиллаж, төрийн мөнгөнөөс хумсалж оффшор бүсэд нуусан бол буруу гэсэн нийгмийн давалгаа эцэстээ өөрсдийнх нь хүзүүнд олс углаж буй бололтой.

Өмнөх ажлаа дийлэхгүй суугаа АТГ-ынхан 30 гаруй мянган төрийн албан хаагчаас гадна түүний нөхөр, эхнэр, аав, ээж, анд найзын эрэлд гарч, тэдний данс тооцоог хүртэл ухах болж байна. Хууль гурван сарын дараа хэрэгжиж эхлэнэ. Энэ хугацаанд данс тооцоогоо нэг тийш болго хэмээжээ. Тиймээс бизнесээ юу эсвэл эр нөхөр, эхнэрээ сонгохоо шийдэж, ах дүү олонтай зарим нь ургийн бичгээ ухаж суухад гэмгүй биз ээ. Үгүй яахав, далимд нь ургийн баяраа хийж, төрлөө мэдэлцэхэд буруудах юун.
Б.Тогтох

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.