Ажиллах орчин сайтай дүүргээр Баянголыг нэрлэжээ

Ажиллах орчин сайтай дүүргээр Баянголыг нэрлэжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс нийслэлийн есөн дүүргийн өрсөлдөх чадварыг судалж, дүн шинжилгээ хийснээ өчигдөр танилцууллаа. Энэхүү судалгаа нь нийслэлийн хэмжээнд анх удаа хийгдэж байгаа ч аймаг, орон нутгийн хувьд олон удаа хийгдэж байсан билээ. Тус төв нь олон жилийн туршлагадаа үндэслэж дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг чамгүй амжилттай хийсэн гэдгээ тус төвийн захирал Б.Лакшми онцолж байсан юм. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг таван бүлэг, 150 үзүүлэлтээр дүгнэж, улмаар Баянгол дүүрэг тэргүүлсэн Сүхбаатар дүүрэг эдийн засгийн орчноор тэргүүлсэн бол эсрэгээрээ хүн ам багатай, газар нутгийн хувьд ч бага атлаа Багахангай дүүрэг засаглал, амьдрах орчин, аюулгүй байдлын үзүүлэлтээр тэргүүлжээ.

Анхдагч болсон энэхүү судалгааг танилцуулах нээлтэд УИХ-ын гишүүдээс гадна хотын дарга Су.Батболд өрсөлдөх чадварын төвийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Цагаан нарын албан тушаалтнууд урилгаар оролцлоо. П.Цагаан ярихдаа “Нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааны ач холбогдол маш өндөр. Яагаад гэвэл, иргэд нийслэлийн хөгжлийг хэмжих хэмжүүртэй болж байна. Өндөр шилэн байшин, замын машин бол хөгжил биш. Хөгжил гэдэг байгаа нөөц боломжоо зөв захиран зарцуулж, иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Хөгжлийн хэмжүүртэй болсноор бодит байдлаа таньж мэдэх, цаашлаад хөгжиж дэвшихэд онцгой ач холбогдолтой. Бид таван бүлэг, 150 үзүүлэлтээр нарийвчилсан шалгуур үзүүлэлтээр гаргалаа. Хот, дүүргүүдийн өрсөлдөх чадварыг зөвхөн амьдрах орчин, эсвэл эдийн засгийн үзүүлэлтээр бус олон талыг харж цогцоор үнэлсэн бодитой мэдээллийн сан бүрдүүлж чадлаа” хэмээн ярилаа.

Энэ үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн захирал Б.Лакшмигаас цөөн асуултад хариулт авлаа.

-Өмнө нь танай бай­гууллага аймгуудын өрсөл­дөх чадварын тайланг гар­гаж байсан. Энэ удаад дүүр­гүү­дийн өрсөлдөх чад­варын тайланг гаргалаа. Ач холбогдол нь юу байна вэ?

-Бид аймгуудын өрсөлдөх чадварыг дөрвөн дэд бүлэгт хувааж, 180 үзүүлэлтээр нарийвчлан тооцож гаргаж байсан. Энэ удаад 150 үзүүлэлтээр таван бүлэгт хувааж гаргалаа. Дүүргүүдэд ихэвчлэн хүмүүсийн амьдрах орчин, ая тухтай байдал зэргийг илүү чухалчилсан.

-Анх удаагийн тайланг гэдэг утгаараа алдаа оноо байгаа л байх. Орхигдуулсан зүйл байна уу?

-Ихэнх тайлан судалгааг харж байхад ганц удаа хийгээд орхичихдог. Гэтэл бид жил болгон гаргадаг. 180 үзүүлэлтээс тухайлбал аль нь сайжирч байгааг жил бүхэн дүгнэдэг гэсэн үг. Дүүргүүдийг ч ялгаагүй юу нь сайжирсан байна вэ гэдгийг нягталж шалгаад явчихна. Анхны хэмжүүрээ бий болгож чадлаа. Дараа жил үзүүлэлтүүдээ харьцуулаад л явчихна.

-Дүүргүүдийг харьцуулж байхад мэдээж хүн ам, газар нутгийн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байсан байх. Онцлогийг нь харгалзаж хийсэн гэж ойлгож болох уу?

-Баянгол дүүрэг бол нийслэлийн худалдааны том дүүрэг. Тэр утгаараа хүмүүс тэнд амьдрах, ажиллах сонирхолтой байдаг юм билээ. Дүүргүүдэд тулгамдаж буй асуудал юу вэ гэхэд хүмүүс “ажлын байр” гэж хариулсан. Тэгэхээр Баянгол дүүрэгт ажлын байрны хүрэлцээ маш их байх жишээний. Багахангай дүүргийг би онцолмоор байна. Тус дүүрэгт бусдыгаа бодвол нэлээд олон төсөл хөтөлбөр хэрэгждэг юм билээ. Хүн амын нягтаршил төвийн дүүргүүд шиг болоогүй учраас юм хийх боломж их юм байна лээ.

-Энэ тайлан төрийн бодлого шийдвэрт хэр үр нөлөөтэй бол?

-Өрсөлдөх чадварын тайлан төрийн бодлогод гэхээс илүү аймаг, дүүргийн иргэд, удирдлагад илүү ажиллах сэдэл өгдөг. Бид илүү ажиллах ёстой юм байна, аймгаа, дүүргээ хөгжүүлэх ёстой юм байна гэсэн сэдэл өгнө. Өмнөх туршлагуудыг харж байхад дээгүүр байрт орсон аймгууд ажил хийдэггүй. Гэтэл эсрэгээрээ доогуур байранд орсон аймгууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд маш их ажил хийдэг. Бид яагаад ийм доогуур оров гэх мэтээр бүтээмжээ дээшлүүлдэг нь харагдаж байсан. Дүүргүүдэд ч ялгаагүй ийм байдлар өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд амьдрах орчин, ажлын байр, аюулгүй байдал, бүтээн байгуулалт, тохижилт зэрэгтээ анхаарч ажиллана гэж харж байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.