Ипотекийн зээлийн хугацааг 30 жил болгож сунгасан гэв

Ипотекийн зээлийн хугацааг 30 жил болгож сунгасан гэв

УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагаас эхлэх байсан ч 30 гаруй минут хойшилж яг одоо хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тавьсан асуулгын хариуг сонсч байна. Асуулгын хариултыг Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өглөө.

Тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогсохгүй. Бид олон улсын санхүүжилтийн дэмжлэгээр хэрэгжүүлээд явна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Баянхошуу, Сэлбэ хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Өмнөх Засгийн газрын үед уурын зуух барих байдлаар шийдэх тухай яригдсаныг бид зогсоож гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төвлөрсөн дулаанд холбохоор тодорхой шийдэл гаргасан.

Амины орон сууц барих төсөл ч Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд явна. Иргэд 0.07 га газартаа ипотекийн зээл авч орон сууц барьж болно. Үүнийг “Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр” гэж нэрийдсэн хэмээлээ. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөр ч ирэх оноос хэрэгжих бөгөөд Нийслэлийн орон сууц, ТОСК энэ асуудлыг хариуцаж явах аж.

Эдгээр ажилд барилгын компаниудын хүчийг зөв зохион байгуулж явна гэдгээ салбарын сайд онцоллоо. Мөн иргэд ипотекийн зээлээр байр авах хугацаа 20 жил байсныг 30 жил болгож өөрчилжээ. Ингэснээр барилгын салбарын борлуулалт ихэсч, иргэдийн эргэн төлөлт ч сайжирна хэмээлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж эхлээд байна.

Тухайлбал, эрхэм гишүүн Б.Энх-Амгалан өмнөх Засгийн газрын үед гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжсэн. Харамсалтай нь газрыг нь авчихсан атлаа барьсан барилга байхгүй явж байгаа. Тэгэхээр эндээс болж хохирсон хэчнээн иргэн байна вэ гэдгийг тодруулав. Гишүүний асуултад хотын захирагч Су.Батболд “Энэ ажлыг анх эхлүүлэхдээ сэтгэлийн хөөрлөөр, ул суурьтай судалгаа хийхгүй эхэлсэн. Явц нь хэцүү байгаа. Яг үнэнийг хэлэхэд энэ хүмүүсийн баасыг цэвэрлээд явж байгаа.

Зээлийн өртэй, дарамттай гэсэн шалтаг тоочдог. Хотын захиргаа анхнаасаа болно бүтнэ гэж оруулсан. Гэтэл бид дампуурчихлаа гэсэн тайлбар компаниуд өгч байна. Намайг анх ажлаа авахад иргэд жагсч угтсан. Хүйтэн нойтон боллоо, бид гудамжинд гарчихаад байна гэсэн өргөдлөө бариад угтсан. Нийт 492 айл дахин төлөвлөлтийн улмаас хохирсон гэсэн өргөдөл өгсөн байгаа. 200 гаруй айлыг түрээсийн орон сууцанд оруулсан. Энэ тоо нэмэгдэх шинжтэй байна гэсэн хариулт өглөө. Чуулган үргэлжилж байна.

Б.Тогтох

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.