АИХ: Дордуулсан долоогоос өөрцгүй завхруулсан зургаан өөрчлөлт болох вий

АИХ: Дордуулсан долоогоос өөрцгүй завхруулсан зургаан өөрчлөлт болох вий

Сүүлийн үед улс төрийн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон Ардын их хөдөлгөөн гэх сайн дурын байгууллага Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон юм.

Хэвлэлийн хуралд АИХ хөдөлгөөний гишүүд оролцов. Тэд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахдаа зургаахан асуудлыг хөндөж байгаа нь ор нэр төдий зүйл болох вий хэмээн болгоомжилж буй учраас Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нарт мэдэгдэл хүргүүлэхээр болсноо сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд “Нэн түрүүнд манай хөдөлгөөний гол зорилго болсон Ардын Их Хурал буюу хоёр танхимтай парламентат тогтолцоотой болох асуудлыг хэлэлцүүлэхээр болсон нь талархууштай байна. Гэсэн хэдий ч дээрх зургаан зүйлийн асуудлыг хөндөж байгаа нь нэр төдий ажил болох магадлалтай байгаад санаа зовж буйгаа үүгээр илэрхийлье.

Учир нь Төрийн эрх мэдлийг ард түмний гарт буюу тухайн сум хороонд амьдарч байгаа иргэнд өгөх гэсэн АИХ хөдөлгөөний үзэл баримтлалд нийцэхгүй харин ч одоо төр засгийн эрхийг зайдагнаж буй олигархийн тогтолцоог улам бэхжүүлж эрх мэдлийн дахин хуваарилалтаа ард түмний нэрээр халхавчлан хийх магадлал маш өндөр байна.

Хэрэв үнэхээр УИХ-ын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу бүх зүйл өрнөвөл ард иргэд үр дагаварыг нь нуруундаа үүрсэн өмнөх “дордуулсан долоон өөрчлөлт”-өөс ч илүү хортой “завхруулсан зургаан өөрчлөлт” болох аюул харагдаж байна. Гэтэл орон нутаг, сум, хороондоо амьдарч байгаа иргэд олигархиудад хулгайлагдсан “төр барих эрх”-ээ бодитоор эдлэхийг шаардаж байна.

Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын уг үндэс болсон Үндсэн хуульд орох нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын иргэн нь төрийн эрх барих эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг хангасан, эх орны ирээдүйн тогтвортой хөгжлийн баталгаа болох ёстой хийгээд алив гадны нөлөөлөл, улс төрийн аль нэг нам, эвсэл, олигархи бүлгийн явцуу сонирхлоос ангид хийгдэх ёстой. Энэ үйл хэргийн төлөө Ардын их хурал хөдөлгөөн нь тууштай тэмцэх бөгөөд үүнтэй холбоотой бүхий л асуудлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авахад бэлэн байгааг мэдэгдье” хэмээжээ.

Б.Тогтох

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.