Д.Оюунхорол сайд ч сүйхээтэй юм аа

Д.Оюунхорол сайд ч сүйхээтэй юм аа

Монгол Улс бүх нийтээр мод тарих өдөртэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж иргэн бүхний оролцдог томхон арга хэмжээ болжээ. Уламжлалт мод тарих өдөр өнгөрөгч бямба гарагт тохиож, төр засгийн өндөрлөгүүдээс эхлээд, төрийн албан хаагчид, байгууллага, иргэд хүртэл мод тарив.

Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд, хотын захирагч Су.Батболд, БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол тэргүүтэй албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АСЕМ вилла” цогцолборт Ардын үг уулзалтад оролцож буй иргэдтэй хамт мод тарилаа. Мөн Төрийн орон сууц корпораци, Баянзүрх дүүргийн иргэд гэх мэтээр аж ахуйн нэгж албан байгууллагууд ч мод тарих өдрөөр тус тусын төгөл байгуулж, мод тарив.

Салбарын сайд Д.Оюунхорол энэ өдөр мод тарьж буй иргэдийн санаачилгыг дэмжиж үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа манай улсын хувьд мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх нь нэн чухал алхам болж байгаа. Манай яамны зүгээс тарьсан мод бүрийг ургуулах талаар анхаарч холбогдох байгууллагуудтай нь хамтран бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлээд байна” гэв. Энэ өдөр нэгэн өвөрмөц төгөл байгуулсан нь дотоодын төдийгүй, гадаадын улс орнуудын анхаарлыг эрхгүй татаж байв.

Тодруулбал, Д.Оюунхорол сайдын санаачилгаар энэ өдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх орны элчин сайдууд мод тарих өдөрт нэгдэж, өөрсдийн нэрэмжит төгөлтэй болсон юм. БНХАУ-ын элчин сайд манай улсын Ерөнхий сайд тус улсад айлчилж буйтай холбоотой эзгүй байсан бол БНСУ-ын элчин сайд Ерөнхийлөгчдөө баяр хүргэхээр нутаг буцсан байсан аж. Дээрх хоёр улсаас бусад бүх орны элчин сайдууд ирж мод тарьж, мөн өөрийн орны мод тарих туршлагаас хуваалцсан нь эрхгүй анхаарал татаж байсан юм.

Мод тарих асуудал зөвхөн дотоодын хэдэн байгууллагын эсвэл иргэдийн сайн дурын үндсэн дээр хийх ажил биш. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины санаа зовоох асуудал болсон энэ үед цөлжилттэй хамтдаа тэмцэх нь зүйтэй хэмээн элчин сайдуудыг уриалж чадсан Д.Оюунхорол сайдад талархах хүмүүс ч бишгүй олон байв.

Тэдний хувьд бөөнөөрөө ийнхүү нэгдэж, нэг асуудалд анхаарлаа хандуулах нь ховорхон үзэгдэл бөгөөд энэхүү үйл ажиллагааг “Мини” АСЕМ-ын хэмжээнд үнэлж байгаагаа ч элчин сайдууд онцолж, эх орныхоо өмнө тулгамдаад байгаа ногоон хөгжлийн асуудалд олон улсын анхаарлыг нэгэн зэрэг татаж, цаашид хамтарч ажиллах гарцыг олж харсан БОАЖЯ-ны хамт олонд баяр хүргэж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.

Мөн элчин сайдууд өөр өөрийн орны туршлагаас хуваалцав. Тухайлбал, Чехийн Элчин сайд хатагтай Ивана Гроллова л гэхэд монголчуудын арга барилаас огт өөрөөр мод тарьж байсан бөгөөд тэрбээр ухсан нүхэндээ ус дүүргэсний дараа модоо суулгаж байсан нь бусад Элчин сайдад чех технологиор мод тарих хүслийг төрүүлж, “Элчин төгөл”-ийн хэд хэдэн модыг энэ аргаар суулгаж амжлаа.

Элчин сайдууд мод тарьсныхаа дараа АСЕМ виллад чуулж, уур амьсгалын өөрчлөлтөөс хэрхэн ангижрах өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж, цаашид энэ талаар Монгол Улстай хэрхэн хамтарч ажиллах талаараа Д.Оюунхорол сайдтай санал солилцсон юм. Өөр өөрийн орны элчин сайдуудын энэхүү сайн үйлсийг тухайн орны хэвлэл мэдээлэл сайшаах нь тодорхой. Тэр ч утгаараа Монгол Улсын цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахины анхааралд өртөх юм. Энэ бүхнийг овжин мэдэрч, уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн улс орнуудын анхаарлыг тун мэргэн аргаар татаж чадсан салбарын сайддаа талархах нь зүйн хэрэг биз.

Мод тариад орхих биш ургуулсан модоо эргэж хянадаг, цаашлаад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зөвхөн мод тарих төдийхнөөр хэмждэггүй гэдгийг элчин сайдууд онцолж, энэ талаар ч хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн нь нэгэн том дэвшил болж чадсан юм. Уул уурхайн нөхөн сэргээлт, цөлжилтийн эсрэг тууштай тэмцэж буй төрийн бус байгууллагуудыг дэмжих, салбар яамны ажилд дэмжлэг болохоо амласан элчингүүдийн амлалт ажил хэрэг болж гэмээнэ олон жилийн мөрөөдөл маань сая л биелэлээ олох учиртай. Монголын асуудалд зөвхөн монголчуудад хамаагүй гэдгийг харуулж, цөлжилтийн эсрэг дипломат харилцаатай улс орнуудаа нэгтгэж чадсан Д.Оюунхорол сайд ч овоо сүйхээтэй юм аа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.