АН-ын бүлгийн хуралдаанд ТАЗ-ийн дарга Б.Цогоо оролцож байна

АН-ын бүлгийн хуралдаанд ТАЗ-ийн дарга Б.Цогоо оролцож байна

Өнөөдөр Төрийн ордонд хоёр намын бүлэг хуралдана. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордоны Их эзэн Чингис хааны танхимд хуралдаж энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэх аж. Тодруулбал, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Тус намын бүлгийн хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо оролцож мэдээлэл өгч байгаа бөгөөд намын бүлгээс ирэх лхагва гарагт энэ хуулийн төсөл болон төрийн албаны чадвар, чадавхийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Харин Ардын намын бүлэг Их Жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж мөн л энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэхээр болжээ. Мөн өнөөдөр бүлгийн хуралдаанаас гадна чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдах учиртай.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд тус тус хуралдана. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг тус тус холбогдох ажлын хэсгүүд хэлэлцэхээр болжээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд хуралдах тов гарчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.