Өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зохион байгуулж буй "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ болох юм байна.
Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэх бөгөөд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл өгөх аж.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хэлэлцүүлэг 12.30 цаг өнгөртөл үргэлжлэх бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ гэсэн хөтөлбөр гарчээ. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг удаа дараа судалгаа явуулж, улмаар өнгөрөгч дөрөвдүгээр сард түүврийн аргаар сонгосон иргэдээс санал авсан. Тэгвэл энэхүү уулзалтаас УИХ-д зөвлөмж хүргүүлж, өчигдөр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол өргөн мэдүүлсэн юм.
Уг хуулийн төсөлд ард нийтийн санал асуулга явуулах хугацааг 65 хоногийн өмнөөс зарлана хэмээснийг 45 болгон өөрчилж, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нь хөрөнгө санхүүгийн хэмнэлт гаргана гэж үзсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.