Д.Эрдэнэбат: АН өр тавихаар эдийн засаг сүйрч, МАН өр тавихаар сэргэнэ гэж юу байх вэ

Д.Эрдэнэбат: АН өр тавихаар эдийн засаг сүйрч, МАН өр тавихаар сэргэнэ гэж юу байх вэ

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийжээ. Тэгвэл бүлгийн дарга Д.Эрдэнэбат  болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар намын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Өнгөрөгч долоо хоногт тус намын бүлэг Төрийн албаны тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүд болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хоёр хуулийн төслийг нэг бүрчлэн хэлэлцсэн билээ.

Тэгвэл Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэтэрхий нүсэр, мөн ямар ч тооцоо судалгаагүй учраас эргэж ярих ёстой гэж АН-ын бүлэг үзсэн байна. Мөн журам, тушаалаар шийдэж болох жижиг сажиг асуудлыг хүртэл Төрийн албаны тухай хуульд нааж орхисон нь хэтэрхий нүсэр хууль болох шалтгаан болжээ. Д.Эрдэнэбат гишүүн “Төрийн албанд боловсрол мэдлэгтэй залуусыг оруулах боломжийг нээж өгөх ёстой.

Улс төрийн албан тушаалтан гэж хэн бэ гэдгийг шинээр эргэж харах ёстой. Газрын дарга нараас дээш албан тушаалтан улс төрийн албан тушаалтан байх ёстой. Харин тэдгээрээс бусад төрийн албан хаагчдын ажлын байрыг хуулиар хамгаалах ёстой юм. Нэгхэн жилийн хугацаанд 23 мянган төрийн албан хаагч ажилгүй болсон тоон мэдээ байна. Тодорхой хэмжээний хүмүүс тэтгэвэрт гарсан, эсвэл өөр ажилд шилжсэн байх.

Гэхдээ 7700 хүн өөрийн хүсэлтээр, 5500 хүнийг хууль бусаар халсан гэсэн тоо баримт байна. Тиймээс эрх баригчид Төрийн албаны тухай хуулийн төслийг яарч сандран батлуулах гэж байгаагийн цаад зорилго нь улс төрийн зорилгоор халсан албан хаагчдын шүүхээр явах боломжийг хаах гэсэн явуулга. Захиргааны шинжтэй асуудлыг хүртэл хуульд наачихсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль маш хялбар.

Хариуцлагын асуудлыг л хөндсөн. Нөгөө талаас төрийн албан хаагчийн бүртгэл цахим байх ёстой гэж оруулсан. Гэтэл Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн хуульд төрийн албан хаагчийн бүртгэлийг ЗГХЭГ хийнэ гэж оруулсан байна лээ. Энэ албан тушаалд улс төрийн албан тушаалтан суудаг. Тиймээс төрийн албыг улс төрийн хараат болгох гэсэн санаархал явж байна гэж харж байгаа” гэв. АН-ын бүлгийн дараагийн хэлэлцсэн асуудал нь УИХ-ын 30 дугаар тогтоол аж.

Тодруулбал, УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтад тусгагдсан гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд гадны уул уурхайн компаниудын мөнгө Монголбанкаар дамжих тухай заалтыг 30 дугаар тогтоолоор хүчингүй болгосон юм. Олон улсын валютын сангийн дарамтаас үүдэж энэхүү тогтоолыг өөрчилснөөр Монгол Улсын газар нутагт ашигт малтмалын орд газар эзэмшдэг, олборлолт явуулдаг компаниудын хөрөнгө шууд гадагшаа гардаг, дотоодын банкаар дамжихгүй болсон юм.

Тэгвэл энэ асуудлаар иргэн О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандсан аж. Иргэний хүсэлтийг АН-ынхан дэмжиж буйгаа илэрхийллээ. Бүлгийн хурлын төгсгөлд АН-ын дарга Д.Эрдэнэбат эрх баригчдын сүүлийн үед явуулж буй сөрөг мэдээлэлд тайлбар хийлээ. Тэрбээр, “Ерөнхийлөгчийн сонгууль угтсан эрх баригчдын пиар хэрээс хэтэрлээ. Манай эрх баригчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашнаас эхлэн ард түмний хувь заяа Ардын намын гарт очсон. АН-ыг эрх барьж байх үеийн асуудлыг эргэн сануулж хангалттай улс төр хийлээ. Одоо болно оо. Нэг жил өнгөрлөө. Гэтэл өмнөхтэйгээ зууралдсаар л байна. Амлалтаа биелүүлэхгүй нэг жил боллоо.

Амлалтаасаа 100 хувь ухарлаа. Сүүлийн үед АН руу дайрах пиар хэтэрч байна. Бас эдийн засаг, хүн амын орлого өслөө гэж яваад байх юм. Гэтэл тийм зүйл байхгүй шүү дээ. Статистик тоо худлаа байгаа. Цалин нэмээгүй, татвар нэмэгдчихсэн байхад эдийн засаг яаж сэргэх юм бэ. МАН өр тавихаар буюу 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар эдийн засаг сэргэдэг, АН 2.5 тэрбум ам.долларын зээл авахаар эдийн засаг сүйрдэг тийм мараалгүй улстөржилт байж болохгүй. Үүнийгээ зогсоох ёстой” гэв. Бүлгийн хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж УИХ-аар баталсан Эрүүгийн хуультай холбоотой байр сууриа илэрхийлэв.

Б.Тогтох 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.