Т.Аюурсайхан: Ерөнхий сайд албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд бүхий л аргыг хэрэглэж байна

Т.Аюурсайхан:  Ерөнхий сайд албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд бүхий л аргыг хэрэглэж байна

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авахыг хүссэнээр чуулган завсарласан юм. Тэгвэл энэхүү үйл явдлын дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулган шууд Үндсэн хууль зөрчиж байгааг юуны өмнө хэлье. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 38.2-т  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал, дүгнэлт гаргаснаас хойш  7 хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж заасан байгаа.   Тэгвэл долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна.

Түүнээс гадна ээлжит бус чуулганы зөвхөн тодорхой асуудлаар зарладаг. Түүнээс  өөр асуудлыг хэлэлцэх нь хуулиараа хориотой. Тэгвэл УИХ-ын дарга 30 гишүүний тавьсан саналын дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус чуулганыг зарласан. Ерөнхий сайд, Шадар сайд нар бие биенээ тагнасан, чагнасан эсэх асуудал 30 гишүүний гаргасан саналд ямар ч хамаагүй.

Ерөөс Засгийн газрын сайдууд хууль зөрчиж байгаа. Өмнө нь өөр компаниудад олгосон байсан концессын гэрээг нэр бүхий сайдууд булааж авсан. Булааж аваад зогсохгүй төсөвт өртгийг нь өсгөсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трейд” компанид 77 тэрбум 695 сая төгрөгийн үнийн дүн бүхий концессыг олгосон. Мөн нэр бүхий сайдуудад хамааралтай 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал ч бий.

Мөн Засгийн газар хүүхдийн мөнгө олгох дээр төсвийн хуулийг ноцтойгоор зөрчсөн. Цаашилаад ашиг сонирхлын хуулийг ч ноцтой зөрчсөн асуудал бий. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Монгол Улсын зээлжих зэрэглэл хоёр удаа дараалж буурсан. Энэ бол Засгийн газар ямар удаан, чадваргүй ажиллаж байгаатай холбоотой. Дээрээс нь Засгийн газар МАН-ын болон ард түмний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй. Харин нам дамжсан бүлэглэлийн эрхш ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулсан. Хууль хүчний байгууллагын оролцоотой шударга бус үйл ажиллагаа явуулж байгааг нэр бүхий 31 гишүүн эрс эсэргүүцэж байгаа. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Энэ асуудлаар завсарлага авах эсэхийг намын бүлэг дээр хэлэлцсэн. Улмаар олонхийн саналаар завсарлага авахгүй гэж шийдсэн. Зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар чуулган хуралдаж, өнөөдөртөө багтааж шийдвэрлэх ёстой. УИХ-ын дарга чуулганыг хуулийн дагуу удирдан зохион байгуулах үүрэгтэй. Энэ хүн чуулганаа өчигдөр, уржигдар хуралдуулж, хуулийн хүрээнд асуудлыг өнөөдөртөө багтаад шийдэж болох байсан. Гэвч хууль зөрчлөө. Мөн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргалаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд байж болох бүх аргыг хэрэглэж байна. 30 гишүүнийг гүтгэж, доромжилж байгаа. Хууль, хүчний байгууллагаар айлган далайлган сүрдүүлж байна. Зарим гишүүдийг шууд худалдан авах болон авахыг завдаж байгаа” хэмээн ярилаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.