2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Монгол ардын нам Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн. Өнгөрсөн дөрвөн жил “давхар дээл”-ийн хамгийн ихээр эсэргүүцэж, нөмгөн дээлтэй жагсаал хүртэл хийж байсан удаатай. Тэгвэл шинэ Засгийн газрын буюу МАН-ын 16 сайдын найм нь давхар дээлтэй, найм нь дан дээлтэй байхаар байна. Өнөөдөр УИХ-ын чуулганаар байнгын хорооны дарга нар болоод Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажиллах сайд нарыг батлах учиртай. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 20.00 цагт зарласан боловч цуцалж өнөөдөр өглөө хуралдуулахаар болсон.
Гэвч одоог болтол хэдэн цагаас хуралдаж эхлэх нь тодорхойгүй байна. Ийнхүү чуулган хуралдах цаг товлогдохгүй байгаа шалтгаан нь МАН-ынхан Засгийн газрын танхимд ажиллах сайд нарынхаа зарим нэрийг өөрчлөх болсон гэх бор шувуу төрийн ордонд нисч эхэллээ. Хэрвээ шинэ сайд нары нэрийг өөрчлөхөөр болсон бол МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, мөн УИХ дахь МАН-ын бүлэг нь хуралдаж, Засгийн газрын танхимын асуудлыг хэлэлцэх нөхцөл байдал үүсэх болно.
Өчигдрийн хувьд нийгмийн сүлжээнд хамгийн их дуулиан тарьсан мэдээ нь МАН-ын тодруулсан сайдуудын тухай байсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн засаг байгуулахаа амалж суусан Ардын намынхан жинхэнэ утгаар нь “мэргэжлийн” Засгийн газар байгуулах гэж байна хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байлаа.
Шинэ Засгийн газрын талаар хэн юу хэлсэн талаар товч хүргэж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан
МАН мэргэжлийн засгийн газар байгуулна гэж сонгуулиар амлалт өгч гарч ирсэн. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлөөс сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсийг харахад яг эсрэгээрээ байна. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн яамдыг удирдахаар ирж байна. Тухайлбал, Хууль зүйн сайдаар хуульч биш хүнийг, Сангийн сайдаар эдийн засагч биш хүнийг оруулж ирж байх жишээтэй. МАН-ын ихэнх сайдууд МАН-д хандив өгсөн хүмүүс, санхүүжүүлэгчид байна. Төрийн албыг худалдах, арилжаалах ажлаа МАН засгийн газраасаа эхэллээ. Томилогдохоор нэр нь гарч байгаа сайдуудын дийлэнх бизнесменүүд байна. Бизнес, төр хоёрыг хутгах эхлэл тавигдаж байна.Бүх яамдыг дэд сайдтай болгож, Үндсэн чигэлийн яамны тоог хоёроор нэмэгдүүлэхээр болж байна.
Сонгуулиар нэг юм ярьдаг. Үнэхээр харамсалтай байна. Дараа нь тэс өөр зүйл ярьдаг. МАН яг хуучин тогтолцоо руугаа явж байгаа. Олон яамд, агентлагуудыг нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. Зуун мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг битгий самар. Амлалтаа биелүүл гэж бид МАН-аас шаардаж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ:
Бид Засгийн газрыг бүрдүүлэхэд саад тээг тавиагүй. Гэхдээ эрх баригчид хууль зөрчиж байна. Засгийн газрын бүтцэд зарим яам, агентлагийг татан буулгаж, үндсэн чиг үүргийн яамыг нэмж байна. Энэ нь “Давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж байна.
27 агентлагийн 17-гийнх нь нэрийг өөрчилж байгаа нь төрийн албанд халаа сэлгээ хийх, эцэстээ мэргэшсэн албан хаагчдыг халж, сэлгэх, төрийн албаны ажлыг унагаах зүйл рүү явж байна.Дэд сайд нарын орон тоог бий болгож байгаа нь буруу. МАН мөрийн хөтөлбөртөө Залуучуудын бүтцийг бий болгоно гэсэн атлаа хүүхдийн байгууллагын үйл ажиллагаатай цугт нь авч үзэн оруулж ирсэн нь амлалтаасаа ухарсан хэрэг. Иймээс Ардчилсан намын бүлэг Засгийн газрын бүтцийн хуулийг дэмжих боломжгүй байгаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
“МАН анхны ялагдлыг хүлээлээ". Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонголдоо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
УИХ-ын гишүүдийг “Давхар дээл”-тэй байх асуудлын тогтолцоо нь өөрөө буруу байна. Үүнээс болж нийгмийн завхрал бий болоод байна л даа. Гэтэл түмэн олон тэс өөр зүйлийг хүсч байна. Би ямар нэгэн байдлаар УИХ-ын танхимд хэрүүл хийж, хүний ул шагайх гэж гишүүн болоогүй. Өөрөөр хэлбэл, янз бүрийн доромж үг хэлэх, эсвэл нэг их айхтар ухаантай хүн болох гэж чуулганы танхимд оролцоогүй. Зөвхөн бусдыгаа ухааруулах, улмаар ухааралцах, эвцэлдэх гэх зарчмаар л ажиллана. Байр сууриа ч илэрхийлж явна. Хэрэв санаж байгаа бол 2008 оны үеэс л дан, давхар дээлний асуудлыг ярьж эхэлсэн.
Нөгөөтэйгүүр Засгийн эрхийг барьж байгаа МАН-ын гишүүд төв талбайд цуглаж, давхар дээлийг эсэргүүцэж байсан.Өөрөөр хэлбэл, одоо эрх барьж байгаа намын залуус Монгол ёс заншлыг уландаа гишгэсэн үйлдэл гаргаж байсан. Би ямар нэгэн байдлаар УИХ-ын танхимд хэрүүл хийж, хүний ул шагайх гэж гишүүн болоогүй. Гэтэл хүний амьдралын гол зарчим нь үзэл бодолдоо тууштай зогсохыг л хэлнэ. Хэр туйлбартай, тууштай байна түүнээс бүх зүйл харагддаг. Гэтэл тэр тэмцлийг хийж байсан залуус өнөөдөр түүнийхээ эсрэг зогсож байна. Энэ бол их туйлбаргүй, холбиромтгой сэтгэхүйтэй залуус байна даа гэх дүгнэлтэд хүрч байна.
Тиймээс би давхар дээлний эсрэг байр суурьтай байна даа. Ерөөсөө л буруу тогтолцоогоор яваад байна шүү дээ. Одоо бол дан ажилтай байна уу, давхар байна уу сэтгэл байхад л болно. Гэтэл огт сэтгэлгүй зүйл яваад байна шүү дээ. Үүнд л хүмүүс болон би сэтгэл дундуур байдаг. Түүнээс биш данхайсан эсэхээс нь үл хамаарч сэтгэлтэй цөөхөн хүн байхад л ямар ч ажил урагшилна гэж бодож байна.