Засгийн газраас алба, агентлагийн удирдлагуудыг томиллоо

Засгийн газраас алба, агентлагийн удирдлагуудыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар алба, агент­лагийн томилгоог хийсэн байна. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталжээ. Гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтнууд томилогдсон байна. Харин хараат бус гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах ажээ. 
 
Хуульд зааснаар ТУЗ-ийн үндсэн гишүүдийн тоо ес хүртэлх байх ёстой бол хараат бус гишүүн нь гурваас доошгүй байна гэсэн заалттай байдаг юм. Харин Тагнуулын ерөнхий газарт /ТЕГ/ бүтцийн өөрчлөлт хийж ТЕГ-ын Тэргүүн дэд даргаар тус газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан н.Донжчимбууг, Дэд даргаар н.Энхсүх нарыг томилжээ. н.Энхсүх нь ТЕГ-т 10 гаруй жил ажиллаж байгаа бол н.Донжчимбуу нь насаараа төрд ажилсан туршлагатай хүн юм байна.
 
ШӨХТГ-ын даргаар Б.Лхагвааг томилжээ
 
Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилсон байна. Тэрбээр сүүлд Гааль татварын ерөнхий газрын Гаалийн тариф, татварын газрын даргаар ажиллаж байсан юм. Өмнө нь Улаанбаатар хотын гаалийн газрын дарга, ГЕГ-ын Төв лабораторийн дарга, Замын-Үүдийн гаалийн газрын даргын албыг хашиж байсан хүн юм. Харин шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улмаар Б.Лхагвааг тус газрын даргаар томилжээ.
 
Эргэн сануулахад, 2012 онд О.Магнай ШӨХТГ-ын даргын ажлыг авмагцаа өмнөх дарга Б.Лхагвааг зөвлөлийн таван гишүүнийх нь хамт АТГ шалгуулах хүсэлт гаргаж байсан юм. Учир нь ШӨХТГ нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоож, тэднийг нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Гэтэл ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон байдаг юм. Тиймээс тухайн үед шинэ даргаар томилогдсон О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ынхан өмнөх зөвлөлийнхөө зургаан гишүүнийг АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргаж байсан удаатай юм.
 
Энэхүү асуудалтай холбоотойгоор өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөхөөр болоод байгаа ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Тавантолгойн шалгалттай холбоотой намайг яаран чөлөөллөө” хэмээн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Шадар сайдын зөвлөхүүдийн хэлснээр би аравдугаар сард Хэрэглэгчийн хуулийг батлагдах хүртэл ажиллах ёстой байсан. Гэтэл Тавантолгой компанид шалгалт хийж эхэлсэнтэй холбогдуулж, намайг яаран чөлөөллөө гэж хувьдаа хардаж байна” хэмээн тайлбарлалаа. Тавантолгойн компанид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалтын явцад худалдан авахтай холбоотой зөрчил гарах магадлалтай байгаа ажээ. 
 
Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв
 
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар болсон байна.  Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм.
 
Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаа. Гэтэл цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа билээ. 
 
III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлнэ
 
Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаа. Энэхүү ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэхээр болжээ. Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. 
 
Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа
 
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан.
 
Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих гурван төсөл байгаа аж. Тодруулбал, барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс улсын комисст хүлээлгэн өгсөн хоёр, гэрээ хүчин төгөлдөр болж барилгын ажил явж буй долоо, гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй дөрөв, концессын гэрээ байгуулаагүй хоёр, тогтоол албажаагүй хоёр, барих-ашиглах-шилжүүлэх эрхтэй гурав, ажил эхлээгүй долоон  төсөл байгаа юм байна.
 
Тиймээс автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх, төслүүд улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахаар болжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан байгуулж, үр дүнг нь энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулахаар болжээ. 
 
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
 
-Гурван дэд сайдыг яагаад томилоогүй юм бэ?
 
-Өчигдрийн хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар мэдэхгүй байна.
 
-Ипотекийн зээл цаашид үргэлжлэх үү?
 
-Ипотекийн зээлийг иргэдэд илүү хүртээмжтэй болгохыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.