УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа 16 цагт дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжилсэн. Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 55 нь дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 80.9 хувь нь дэмжив.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 82.4 хувь дэмжсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг гишүүд 82.4 хувийн саналаар дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжих саналын томьёоллыг гишүүдийн 80.9 хувь нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжих саналын томьёоллыг гишүүдийн 82.4 хувь нь тус тус дэмжсэн юм.
Иймд “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 82.4 хувь нь дэмжсэн тул дээрх Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Г.Занданшатар дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.