Нэр дэвшигчид юу хэлэв

Нэр дэвшигчид юу хэлэв
Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Хуульд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж заасан байгаа. Мөн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасны дагуу АТГ-т мэдүүлж тус газар нь өөрийн цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулах юм. Төрийн аудитын дээд байгууллага Үндэсний аудитын газар нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө эхлэн өөрийн байгууллагын цахим хуудсанд мөн нээлттэй байршуулна. 
 
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох ёстой юм. Сонгуулийн сурталчилгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ  хугацаанд сонгуульд оролцож буй улстөрийн намууд болон нэр дэвшигчид УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн нэгэн адил зөвшөөрснөөс бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглож буй. Үүнд зөвшөөрсөн найман арга хэлбэрээс танилцуулвал: 
 
-Хэвлэмэл материал хэвлүүлж сонгогчдод тараана,
-Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулна,
-Сонгуулийн сурталчилгаанд цахим орчинг ашиглаж болно,
-Гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байршуулах, 
-Ухуулах байр ажиллуулахыг зөвшөөрсөн.
 
Эдгээрээс бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглож байгаа юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д  “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно”, мөн хуулийн  28 дугаар зүйлийн 28.7-д  “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигчдэд өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үнэмлэхийг нь гардууллаа.
 
Өмнө нь Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүх, Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Дангаасүрэнгийн Энхбат нарын нэрийг дэвшүүлж, Сонгуулийн ерөнхий хороо  тэднийг  нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол тус тус гаргасан билээ.
 
Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах арга хэмжээний үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нам, эвслийн төлөөлөл, нэр дэвшигчдэд хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжийг дээдлэн, сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу шударга явуулах, ил тод, тэгш байдлыг хангах, иргэд сонгогчдын эрх ашигт болон бие биедээ хүндэтгэлтэй хандахын сацуу хууль бус аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас ангид ажиллахын чухлыг дурдаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд амжилт хүслээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор өнөөдрөөс ийнхүү эхэлж байна. Иргэд сонгогчдод мэдээлэл түгээх, сонгуульд идэвхтэй оролцуулах талаар хэвлэл, мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж олон нийтэд үнэн зөв, бодит, тэнцвэртэй мэдээллийг тэгш хүртээмжтэй түгээхийн чухлыг дурдаад төрийн сонгууль шударга, ил тод байх эсэх нь хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс ихээхэн хамааралтай гэдгийг онцлон хэлэв.

У.Хүрэлсүх: Баялагтаа эзэн Монгол

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, санал хураах өдрөөс 16 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэх олгож, албан ёсоор сурталчилгааны ажил эхлэхээр заасан бөгөөд ирэх сарын 8-ны 00.00 цагт дуусгавар болох юм. Сонгуулийн сурталчилгааны нээлтэд Нэр дэвшигч У.Хүрэлсүх болон түүний гэр бүл, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүд, намын тэргүүлэгч гишүүд, дэмжигчид оролцов. 
 
Нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “100 жилийн түүхтэй, ардаараа овоглосон МАН У.Хүрэлсүхийг санал нэгтэйгээр нэр дэвшүүлсэн. Ард түмний хүсэл, шалгуурт нийцсэн, төрт ёсоо дээдэлдэг, түмэн олноо боддог, төрийн ажилд шалгагдаж, бэлтгэгдсэн төрийн зүтгэлтэн бол У.Хүрэлсүх мөн. Шинэ зууны сэргэн мандлын босгон дээр ирсэн Монгол Улсын төрийг У.Хүрэлсүх тэргүүлэх нь түүхэн цаг үе, ард олны захиалга гэж үзэж байна” хэмээгээд түүний Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа баримталсан хоёр гол зарчмыг онцлон тэмдэглэв. 
 
Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Монголчуудын 30 жилийн сургамжид дүгнэлт хийн, өөдлөх ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах, сайн сайхан цагийг авчрахын төлөөх шинэчлэл болсон бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх эхнээс нь дэмжсэн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Ингэхдээ, монгол хүн баялагтаа эзэн байх, үр өгөөж нь монгол хүнд зориулагдах ёстой гэсэн чиг шугамыг баримталж Үндсэн хуулиар тунхагласан хэмээн тодотгов. “Тэрээр Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа энэ зарчмыг хэрэгжүүлж монгол газар шороо, монгол хүний язгуур эрх, ашгийн төлөө Салхит, Асгат, Ноён уул, Хармагтай, Гутайн давааны орд газрыг ард түмний мэдэлд буцаан авчирсан. Байгалийн баялгийн үр өгөөжийг түрүүчээсээ бодитой хүртэж, ахмадын зээлийг тэглэх, нэг сая төгрөг олгох ажлыг өрнүүлээд байна” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. 
 
Хоёрдугаарт, Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллахдаа, олон улсад танигдахын зэрэгцээ хөрш орнуудатйгаа ойлголцож, итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай харилцааг хөгжүүлж чадсан гэдгийг цохон тэмдэглэв. Тухайлбал, хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийг ОХУ-ын талтай хэлэлцэн тохирсон. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг бодит ажил болгосон. АНУ-тай мянганы сорилтын сангийн 300 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн, БНЭУ-тай газрын тосны үйлдвэр барих, Япон улстай хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, БНСУ-тай Улаанбаатарын утааг бууруулах, Солонго 1, 2 хороолыг барих зэрэг хөгжлийн хөшүүрэг болсон олон төслийг хамтын ажиллагааны хүрээнд бэхжүүлсэн хэмээн тодотголоо.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээх зорилтыг дэмжиж ажилладаг Ерөнхийлөгчтэй байхыг хүсэж байгаагаа илэрхийлж, “Бүтээн байгуулалтын талбарт, олон нийтийн дунд, ажлын хувцастайгаа цаг мөч бүхэнтэй уралдан ажиллахыг эрмэлзэж байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хамт ажиллаж байсны хувьд, эхлүүлсэн олон бүтээн байгуулалтын ажлаа хамтдаа хэрэгжүүлэн дуусгахыг хүсэж байна. ҮАБЗ хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, нэгдэн хамтарч ажиллах боломжийг Монголын ард түмэн олгоно гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. 

С.Эрдэнэ: Дарангуйлалгүй Монгол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ СЕХ-ноос өнөөдөр үнэмлэхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхэлж байна. СЕХ-ны энэ сарын 7-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарыг нэр дэвшигчээр бүртгээд байгааг тус хорооны дарга П.Дэлгэрнаран үнэмлэх гардуулах үеэр онцлов. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу С.Эрдэнэсувдад АН-ын сонгуулийн Ерөнхий менежрийн үнэмлэх гардуулав.
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 7-ны 23.59 цаг хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчид сурталчилгаандаа цахим хуудас ашиглах тохиолдолд түүнийгээ энэ сарын 27-ноос өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой.
 
Түүнчлэн Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан. Уг журамд сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдваргүйтгэл хийх, агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах талаар тусгасан юм. Мөн хүн хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна. Ташрамд дурдахад, УИХ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг ирэх сарын 9-нд товлосон бөгөөд санал хураах, тоолоход “New Image Cast” төхөөрөмжийг ашиглана.

Д.Энхбат: Монгол ялна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд “Зөв хүн элек­торат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат СЕХ-ноос өнөөдөр үнэмл­эхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхэлж байна.
 
СЕХ-ны энэ сарын 7-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарыг нэр дэвшигчээр бүртгээд байгааг тус хорооны дарга П.Дэлгэрнаран үнэмлэх гардуулах үеэр онцлов. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн Т.Доржхандыг  “Зөв хүн электорат” эвслийн сонгуулийн Ерөнхий менежрийн үнэмлэх гардуулав. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 7-ны 23.59 цаг хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчид сурталчилгаандаа цахим хуудас ашиглах тохиолдолд түүнийгээ энэ сарын 27-ноос өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой. Түүнчлэн Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан. Уг журамд сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдваргүйтгэл хийх, агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах талаар тусгасан юм. Мөн хүн хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна. УИХ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг ирэх сарын 9-нд товлосон бөгөөд санал хураах, тоолоход “New Image Cast” төхөөрөмжийг ашиглана.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.