Ч.Хүрэлбаатар: Хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийг он дуустал өгнө

Ч.Хүрэлбаатар: Хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийг он дуустал өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2020 оны улсын төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цар тахалтай холбоотойгоор 2020 онд дэлхийн эдийн засаг 5-6 хувь унахаар ажиглагдаж байгаа. Гэсэн хэдий ч 2021 онд дэлхийн эдийн засаг 5-7 хувь өснө гэсэн тооцоо гаргаж байгаа. Үүнтэй уялдуулаад Монголын улсын эдийн засгийн төлөвийг гаргасан. Үүнтэй уялдуулан 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.

Цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн үндэслэлийг харгалзан тооцоолол хийлээ. Төсөлд цар тахалтай холбоотойгоор ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох дэмжлэг, арга хэмжээнүүдийг ихэнхийг нь үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

Хоёрдугаарт, экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авна. Гуравдугаарт, цахим шилжилт хийх чиглэлээр тооцоолол орууллаа.

Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж амжаагүй, тендер зарлаагүй ажлуудыг хасах, санхүүжих дүнг бууруулах зарчим баримталсан.

Ингээд ямар арга хэмжээ авах болсон талаар товч танилцуулъя.

1.Хүүхэд бүрд аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж байсан. Үүнийг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо.

2. Нийгмийн халамжийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг он дуустал үргэлжлүүлнэ.

3. Хүнсний талоны мөнгийг нэмэгдүүлсэн шийдвэрийг он дуустал үргэлжлүүлнэ.

4. Байнгын асаргаа шаарддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох 100 мянган төгрөгийн тэтгэмжийг он дуустал олгоно.

5. Нийгмийн даатгалын шимтгэлийг аравдугаар сарын 1 хүртэл 0 болгосон. НДШ-ийг он дуустал ажилчдаас таван хувь, байгууллагаас таван хувь буюу нийт 10 хувийн шимтгэл авахаар шийдвэрлэлээ.

6.Жилд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 0 болгосон шийдвэрийг хэвээр нь үлдээлээ.

7. Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийн түрээсийн орлогод ногдох татварыг 0 болгосон шийдвэрийг үргэлжлүүлнэ.

8. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой гаалийн албан татварын 0 болгох шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгоход 322 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай.

НДШ-ийн хөнгөлөхөд 144 тэрбум төгрөг шаардлагатай.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 0 болгосон шийдвэр нь 105 мянган аж ахуйн нэгжид хамааралтай. Мөн түрээсийн татвар чөлөөлөх шийдвэрт 100 гаруй ААН 25000 худалдаа эрхлэгчид хамааралтай” гэсэн юм.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмнэ

Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэхээр болжээ. Тухайлбал,

  • Эрүүл мэндийн салбарын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас, эм нэлгийн хэрэгсэл, лабораторийн шинжилгээ зэрэгт 71 тэрбум төгрөг,
  • Улирлын томуугийн вакцины зардалд 22.3 тэрбум төгрөг,
  • Халдвар тээгчидтэй нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл зэргийг тооцсоноор эрүүл мэндийн салбарт нийт 118.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгджээ. Үүн дээр ХӨСҮТ-ийн лабораторид тоног төхөөрөмж авахад зориулж гурван тэрбум төгрөг өгөх зардал нэмэгдэх юм байна.

Төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг

2020 оны төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцжээ. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх тул санхүүжих эх үүсвэр бэлэн байгаа аж

Мөн төсвийн ерөнхийлөгч захирагч нараас 118.2 тэрбум төгрөгийн зардлыг танахаар шийдвэрлэжээ. Үүнд бичиг хэрэг, томилолт, эд хогшил, тавилга, урсгал зардал гэх мэт тэвчиж болох зардлууд оржээ.  

Гэрээ байгуулагдаагүй, тендер зарлаагүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх, зардлыг танах шийдвэрийн хүрээнд 524 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэх аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.