Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн шинэчлэлийг дэмжлээ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн шинэчлэлийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан боловсруулсан юм. 

 Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, тэдгээрт нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн юм. 

Улмаар хуулийн төсөлд зарим чиглэлийн татварыг орон нутаг тогтоох, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтыг төсөлд тусгаад буй. 

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн зургаадугаар зүйлийг “Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн төслийн долоодугаар зүйлийг "Сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд үзүүлэх хуульд заасан үйлчилгээг зохион байгуулах үндсэн нэгж мөн” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийн хийсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар болов. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.