Цар тахлын улмаас хаалгаа барьсан бизнесийн салбарын нэг бол кино театр. Хоёр жилийн турш үйл ажиллагаа нь зогсоод байсан кино театрууд наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүдээ нээсэн. Энэ удаагийн “Утасны анд” булангийн зочноор Монголын урлагийн зөвлөлийн урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Энхчимэгийг урилаа.
-“Ирж яваа цаг” кино форумыг “Монголын кино урлагийг дэмжих бодлого, эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Кино наадмын талаар яривал?
-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд тэс өөр жанрын, томоохон судлаачдын “Энэ бол кино” гэж нэрлэх бүтээлүүдийг театр, өргөн дэлгэцээр үзүүлдэг “Алтан хальс”, “Улаанбаатар” олон улсын кино наадмууд бий болсон нь нэн сайшаалтай. Улаанбаатар кино наадам 2002 онд анх зохиогдож, 2013 онд олон улсын, 2017 онд Монгол киноны уралдаан болж байсан. Энэ жил цар тахлын нөлөөгөөр хөл хорио үүсч кино зураг авалт, урлаг соёлын ихэнх үйл ажиллагаа зогссон. Ямартаа ч “Улаанбаатар” олон улсын кино наадам тасралтгүй 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил гэхэд С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийж байсан бол энэ онд гадаад хэл дээрх кино сонгосон нь онцлууштай үйл явдал байв. Учир нь Финляндын найруулагч Юухо Куосманений “Зургаадугаар бүхээг” киног үзэгчдэд толилуулснаар “Улаанбаатар” олон улсын кино наадам 2021 оны нээлтээ хийлээ. Кино нь нууцлаг дурлалын харилцаанаас зугтсан Финлянд бүсгүй Москва хотоос Мурманск хотын сүг зураг үзэхээр галт тэргэнд суухдаа зургаадугаар бүхээгт нэгэн уурхайчин залуутай учирч буй тухай өгүүлнэ. Гол нь киноны төгсгөлд монгол дуу эгшиглэж байсан нь үзэгчдийн сэтгэлд хамгийн их нийцсэн болов уу. Ийн киноны төгсгөлөөс монгол хөгжим, дуу дуурьсахыг үзэгчид баясан анирдсанаар кино наадам эхэлсэн. Улаанбаатар кино наадмын энэ оны хөтөлбөрт “Нээлтийн киноны уралдаан”, “Монгол киноны уралдаант болон онцлох орон ОХУ-ын үзвэр, Олон улсын кино үзвэр” ба “Үзэхийн хязгаар” зэрэг хэсгүүд багтсан. Наадмын хүрээнд 2020-2021 онд бүтээгдсэн 12 улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлж бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулахаар болсон. Энэ жилийн нэг онцлог болох "Монгол ба Зүүн Өмнөд Азийн бүсийн кино форум"-ыг цахимаар явуулж, "Ирж яваа цаг" форумыг өчигдөр зохион байгуулахаар болсон нь сайшаалтай зүйл болж байна. Наадмын оргил хэсгүүдийн нэг болох шагнал гардуулах үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд болж өнгөрнө. Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам тав дах хоногтоо үргэлжиллээ. Наадмын өнгийг тодорхойлогч гол үзвэрүүд “Үзэхийн хязгаар” хэсгийг өчигдөр үзэгчдэд хүргэлээ.
-Театраас киног үзэх нь ямар ялгаатай вэ?
-Холливудын түвшний кино дэлхий нийтээр давамгайлах болсон энэ цагт театрууд ч мөн кино урлагт харгис хандах болсон. Үзэгчдийн оролцоогүйгээр зарим нь энэ киног хүмүүс үзэхгүй ээ гээд цөөхөн цаг гаргана. Сайн киног хүмүүс театраас үзэж чаддаггүй нь үүнтэй холбоотой.
-Энэ жил “Улаанбаатар” олон улсын кино наадмын постер нь нэрт найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино байна. Киног сонгох болсон шалтгаан гэвэл?
-Кино наадмын “постер”-ын онцлог, ерөнхий агуулга нь “Ардын элч” киноны гол дүр болох Ариунаа болон түүний хүүхдийг дүрсэлсэн байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ жил ОХУ болон манай орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна. Тиймдээ ч энэ удаагийн кино наадмын онцлох орноор ОХУ-ыг сонгосон. Мөн “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон П.Цэвэлсүрэн 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртсэн байдаг. Ийн бидэнд анх удаа олон улсын статусыг авчирсан бүтээл учир сонгосон.
-Энэ жилийн кино наадмын “Монгол киноны хөтөлбөр”-т багтсан бүтээлүүдийн тухай яриач?
-Кино наадам маань цар тахлын хүндхэн нөхцөл дунд зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь ариутгал хийх, суудал хоорондын зай барих зэрэг дэглэмийг баримталж хооронд нь уялдуулан сайтар зохион байгуулж байна. Хөтөлбөрт манай нэрт найруулагч Д.Жигжид гуайн “Ардын элч” болон шинэ уран бүтээлчдийн “Гэгээн учрал”, “Цасан хүн” гээд олон бүтээлүүд багтсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.22 № 208 (6685)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.