Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Анужин, Б.Баттөмөр, Б.Бейсен, Б.Жаргалмаа, С.Одонтуяа нар хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. 2016 онд Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдаж, энэ хүрээнд хэд хэдэн эдийн засгийн арга хэмжээ авахыг зөвшөөрсний нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг өөрчилж, 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор хуульчилсан. Үүний үр дүнд 2018 онд дараалсан 6 жил, 2019 оноос дараалсан 7 жилээс тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох болсон. Засгийн газар 2018 онд Засгийн газар ОУВС-ийн дээрх хөтөлбөрөөс гарсан бөгөөд тэр үед гаргасан шийдвэрээс хэвээр үлдсэн цөөн асуудлын нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлт гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан юм.

Өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 7 жил буюу 84 сар болгон нэмэгдүүлснээр иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа гэдэг тооцооллыг Б.Пүрэвдорж гишүүн дурдсан юм. Хуулийн төслөөр тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааныхаа дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохоор хуульчлах, ингэснээр өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгө дүн бодитоор нэмэгдэнэ гэж үзжээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хууль санаачлагчид өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн дундаж цалингаар тоггоодог байсныг 2018 онд нэмэгдүүлэн дараалсан 7 жил болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасгасан. Иймд өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тооцох хугацааг 5 жил болгон бууруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан улсын төсөв болон эдийн засагт хүндрэл учрахгүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уг хуулийн төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй уялдаж байгаа эсэх, тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа тэтгэврийн зөрүүг арилгах талаар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийн тэтгэвэр бага тогтоогддог тул цаашид анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дараалсан 7 жилийг 5 жил болгосноор сайн дурын даатгуулагч болон хувийн салбарт ажиллаж байгаа иргэд сүүлийн 5 жилийн шимтгэлийг нэмэгдүүлж төлснөөр тэтгэврээ өндөр тогтоолгох боломжтой бол төрийн албаи хаагчдад энэ боломж хязгаарлагдмал байгаа нь шударга бус нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар тус тус саналаа илэрхийлсэн гэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Ч.Ундрам гишүүн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам, С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авсан юм.

Салбарын яамны зүгээс тогтолцооны шинэчлэл хийж, хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэхээр бодлогын судалгаа, төлөвлөлт хийж байгааг ажлын хэсгээс тайлбарласан. Жилд дунджаар 30 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд үүний 70 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тогтоолгодог байна. Өндөр насны тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоох хууль үлдсэн хувьд нь тооцогддог гэдгийг хэллээ. Төсөл санаачлагчийн зүгээс, амьдралд тохиолддог олон асуудал, бэрхшээлээс үүдэн иргэн дараалсан долоон жил тогтвортой ажилласан байх нь ховор гэдгийг тайлбарлав. Түүнчлэн төгрөгийн ханш, инфляцын өөрчлөлттэй холбоотойгоор дээрх хугацааны өөрчлөлт нь тэтгэвэр авагч иргэдэд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа талаарх тооцоолол, тайлбарыг хийсэн юм. Иргэдээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх санал олноор ирүүлж байгааг Ж.Сүхбаатар гишүүн онцолж байв.

1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох бол 1960 оноос өмнө төрсөн хүмүүс цалинд үндэслэсэн одоогийн аргаар, 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс дээрх хоёр хувилбараас сонгож өндөр насны тэтгэврээ тогтоолгох сонголттой байгаа гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. Засгийн газрын зүгээс иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд тогтмол анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг тухай бүр авч ирсэн болохыг онцлоод, цаашид тухайн жилийн инфляцын өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлдэг байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байсан бөгөөд уг төслийн зохицуулалтыг Засгийн газраас өргөн мэдүүлэх багц хуулийн төсөлтэй холбогдуулах саналыг хэлж байв. Мөн төслийн зохицуулалттай холбоотой тооцоолол, төсвийн боломж, шийдлийн талаар асууж, хариулт авч байсан юм.

Дараа нь гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж байр сууриа илэрхийлж, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.