Төрийн зарим үүргийг хувийн хэвшилд хариуцуулна

Төрийн зарим үүргийг хувийн хэвшилд хариуцуулна

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого хэрэгжих хөрсийг бэлдэх,  хөгжлийг “чөдөрлөж” байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр болсон юм. Эхний хэлэлцүүлэг “Эрчим хүчний сэргэлт”-ийн хүрээнд болсон бол хоёр дахь нь “Төрийн бүтээмж сэргэлт” сэдвээр өчигдөр боллоо.

 Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сангийн яам  хамтарсан тус хэлэлцүүлэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэв. Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, төрийн оновчтой бүтцийг тогтоох, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх гэсэн олон асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа юм. Улсын хэмжээнд 467 төрийн өмчит аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тэдний ашигт ажиллагаа зургаан хувь хүрэхгүй, хөрөнгийн өгөөж нь ердөө 1.3 хувьтай гэсэн үнэлгээ гарчээ. Энэ байдлыг сайжруулахын тулд компанийн удирдлагын багийг хараат бусаар сонгож, үйл ажиллагааны тайланг ил тод байлгах механизмыг бий болгох замаар шинэчлэхээр төлөвлөжээ.

 

Төрийн өмчит компаниудын ашиг, алдагдлын тайланг ил болгоно

 

Төрийн бүтээмжийг сэргээхийн тулд манай улс цахим үндэстэн болохоор зорьж байна. Үүнтэй холбоотойгоор  Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль гэсэн цахим хөгжлийн багц хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага бүр бэлтгэл ажлаа хангах ёстой. Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрийн байгууллагууд хоорондоо албан бичиг солилцдог уламжлалыг халж байгаа. “Хур” системийг ашиглан нийтийн мэдээллийг хуваалцаж төрийн том датаг албан байгууллагууд хоорондоо солилцоно. Төрийн мэдээллийг нийтэд ил тод болгоно. Жишээ нь, төрийн өмчит компаниудын ашиг алдагдлын тайлан, ТУЗ-ийн гишүүдийн нэрс, гишүүдийн цалин, ашигт малтмалын газрын лиценз ашиглах эрхийн гэрчилгээтэй холбоотой төрд байгаа бүх мэдээллийг  ил болгох үүргийг  Нийтийн мэдээллийн тухай хуулиар төр хүлээж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia-гаар дамжуулан 650 төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Цаашид төрийн үйлчилгээг цахим руу богино хугацаанд шилжүүлэхийн хэрээр төрийн бүтээмж нэмэгдэнэ гэж салбарын яам нь үзэж байна. Тодруулбал, ЦХХХЯ төрийн үйлчилгээнүүдийг уялдуулж холбох, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, давхардсан хөрөнгө оруулалтуудыг хийлгэхгүй байх зорилгоор ажиллана. Мөн цахим шилжилттэй холбогдуулан E-Mongolia цахим хуудсаар 2.1 сая ширхэг лавлагааг иргэн, хуулийн этгээдэд өгснөөр 30 тэрбум төгрөг хэмнэжээ. 

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Авлигагүй компанийн засаглал руу шилжүүлэх цогц шинэчлэл хийх ёстой

-Бид 30 жилийн өмнө чөлөөт эдийн засаг, хүний эрх ярьж Үндсэн хуулиа баталсан. Энэ хугацаанд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнд баялаг бүтээж байгаа мөнгөн дүнгээр нь авч үзвэл төр 90 хувийг эзэлж байна. Зөвхөн "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой" гэсэн төрийн өмчит гурван компанийн эдийн засагт эзэлж буй жинг авч үзвэл 90 хувь байна. Ингэснээр хувийн хэвшлийнхэн цаашид хөгжих боломжгүй болсон.  Харин төр, хувийн хэвшил хамтарсан эдийн засагтай улс болох боломжтойг өөрсдийн биеэр харлаа. Цаашид төрийн өмчийн компаниудыг нээлттэй, хувьцаат, олон нийтийн оролцоотой, хяналттай, авлигагүй компанийн засаглал руу шилжүүлэх цогц шинэчлэл хийх ёстой.

 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо: Тусгай зөвшөөрлийг таван жилээр олгодог болно

-Хуульд заасан тусгай зөвшөөрлөөс гадна нэмэлт тусгай зөвшөөрөл шаарддаг асуудал бий. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж, батлах хүлээлттэй байна. Зөвшөөрлийн тухай хуулийн Ажлын хэсэг зөвшөөрлийн тоог бууруулах, энгийн болон тусгай зөвшөөрөл гэсэн ангилалтай өгдөг болгох. тусгай зөвшөөрлийг багадаа таван жилийн хугацаатайгаар олгодог байх гэсэн зарчмын өөрчлөлтийг хийх талаар мэдээлэл өглөө. Тусгай зөвшөөрлийг богино хугацаагаар өгдөг нь тусгай зөвшөөрлийг сунгуулахад чирэгдэл болдог. Тиймээс шинэ хуульд хугацааг сунгах үйл явцыг хялбарчлах нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг болох болов уу. Мөн төрийн хяналт шалгалт давхарддаг нь бизнесийн үйл ажиллагаанд нь нөлөөлж, зардал их гардаг. Тиймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД Б.Болор-Эрдэнэ: Төрийн албан хаагчдын өөрсдийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал

-Төрийн бүтээмж гэж төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг хамгийн оновчтой байдлаар хүргэж, үр дүнд нь иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа сайжирч, төрдөө итгэх итгэл нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар сайжрахыг хэлнэ. Төрийн бүтээмжийг сайжруулахад төсвийн шинэчлэл хийх, худалдан авах ажиллагаагаа сайжруулах, мэдээллийн технологийг ашиглах, төрийн албаны хүн нөөцийг чадавхжуулах нь чухал. Төрийн алба гэдэг ажилчид нь тогтмол хөгжиж, чадвараа дээшлүүлдэг газар байх ёстой. Гэтэл одоогоор төрийн албан хаагчдад өөрсдийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал байна.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 59 (6791)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.