1:1

1:1

Үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаад байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж байгаа. Мөн өчигдөр сөрөг хүчин бүлгийн хурлаараа Үнийн өсөлт, төсөв хэмнэх асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон Б.Пүрэвдорж нарын байр суурийг хүргэж байна.

Х.Булгантуяа: Хөрөнгө оруулалт, шаардлагагүй зарлагыг татах шийдвэр гаргасан

 

-Ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана. Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусын цар тахлын том давалгаа үүссэнтэй холбогдуулан урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж,  нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй боллоо. Төсвийн хэмнэлтээс гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хэмнэлтийн горимд шилжихгүй бол үр дүн гарахгүй. Ингэж байж бид энэ цаг үеийг даван туулна. Өнгөрсөн жил 2022 оны мөнгөний бодлогыг батлахдаа инфляцийг 6.5-7 хувьтай байна гэж баталсан. Тухайн үед УИХ төсөв баталж байхад ОХУ, Украины дайны асуудал ийм хэмжээнд хүрээгүй байсан. ОХУ-аас Монгол Улсад хүчтэй хориг тавигдаж байна. Мөн урд хил хаалттай учир бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Тиймээс төсвийн тодотголыг яаралтай хийж, төсөвт нэн шаардлагатай хэмнэлтийг хийхээс өөр аргагүйд хүрч байна. Түүнчлэн төрийн өмчит болон орон нутгийн өмчит компани хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай. Улмаар төсвийн хөрөнгө оруулалт, нэн шаардлагагүй зарлагыг татах шийдвэр гаргасан. Бид төсвийн тодотголыг Засгийн газарт өргөн барина.

 

Б.Пүрэвдорж: Зах зээлээс бэлэн мөнгө татаж, бодлогын хүүг 13 хувиар тогтоох нь зөв

 

-Үнийн өсөлт бол бодлого дутагдалтай байгаагаас үүсэж байна. Өнгөрсөн жилүүдэд Эрдэнэтээс хоёр их наяд төгрөг авч цахилгаан, дулааны хөнгөлөлтөд зарцуулсан. Энэ мэтчилэн халамж, тусламжаас үүдэж ханшийн зөрүү их болж хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Оросууд эдийн засгийн хүндрэлтэй үед бодлогын хүүг өсгөж, яаралтай арга хэмжээ авсан. Тиймээс Монгол Улс ялгаагүй бодлогын хүүг 13 хувьд хүргэж, их хэмжээний мөнгийг татах хэрэгтэй. Ингэснээр алдагдлыг нөхөх боломжтой. Засгийн газар эдийн засаг хэвийн байхад өндөр үнэтэй бонд гаргаж байсан. Одоо энэ ажлыг зэрэгцүүлж хийх нь зөв. Эдийн засагт нөлөөлж байгаа хоёр дахь гол зүйл бол тээвэр логистик. Логистикын тухайд хойно төмөр зам, урд царигтай холбоотой асуудалтай. Монгол Улсаар дамжин өнгөрдөг транзит хямд үнэтэй байгаа учраас ихэнх нь Оросын тээвэрлэлт хийж байна. Валютын гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүн гарах ёстой. Ингэж байж валютын хомсдолоос гарч чадна. Гуравдугаарт, Хөгжлийн банкны асуудал. Төрийн өмчийн компаниуд өнгөрсөн хугацаанд ямар ч алдагдалгүй явсан. Гэсэн атал зээл төлөх ажил хийгээгүй. Үүнд Засгийн газраас хяналт тавьж, хугацаа тогтоон төлөлтийг хийлгэх нь зөв. Гашуунсухайт Говийн зам дээр тээвэрлэлтийн үнэ хэвэндээ байна. Нэг удаагийн тээвэрлэлт 25 км газарт нийт 85 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа. Ийм луйврыг таслан зогсоох хэрэгтэй. Хэмнэлт бол зах зээлд өгч байгаа дохио мөн. Гэхдээ яаж орлого олох вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 73 (6805)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.